Ардын намын гишүүд ажилгүй болох нь, яана аа

УИХ дахь Ардын намын 25 гишүүний зарим нэг нь бүрэн эрхээсээ түдгэлзэх санал гаргасан гэнэ. Янз нь “Ардчилсан намынханд гомдлоо”, “Арай ч дээ, манайх олонхи байхдаа Н.Алтанхуягт ингэж хүйтэн цэвдэг хандаагүй дээ”, “УИХ-ын сонгуулиар сонгогчдын олонхи нь саналаа өгөөгүйд бид ямар буруутай юм бэ. Үүний төлөө биднийг ингэж дээрэлхэж болохгүй шүү дээ”, “Яшиг, төвөг зүгээр. УИХ дахь бүлгийн гишүүн болж болдоггүй юм бол сул гишүүн байхаа ч болих минь”, “Бүрэн эрхээ түдгэлзүүлж, зүлгэн дээр гэрээ барьж, зүгээр л сайхан амьдрах минь” гэх мэтээр уйлж, дуулж яваа юм байх хөөрхий.

Ер нь бодоод байсан чинь зовж, шаналж, уйлж унжийж яваа тэдэнд Ардчилсан намынхан арай л өөдгүй загнаад байх шиг ээ. Өөрсдөө цөөнх байж үзээгүй юм шиг Ардын намынхныг ингэж гомдоох ямар хэрэг байна. Хэрэв тэд нэг л өдөр УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэхээр болбол яана.

Монгол Улс л хохирно. Ардчилсан нам л зовно. Харж л байгаарай наанадаж ажилгүйчүүдийн тоо лав л 25-аар нэмэгдэнэ. Цаанадаж ажилгүйдлийг бууруулах бус харин ч өсгөсөн гэдэг үндэслэлээр Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох ялд ч унаж мэдэх юм.

Эс бол Ардын намынхан маань голдоо ортол гомдсон­доо намаа татан буулгавал яана. “УИХ-д байхгүй намыг ямар нам гэдэг юм. Ардын намгүйгээр амьдарч чадахыг чинь харъя” гээд л агсарвал гайхах юмгүй л байх. Тиймээс Ардын намыг ч тэр, ард олныг ч тэр ийм бэрх зовлонд унагааж байхаар Ардчилсан намынхан минь асуудлыг нь аятайхан шиг шийдээд өгчихвөл яасан юм бэ. “Та нар минь бүлгээ байгуул“, “Та наргүйгээр бид чинь хэнсэн билээ“, “Та нар минь байхгүй бол энэ төр чинь төр биш болчихно шүү дээ” гэх мэтээр аргадаж гуй л даа. Ядаж л Ардын намынхан ажилгүй болчихвол та нарын ч, бидний ч амьдрал барзайна гэдгээс айж явсан нь аминд тань өлзийтэй бус уу.

Г.Отгонжаргал


URL:

Сэтгэгдэл бичих