Ганжуур Данжуур ба Геополитик
Огторгуйн цагаан гарди багшдаа мөргөе.
Энэ мэт аймшиггүй бөх зүрхээр Ганжуурын тухай аман дамжлага хийгээд чихэн уламжлалыг нийтэд задалсны гэм алдлыг минь өршөөн хэлтрүүлж, аврал ивээлдээ багтаах болтугай.
Монголын Үндэсний Номын Сан бол монгол үндэстний ой санамж, оюун санааны амьдралын хүү сан, соёл боловсрол, гэгээрэл, түүх, утга зохиолын алтан хэвлий билээ.
1924 онд Богд хааны номын сангийн суурин дээр баяжуулан, монгол газрын ховор чухаг, нандин зүрхэн ном судрыг хадгалан буй энэ ариун дагшин оронд миний бие 36 насныхаа яг хагасыг ном унших, ажиллах, боловсорч суралцах зэргээр өнгөрүүлсэн билээ. Тийм ч учраас өглөө бүр Б.Ринчин абугайн хөшөөний хажуугаар өнгөрөх бүртээ малгайгаа авч мэхийн ёсолдог юм.
Манж Чин улсын түүхийг сайн судлах нь Юан улсын түүхийг судлахад тун чухаг юм билээ. Манжууд Монголчуудаас 3 зүйл авчээ.
- Бурхны шашин
- Бичиг үсэг (манжууд монголчуудаар бичиг үсгээ зохиолгосон)
- Хятадыг захирч байсан технологийг авчээ.
Оросын академич В.Н.Алексеев гэж хүн ”Хятадын дүрс үсэг түүнийг латинчлах нь” хэмээх алдарт номоо 1926 онд хэвлүүлсэн байдаг. Одоо энэ хятад үсгийг галигладаг ”Синхуа зидан” гэдэг галиг зохиосон хүн л дээ. ”Дүрс үсгийг шинжлэх ухаан галиглах гэж хэдэн зуун жил ноцолдсон. Харин манж үсгийн зарчимыг ашиглаж бид чадлаа. Манжууд бол хятадыг дэлхийд нээсэн үндэстэн” хэмээн оршилдоо бичсэн байдаг. Энэ бол эндүүрэл уг нь тэр үсгийг зохиож өгсөн бидний өвөг дээдэст талархах ёстой юм шүү дээ. За яахав бичиг үсэг зохиолоо. Дараа нь нэн түрүүн манж хэл рүү ”Ганжуур” эрдэнийг орчуулжээ. Бээжинд удаа дараа Монгол, Манж, Хятад, Төвд ”Ганжуур”-ууд бүтээгдэж зарим нь хэвлэгдэв. Гэтэл ”Хааны бичсэн таван хэлний тайлбар толь” гэж нэг гурван зузаан хүрэн толь манай сэхээтэн айл болгонд бараг бий. Энэ толийн доторхи 5 дахь хэл нь араб. Манж ”таван тугийн улс” байсан бол өнөөдрийн БНХАУ ч ”таван ширхэг таван хошуу”-тай.
Ингээд жаахан урагш нь мөшгөе ээ. Эзэнт улсын бүрэлдхүүнд байсан араб хэлт ард түмнүүд. Араб хэл соёл гэхээрээ л ”лалын шашин” ч санагдах шиг. Тэд төрөхдөө л лалын шанинтнууд байсан уу? гэвэл үгүй юм билээ. За тэгэхээр Berzin archive хэмээх online library-аараа алдартай Германы эрдэмтэн Александр Берёзин ахаасаа жаахан юм асууя. Түүний хамгийн алдартай лекц бол ”Исламын шашнаас өмнөх түрэг хэлт ард түмний соёл”. (Энэ лекцийг интэрнэтээс татаад англи хэлээр унших боломж бүх хүнд бий) Энд ”Ганжуур” эрдэнийн доторхи 11 судрыг перс хэл дээр орчуулж, Ил хаант улсын нутаг дэвсгэр дээр тарааж байсан тухай гарч байгаа. (Одоо америкууд араб хэл дээр Мормоны ном орчуулаад тараах гээд үзье гэж бодоход юу л болох бол. Төсөөлөгдөхгүй л байгаа юм даа) Тэд дэлхийн хамгийн отгон шашин болох Исламын шашинд ихээ хожуу орсон юм билээ. Торгон замын хөгжил цэцэглэлийн үед энэ замаар манихей, жаин, несториан, бурхны шашин нааш цааш нэвтэрч, үүнийг ч Юан улс монголчууд нэг тийш нь цэгцлэх бодлого баримталж байжээ.
Ямар сайндаа Ил хаан Ринчиндорж (Gaihatu) хааны үгийг нэг Гармава ламын сударт бичсэн гэдэг боловч түүнийг одоохондоо яг эхээр нь олж амжаагүй л байна. Энэ хаан бурхны шашны сахил авч, төвдөөс лам залж, арабын ертөнцөд бурхны шашин дэлгэрүүлэхийг оролдож байсан. Ингэж хэлсэн гэдэг ”Энэ улс нэг л судрыг үнэн ном хэмээн үзэж, нэг л тэнгэрийг бурхан хэмээн үзэх юм. Бурхны айлдвар зарлиг хөлгөн судруудыг Барс ирвэсийн (перс) хэлэнд орчуулан тарааваас лавтай биднийг дагна” гэсэн утгатай. Үнэндээ бүх улсын дотор бурхны шашныг хэл тус бүр дээр нь ”Ганжуур”-ыг орчуулах замаар түгээн дэлгэрүүлж, Ром, Византи цаашлаад Европ Христийн ертөнцтэй Бурхны шашнаар хиллэх гэсэн энэ бодлого бол өнөөгийн дэлхийнхний яриад байгаа ”Pax Mongolica” буюу ”Дундад зууны глобалчлал” гэж нэрлээд байгаа зүйл нь. Ердөө л энэ. Манжууд ч үнэндээ Юан улсыг дахин сэргээн мандуулж байна гэж бодож байснаас энэ хорвоо ерьөнцөд цоо шинэ дэг журам тогтооё ч гэж юм уу бодоогүй юм билээ.
ХХ зуун эхэнд юу болов
”Pax Mongolica” хоёр хөршид таалагдахгүй байсан юм. Өндөр гэгээнээс Богд хаант Монгол улс хүртэлх энэ цаг үеийн монголын хил хязгаар газар нутгийн байдал эдийн засгийн чадавхийг үнэн мөнөөр нь гаргавал нуруу хүйт оргидог юм. Алшаа, Дээд Монгол, Зүүнгар, Өвөр монгол, Буриадыг нийлүүлээд тооцвол ийм багцаа тоо гардаг.
Газар нутгийн хэмжээ: 5 сая хавтгай дөрвөлжин км
Хүн ам: 1,300,000
Сүм хийд: 2500
Лам хувраг: 190,000 орчим
Бүх сүм хийдэд Ганжуур, Данжуур байсан гээд бодвол төвд, монгол, бар, гар бичмэл 2500 орчим Ганжуур, Данжуур байжээ. Тэд бүгдийг шатааж, лам хуврагуудыг устгаад, цөөн хэдэн Ганжуур, Данжуурыг Номын санд хадгалсан юм. Үнэндээ бол арилан дэлгэрсэн монголчууд тэдний үр хүүхдийг үзчих вий уншчих вий гэсэн айдас одоо болтол коммунистуудад байдаг юм. Өнөөдөр БНХАУ-д монгол Ганжуурыг хэвлэж байна. Манж Ганжуурыг яагаад хэвлэхгүй байгаа вэ? гэвэл манж хэл, манж үндэстэн зөвхөн энэ Ганжуураасаас босоод ирчих гээд байна шүү дээ. Ганжуур ийм л хүчтэй хөлгөн судар. Шинжаан Уйгар, Төвдийн хажуугаар бас Манжууд босвол яана. Монголд яг адилхан. Дижиталд шилжүүлсэн Монгол Ганжуур, Данжуурыг online болгож, монгол хүн бүрт уншуулъя гэсэн саналыг Америкийн Монголчууд дэмжээд, сервер хөрөнгө зардлыг нь гаргая гээд эндээс орчуулагч ”англи” Б.Батболд санал гаргаад одоогийн Монголын Үндэсний Номын Сангийн захирал Х.Чилаажавт миний биеэр дамжуулан санал тавьж үзсэн. Зөвшөөрөхгүй юм билээ.
Би уг нь яруу найрагч байсныг нь мэддэг байсан юм. Одоо ч коммунист болчихсон уу? Соёлын сайд нь коммунист болохоороо зөвшөөрдөггүй юм уу? ер нь хууль дүрэм коммунистаараа байгаа юм уу? би ойлгоогүй. Хэрвээ online болчихсон бол нэг ном харах гэж Номын сан явахгүй гэртээ сууж байгаад уншиж, судалчихаж болж байгаа л байхгүй юм. Монгол бичигтэй хүн хэд билээ. Судалдаг нь хэд билээ. Хүн болгонд унших боломж бий юу үгүй юу? Тэгээд төр нь ард түмнээ тэнэг мунхагаар нь дуудна. Энэ бол хатуу хэлбэл бодлого барьж байгаа хүмүүс соёлын шүүх гэж байдаг бол түүгээр орох ажил шүү.
Одоо бид яах вэ?
Хүүе? Түшмэдүүд ээ? Сэрцгээ. Ажлаа хий. Х.Чилаажав гуай та ажилдаа ирж бай. Бүгдээрээ ширээний ард сууя. Г.Аким гуайтай би хэдэн жил хамт ажилласан. ACIP төсөл буюу Монгол дахь бурхны шашны ном судруудыг хадгалах хамгаалах төслийг Америкийн иргэн, бурхны шашны гэвш Майкл Роач 1997 оноос эхлэн Монголд хийсэн айлчлал бүртээ чухалчилж, гуйхаас нь гуйж, хүсэхээс нь хүсч, авилгал өгөх ёстой хүнд нь ч өгсөн. Энд Гандан хийдийн номын сан, Монголын Үндэсний номын сангийн төвд номын хөмрөг бол өнөөдөр дэлхий дээр хадгалагдан үлдсэн хамгийн баялаг углуулга гэсэн утгаар нь удалгүй япончууд, германчууд энэ төсөлд нэгдэж сая хэрэгжихээр болсон. Зөвхөн Г.Аким гуайн үед 2006 онд. Д.Чойжамц хамба зөвшөөрөөгүй тэгсэн хирнээ UNESCO-ийн болон олон төслийг дөнгөж эхлүүлсэн болгоод орхиж, сэглэн, өөрсдөө ном судраа хамгаалах ямар ч ажил одоо болтол хийхгүй байгаа. Үүгээр нь би бас л ”коммунист” сахилтай лам байх хэмээн харддаг. Ном судар бүртгэлгүй дижитал хувилбаргүй байна гэдэг. Үрэгдэж үгүй болохын цондон. Уг нь энэ ажлыг гавж Гантөмөр тун сайн хийх хүн юм билээ дээ.
Г.Аким гуай Энэтхэгээс гадна Америк, Япончуудтай хамтран ажилласан. Зоригтой ажилласан. Бид хамгаалж чадахгүй нь. Үрэгдэж, устах нь аврая хамгаалъя гэсэн чин үнэн халуун эх оронч сэтгэлээр ажилласан. Үүний үр дүнд дэлхийн олон төвдөч, монголч эрдэмтэд Монгол Ганжуур, Данжуурыг судалж, алдаа мадаг, ололт амжилтаа бататгаж байна. Судалгаа бол цаг хугацаа шаардана. Г.Аким гуайн хийсэн ажлын үр дүн хэдэн жилийн дараанаас гарна. Дэлхийн Төвдсудлалын байгуулага ч Г.Аким гуайг шагнах, энэ гавъяаг нь үнэлэх сураг байна лээ. Коммунистууд ”аав”-ындаа хийвэл хийнэ л биз. Хожим би танд Б.Ринчен гуайн хөшөөний хажууд хөшөө барьж өгнө өө. Зөвхөн Монгол төрийн алтан аргамжыг сунгаж, хос ёст төрийн уламжлалыг үргэлжлүүлж, Ганжуур Данжуурын судалгааг шинэ түвшинд гаргасны тань төлөө. Түшмэлүүд ээ? Номын сан, музейнүүд уг нь ШУА-ийн харъяанд байсан юм шүү дээ. Битгий намын гишүүдийн гарын өгзөгний доор аваачаач. Цаашид Монгол улс гэж байх л бол ШУА-д буцааж өгөөд, эрдэмтдийнхээ мэдэлд байсан нь дээр байх аа.
URL: