“Татварын” Ц.Оюунбаатарыг “Дарж байгаад тангараг өргүүлэх” ёстой

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдааны өмнө “Шударга ёс” эвслийн гишүүн Ц.Оюунбаатарыг УИХ-ын гишүүний тангаргаа өргөх байх гэж олон нийт таамаглаж байсан. Гэтэл байдаггүй ээ. Сураг сонсвол УИХ-ын 71 дэх, “Шударга ёс” эвслийн бүлгийн 11 дэх гишүүн болох байсан тэрбээр Татварын ерөнхий газрын даргаар томилогдож магадгүй болоод явчихав.

Ёстой гайхалтай. Улстөрчдийн ярих нь дөрвөн жил зүтгэн голын мөс энэ тэр долоох шахаж байж УИХ-ын гишүүн болж тангаргаа өргөнө гэдэг чинь “Тэнгэрийн умдаг” лугаа адил гэцгээх юм билээ. Тэгсэн чинь Н.Энхбаяр даргыг суллахгүй бол гишүүн болохгүй ээ” ч гэсэн гэнэ үү. Эсвээс Ч.Улаан сайд “Нааш ирээ” гээд дуудсан ч гэнэ үү хачин шалтгаанаар татгалзсан бололтой юм. “Ойгүй тэнэг нөхөр юм аа” гээд олон хүн шогширч байна. Үнэндээ “Татварын” Ц.Оюунбаатарыг Татварын ерөнхий газарт даргаар очиход гайхах зүйл алга л даа. Харин УИХ-ын гишүүн болохоос татгалзсан гэхээр л үнэмшиж өгөхгүй юм. Эсвэл УИХ-ын гишүүн болохоор тойргийнхоо сонгогчдод тал засах гээд “шатна”. Дээр нь таван хошуу малын нэгтэй зүйрлүүлж доромжлуулна. Харин Татварын ерөнхий газрын дарга болбол өндөр цалин, “ энэ тэр” авч баяжина.

Тэгэхээр Ц.Оюунбаатар улстөрч биш ухаалаг эдийн засагч юм биш үү. Нөгөөтэйгүүр “Шударга ёс” эвслийн бүлэг Ц.Оюунбаатарыг бус, дараагийнх нь хүнийг тангараг өргүүлнэ гэж юу яриад байна аа. Намын лист гэгчийг арай махны оочер гэж бодоогүй биз. Энэ чинь хуулиар зохицуулагддаг баймаар юм. Эс тэгвээс сонгуулийн дараахан “Д.Дэмбэрэлийн оронд Сарангэрэлийг…” гэж яриад байсан МАН-ынхан зөвдөж таарна. Иймд Ц.Оюунбаатар хуучин ажлаа санагалзсаныг нь үл харгалзан “дарж байгаад тангараг өргүүлэх” хуулийн заалтаа л мөрдөхөөс аргагүй биз ээ. У.Оргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих