Франц маягийн ”Улс төрийн өвчин”
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхий сайд асан С.Баярын эсрэг баримтуудыг аль хэдийнэ дэлгээд эхэлчихсэн.
Харин түүний хэлсэн үг бүрийг албан ёсоор баримтжуулах ажилдаа хуулийнхан тун удахгүй орно. Гэвч Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялагдахаасаа өмнө, эрх баригчид МАХН хэмээх товчлолын хоёр талд гарч сөргөлдөхөөс бүр ч түрүүнд хамтарсан Засгийн газар болон “Долдугаар сарын 1”-ний үймээний талаар сөрөг хүчний байр суурьтай байна гэдгээ Төрийн тэргүүний индрээс тодорхой илэрхийлсэн юм. Тэрбээр 2008 оны аравдугаар сарын 1-нд УИХ-ын намрын чуулганы нээлт дээр “Эрдэнэт хүний амь эрсдэж, эд хөрөнгө, соёлын үнэт зүйлсийг эвдлэн сүйтгэж, нийгмийг цочрол, балмагдалд оруулсан “Долдугаар сарын 1”-ний үйл явдал монголчууд бидний хувьд гуниг, харуусал билээ. Энэ үйл явдал монгол хүн бүрийн зүрх сэтгэлд хар толбо болон үлдсэн. Болсон хэрэг явдлын бодит учир шалтгааныг бодож тунгаах нь улстөрчдийн, наад, цаад эздийг нь олж тогтоон хариуцлага хүлээлгэх нь хууль хяналтын байгууллагын үүрэг болж байна” хэмээсэн. Тэр ч атугай “Сонгуулийн үр дүнгийн талаар санал бодлоо илэрхийлэх ердийн цуглаан, жагсаалаар эхэлсэн энэ үйл явдал хүч хэрэглэсэн хууль бус ажиллагаа болон хувирч, нийгмийн хяналтаас гаран эмх замбараагүй байдалд хүрсэн үед Монгол Улсын Ерөнхийлөгч би Үндсэн хуульд заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд Онц байдал тогтоох тухай зарлиг гаргаж, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг хууль хяналтын болон холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Үүний үр дүнд эмх замбараагүй байдлыг богино хугацаанд таслан зогсоож, учирч болзошгүй байсан ноцтой аюул, хохирол, сөрөг үр дагавраас сэргийлж чадлаа. Тухайн үед яаралтай хуралдсан УИХ-ын онцгой чуулган Ерөнхийлөгчийн уг шийдвэрийг дэмжиж баталгаажуулсан” гэсэн билээ. Сонирхолтой нь Н.Энхбаяр Төрийн тэргүүн байхдаа хэлсэн үг, гаргасан шийдвэртээ эргэлзэж эхэлжээ. “Тэр үед Онц байдал тогтоосон нь зөв үү, буруу юу гэдэгтээ би эргэлзэж байна” хэмээн ил тод зарлах болов. Харин “Хамтарсан Засгийн газар байгуулсан нь үймээний талаарх сэдвийг нэг мөр хаах гэсэн жүжиглэл” гэсэн байр сууриа өөрчилсөнгүй.
Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан болон улс төрийн зарим намынхан “Гуравдагч хүчин” хэмээх тодотголтойгоор сөрөг хүчний орон зайг эзлэхээр зэхэж буй энэ үед Елисейн ордны экс эзэн ч ууртай байна. Франц улсын Ерөнхийлөгч асан, өдгөө 79 настай Жак Ширак Ерөнхийлөгч Николя Саркозийн бодлогыг шүүмжилдгийнхээ төлөө шүүхээс салахаа болив. Түүнийг хээл хахуулийн хэрэгт холбогдуулах ажиллагааг эрх баригчдын зүгээс үе, үе явуулдаг. Тэгвэл Францын 22 дахь Ерөнхийлөгч Жак Ширак энэ удаад албан тушаалаа ашиглан улсын хөрөнгө завшсан хэрэгт холбогдчихоод байгаа. Бүр тодруулбал, Парис хотын захиргаанд намынхаа гишүүдийг 1990-ээд онд ажилд авч, сонгуулийн кампанит ажилд дайчилж байсан, тэр ч атугай элдэв луйвар, булхайгаа нуун дарагдуулахын тулд тэдэнд хахууль өгч байсан хэрэгт түүнийг буруутгажээ. Хэдийгээр Парис хотын удирдлага Жак Ширакийн өмгөөлөгчтэй уулзаж, гомдлоо татсан ч шүүхийнхэн эл хэргийг шалгаж, шүүх хурал хийх тогтоол гаргав. Энэ нь Жак Ширак, Николя Саркози нарын дунд байнга дэгддэг Франц маягийн “Улс төрийн өвчин” тус улсын Ерөнхийлөгчийн 2012 оны сонгууль хүртэл улам сэдрэх нь тодорхой. Учир нь Николя Саркози Ардын хөдөлгөөний төлөөх намаас уг сонгуульд нэр дэвшихээ өнгөрсөн оны эцэст мэдэгдсэн юм.
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс төрийн тавцнаа хэнтэй юуны учир сөргөлдөх болсон нь нэгэнт ил болсон асуудал. Харин Францын экс Ерөнхийлөгч, “Бульдозер” хочит Жак Ширак, Ерөнхийлөгч Николя Саркози нарын зөрчилдөөн хувийн харилцаанаас үүдэлтэй. Учир нь Николя Саркози 1980-аад онд нөлөө бүхий улстөрч Жак Ширакийн охинтой үерхдэг байв. Гэвч тэрбээр хоёр жилийн дараа Мари Доминик гэдэг бүсгүйтэй гэрлэхээр шийдэж, экс Ерөнхийлөгчийн дургүйцлийг төрүүлжээ. Тиймээс Жак Ширак охиноо Николя Саркозитой уулзахыг хориглож, улс төрийн тавцнаа түүнтэй хэзээ ч гар барихгүй гэдгээ өөртөө тангарагласан удаатай. Харамсалтай нь Францын Ерөнхийлөгчийн албыг 12 жил хашсаны эцэст Төрийн тэргүүний тамгыг Николя Саркозид шилжүүлэх хувь тавилан түүнд оногдсон юм.
Н.Энхбаяр орчуулагч мэргэжилтэй, харин Жак Ширак орос хэлтэй. Экс Ерөнхийлөгч хэд, хэдэн ном орчуулсан бол Францын Төрийн тэргүүн асан “Евгений Онегин” дуурийн зохиолын зарим хэсгийг орос хэлнээс эх хэл дээрээ орчуулжээ. Н.Энхбаяр УИХ-ын 2008 оны намрын чуулганы нээлтийн үеэр “Долдугаар сарын 1”-ний үймээний талаар дахин хөндөх болсон минь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу УИХ энэхүү үйл явдлын учир шалтгаанд нухацтай хандаж, эздийг нь тогтоох, ийм эмгэнэлт явдал дахин гаргуулахгүй байх хууль, эрх зүйн баталгааг бий болгоосой гэсэн хэрэг. Ерөөс энэ хэрэг явдлыг мартагнуулан замхруулах буюу улстөржүүлэн дэвэргэхийн аль, аль нь зохисгүйг сануулж байна. Хийсэн хэрэг, учруулсан хор уршгийнхаа төлөө хүлээх хариуцлагаас хэн ч мултрах ёсгүйн адил хэнийг ч уг үйл явдлын далбаан дор хэлмэгдүүлж болохгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлье. Миний бие Ерөнхийлөгчийн хувьд, төр засгийн холбогдох байгууллагууд, улс төрийн хүчнүүдэд хандан ийм явдал дахин гаргуулахгүй байхын төлөө өөрсдөөс шалтгаалах бүхнээ хийхийг энэ индрээс уриалж, сэрэмжлэн анхааруулж, шаардан сануулж байна” гэж улс төрийн бүх хүчинд хандан хэлж байлаа. Тэгвэл Жак Ширак Францын Төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа Жорж Бушийн бодлогыг эсэргүүцэж, Иракт 2003 онд дайн хийхийг дэмжээгүй юм. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр 1997 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж, 2000 онд тус намыг сонгуульд үнэмлэхүй ялуулж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол улстөрч Жак Ширакийн намтар 52 жилийн түүхтэй. Коммунист үзэл санааг дэмжиж, улс төрийн тавцнаа анх хөл тавьсан тэрбээр 1976 онд Ерөнхий сайдын албанаас огцорч, Бүгд найрамдахыг дэмжих нэгдэл хэмээх нам байгуулан сөрөг хүчний суудалд шилжсэн юм. Харин 1995 онд Төрийн тэргүүн болж, улс төр, нийгэм, эдийн засагт шинэчлэл явуулж, тэр ч атугай цөмийн туршилт хийж байлаа.
Н.Энхбаяр МАХН хэмээх товчлол, хамтарсан Засгийн газар зэрэг олон зүйл дээр экс намынхантайгаа зөрчилдөж байгаа бол Жак Ширак, Николя Саркози нар АНУ-тай харилцах бодлогын талаар байнга сөргөлддөг. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш “Шийдвэр гаргах мөч” хэмээх дурсамжийн номондоо “Николя Саркози бол эрч хүчтэй Төрийн тэргүүн. Харин өмнөх Ерөнхийлөгч Жак Ширактай бид олон асуудлаар тохиролцож чаддаггүй байсан” гэж бичсэн нь энэ бүхнийг тодорхой харуулдаг. Тэгээд ч Николя Саркози 2007 онд Жак Ширакийн суудлыг залгамжилмагцаа “АНУ Францтай найрсаг харилцаатай байна гэдэгт итгэж болно” хэмээн мэдэгдэж, гурван сарын дараа Жорж Бушийн эдлэн газарт зочилсон билээ. Тэд хамтдаа хот дог зооглох зуур Жорж Буш “Манай улс Францтай сайн харилцаатай. Гэхдээ зөрчилдсөн асуудал ч цөөнгүй” хэмээн зориуд анхааруулсан удаатай. Эл байдлыг олон улсын ажиглагчид “Николя Саркозийн үед Францын гадаад бодлогод эрс өөрчлөлт орно” хэмээн дүгнэж байсан юм. Гэвч Жак Ширак Францын Ерөнхийлөгчийг “Елисейн ордны эзэд хэзээ ч ийм завхай зайдан байгаагүй” гэж шүүмжилсэн билээ. Тэрбээр Францын Ерөнхийлөгчийн 2007 оны сонгуульд өрсөлдөх байсан ч Елисейн талбайд 2002 онд болсон парадын үеэр халдлагад өртөх шахсан, Европын холбооны Үндсэн хуулийг 2005 онд ард түмэн нь дэмжээгүй, тэгээд ч нас өндөр болсон зэрэг шалтгаанаар нэр дэвшээгүй юм. Жак Ширак шүүхээс олон жилийн ял сонсох магадлалтай байгаа бол Николя Саркози саяхан Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр L’Oreal компанийн эзэн Лилиан Бетанкураас хахууль авсан хэрэгт нэр холбогдож байсан билээ. Харин экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд хэлсэн үгэндээ эзэн болж, хуулийнхны өмнө хариуцлагатай мэдүүлэг өгөх л үлдэв. Тэрбээр “Үнэг хөөсөн нохой өмнөх нүхэндээ унах тохиолдол ч бий” хэмээн Ардын намынханд сануулж байсан. Харин одоо “Долдугаар сарын 1”-ний талаар элдэв мэдэгдэл хийсэн түүний урд хэн ямар нүх ухсан бол. Нэг нэгнийхээ өмнө нүх ухдаг Франц маягийн “Улс төрийн өвчин” Монголд хэдийнэ ужгирчээ.
С.БАТТУЛГА
“Улс төрийн тойм”
URL: