Л.Болд, Ц.Оюунгэрэл хоёр ”Ми-8” хөлөглөж явна
Энэ сарын 11-ний өдөр Ардчилсан намын эл хоёр гишүүн Багахангай дүүргийн бэсрэг наадамд улаан алаг өнгийн “МИ-8” хөлөглөн сүр дуулиантайхан очсон нь олны нүдийг бүлтийлгэжээ. Батлан хамгаалах яамны харъяа тусгай үйл ажиллагаанд хэрэглэх зориулалттай нисдэг тэрэг хөлөглөн зочилсон Л.Болд, Ц.Оюунгэрэл хоёр өнгөрсөн УИХ-ын сонгуулиар тус дүүрэгт 100 хувь ялагдсан юм байна. Иймээс ч аархаж, гайхуулах үүднээс албаар хотоос 105-хан километрт байгаа дагуул дүүрэгт ийнхүү улсын нисдэг тэрэг хөлөглөн ирж байгаа юм хэмээн эгдүүцэх иргэд ч байсан байна. Нисдэг тэргээр хөлөглөсөн хоёр эрхэм эхлээд Багахангайн Ардчилсан намаа хуралдуулаад дараа нь наадамчин олон дээр иржээ. Ингээд Ц.Оюунгэрэл гишүүн “Та нарыг онгоцны цонхоор дээрээс чинь харах нэг өөр, дэргэдээс чинь харах бүр өөр байна шүү” хэмээн томорсон байна. Харш эрхэм гишүүдийн эл үйлдэл Багахангайчуудад огтоос таалагдаагүй аж.
Үнэхээр ч өнөөдөр нийслэлийн дагуул дүүрэг нэртэй хаягдаад байгаа эл сууринд 2000 гаруйхан хүн амьдарч ихэнх нь ажилгүйчүүдийн эгнээг арвижуулаад байгаа. Амьдралын боломж муутай, хөгжил зогссон гэх үзүүлэлтийг тэргүүлдэг Багахангайн иргэдийг парламентад төлөөлөх болсон хоёр гишүүн нь харин тэднийг нисдэг тэргээр сэнсрүүлэн шороонд булаад буцсан нь Монголын өнөөгийн нийгмийн харьцангуйг харуулсан эмгэнэлийн тод жишээ мөн гэдэгтэй олон нийт санал нийлэх биз ээ.
Наймдугаар сарын 11 гэдэг Ардчилсан намынхан засгийн бялуугаа хуваан тамга тэмдгээ хараахан авч амжаагүй байсан цаг. Ийм байхад л Л.Болд, Ц.Оюунгэрэлээс эхлүүлээд засгийн нисдэг тэрэг хөлөглөн зугаацаж явсан байх юм. Үүнийг цадигаа алдсан аархал гэхээс өөрөөр юу гэж нэрлэх, дүгнэх ёстой вэ.
Гал түймэр гарахад онцгой байдлын ажилчид нь хөлнийхөө тавхайг эргэтэл алхдаг буурай оронд хөлгүй баяжсан төрийн түшээд нь хоёр цаг ч хүрэхгүй давхиад орох газарт нисдэг тэрэг хөлөглөн зугаацаж яваа нь өнөөх ашиг сонирхлын зөрчилгүй, ард түмнийхээ төлөө л ажиллана гэсэн Ардчилсан намын амлалттай нийцэж байгаа хэрэг үү. Эл амлалттай нийцэхгүй бол Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Гадаад харилцааны сайд Л.Болд нар ямар учраас төрийн нисдэг тэрэг хөлөглөсөн талаараа тайлбар өгөх хэрэгтэй болох байх.
М.Мөнх
”Өдрийн шуудан”
URL: