Хянадаг шалгадаг гэх түшмэдүүдээс асууя
Энэ Хятадууд бүр даварч байна. Эх орны минь өнцөг булан бүрт ноёрхлоо тогтоохоор санаархах болж. Энэ хүслээ гүйцэлдүүлэх хамгийн гол зэвсэг нь архи, мөнгө хоёр. Манайхан энэ хоёр хоосон чанарыг эх орон, эрүүл ухаан, ирээдүйгээрээ солилцох нь харамсалтай. Улаанбаатар хотод минь дуртай газраа барилга барьж, панз хийж, нэг хоногийн настай дотоожоороо зах, дэлгүүрийг дүүргэж, тэр бүү хэл дээрээс шээж байна. Түүнийг нь манайхан тэнгэрээс хур орлоо хэмээн андуурч суух гэж. Үүний нэгэн ичмээр жишээг уншигч танд хүргэж байна. Саяхан хөршийнд маань Дорнод аймгийн Дашбалбар сумаас нэгэн эмэгтэй ирлээ. Намайг сэтгүүлч гэж сонсоод Хятадуудыг ховлох санаа төрсөн гэнэ. Дорнод аймгийн Дашбалбар сум гэхээр хятадын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” хэмээх өнгөт металлын “Улаан”-ы ордыг түшиглэсэн хүдэр баяжуулах үйлдвэр үйл ажиллагаа явуулдгийг манайхан мэднэ. Тэнд бодит байдал ямар байгааг тус компанийн 300 гаруй ажилтны төлөөлөл ийн ярив. Гэхдээ тэр нэрээ хэлэхээс айсан. Учир нь түүний төрсөн нутаг Дорнод аймгийн Дашбалбар сум. Тэдний гэр бүл тэр нутгаас холдохгүй. Энэ талаар ярьсныг нь мэдвэл хятад ноён “лүндэн” буулгаж толгойг нь авна гэнэ. Эх орондоо хар хятадаас айж амьдрах хаашаа ч юм. Тэр анх тус компанид цэвэрлэгээний ажилд орсон ч тушаал дэвшин буудал хариуцах болж. Залуу хүний хувьд өөр газар, өөдтэй ажил хийх хүсэл байвч ажил олдохгүй зовлонтой. Ингээд л сарын 300-хан мянган төгрөгийн төлөө сард ганцхан удаа хоёр хүүхдийнхээ барааг харж, хятад архичны эхүүн үнэртэй бөөлжсийг цэвэрлэх болж.
Саяхан түүний гарыг нэгэн хятад ажилчин мушгиснаас болж багагүй гэмтэл авчээ. Архи ууж, агсам тавьсан хятадад шаардлага тавьсныхаа төлөө бие мах бодиороо хохирч, дээрээс нь хятад даргадаа хатуу донгодуулсан гэнэ. Түүний хэлж буйгаар монгол ажилтан ийм асуудал гаргасан бол хятад эзний зарлиг өдөртөө гарч ажлаас халагдана. Харин 260 гаруй хятадад арай өөр хууль үйлчилдэг гэж байгаа. Хятад эзэн, хятад ажилтнаа хамгаалах шийдвэрийг ийм шуурхай гаргаж байхад Монголын төр эх орноо хамгаалах шийдвэрийг гаргах гэж яст мэлхий шиг хөдөлж яддагийн учир юу юм бол доо. Түүний хамгийн их эмзэглэж явдаг зүйл ар гэрт аав, ээжийнх нь бие тааруу байх хятад ноёнд огт хүртээлгүй аж. Харин “нас барлаа” гэж дуулбал явахыг зөвшөөрдөг гэсэн арчаагүй зүйлийг тэр надад ярив. Нэг талаас түүнийг ийм зүйл ярьсанд нь “Монголчуудад минь хүний аминаас 300 мянган төгрөг илүү үнэ цэнэтэй болсон юм гэж үү” гэсэн бодол төрөв.
Саяхан аймаг, нийслэлээс шалгалт ирэх сургаар буудлын ажилчид унтахыг умартан, ухаан мэдрэлгүй цэвэрлэгээ хийж. Дарга нар ч ирж. Харин эрхэм дарга нар архиар угжуулсаар, ажилтай манатай, арай хийн амьд буцсан гэнэ. Бүр буудалд охид хүүхнүүдээр хүрээлүүлэн наргиж, түүнийг “Надтай гайгүй харьцвал хятад даргад чинь хэлж тушаал ахиулна шүү” гэсэн гэж байгаа. Энэ үгийн хариуд тэрбээр “Энэ компанид ажилладаг ганц ч гэсэн монгол ажилтантай та уулзаж үзэв үү. Тэд яаж ажиллаж байгааг та харсан уу” гэж асуусан гэсэн. Харин түүнийг баярлуулсан нэгэн хэрэг болсон нь саяхан Цөмийн энергийн газраас тус компанийн тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлж, үйл ажиллагааг нь зогсоосон явдал гэлээ. Гэтэл Монгол Улсын хуулийг уландаа гишгэж, 110 тэрбум төгрөгийн хохирол учруулсан тус компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсон билээ. Иймээс нэг л зүйлийг түшмэдүүдээс асууя гэсэн юм. Хятадуудын сархадыг монголчуудын нулимсаар даруулж уудаг түшмэдүүд минь. Үүнд хэн буруутай вэ.
Ч.Батмаа
Short URL: http://sharmedee.mn/?p=14517
URL: