Л.Пүрэвдорж өргөдлөө өгснөөр сүүлчийн “Түүхэн гавьяа”-гаа байгууллаа

Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод өгчээ. Үнэн хэрэгтээ АН-ынхан “өргөдлийг нь өгүүлсэн” гэсэн үг. Монголбанкны ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай томилдог болохоор “өргөдлийг нь өгүүлэхээс” өөр аргаар Монгол­банкийг эзлэн авах эрх зүйн боломж байсангүй.  Д.Пүрэвдоржийг анх энэ суудалд очиход “баланс уншиж чадах­гүй худалдааны эдийн засагч төрийн мөнгөний бод­логыг яаж мэддэг юм бэ” гэхчлэн багагүй гоочилсон. Гэвч түүний аз таарч, дээр нь залуухан, чадварлаг  хоёр дэд ерөнхийлөгчийн ачаар өнөөдрийг хүртэл тэссэн юм. Дээр нь эдийн засаг Азид байтугай дэлхийд гайхагдахаар өндөр өсөлттэй, сан хөмрөг арвин тийм үед Монголбанкны ерөнхийлөгчөөр ажилласандаа баярлах хэрэгтэй. Харин одоо нөхцөл байдал орвонгоороо эргэчихээд байна. УИХ-д “цавчуулж” байхад нь авраад гаргадаг намынхан нь цөөхүүлээ болчихсон. Сангийн яам нь хүртэл МАХН-ын гишүүн Ч.Улааны мэдэлд оччихлоо.

Яг одоогийн байдлаар ам.долларын ханш 1500 руу тэмүүлж, гадаад худалдааны тэнцэл ч толгойны өвчин болж импорт нь экспортоосоо хамаагүй түрүүлээд алхаж байна. Анх Монголбанкны ерөнхийлөгчийн ажлыг авахдаа “Олон сайхан зүйл амлаж чадахгүй. Ямартай ч инфляцийг нэг оронтой тоонд барина” хэмээж байсан бол эдүгээ инфляци 20 хувьд шүргэж байна. Үүний дээр ОХУ нефтийн татва­раа 17 хувиар нэмчихлээ. Энэ оны эхээр яг ийм айхавтар шок үүсэхэд УИХ дахь АН-ын “акул”-ууд “Л.Пүрэвдоржийг огцруулъя” гээд хашгирч байсан удаатай. Тэгэхээр өмнөх Засгийн газрын бэлэн мөнгө тараасны гай, одоо гүйцээж өгөх мөнгөний эрэлт, шатахууны үнийн хөөрөгдөл, валютын ханшны өөрчлөлт энэ бүхний цаана Л.Пүрэвдорж ерөнхийлөгч мэнд тэсэж үлдэнэ гэж үү.

Ардын нам одоо түүнийг байтугай өөрсдийгөө яая гэж байна. Их л бодож огцруулах санал хураалтад “No” товчлуур дарж өгөх биз. Гэвч жин дарахгүй юм чинь. Ингээд Л.Пүрэвдорж Монголбанкны түүхэнд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн хоёр дахь ерөнхийлөгч болж үлдэх нь ээ. Өмнөх нь А.Батсүх шүү дээ. Түүнийг дагаад хоёр дэд нь улс төрийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Харин энэ удаа Л.Пүрэвдоржийг Б.Жавхлан дагаж явах болов уу. Н.Золжаргалын тухайд Монголбанкны дараагийн ерөнхийлөгчөөр томилогдох кандидатуудаас хамгийн шанстай нь гэж хэвлэлээр бичээд эхэлчихлээ. Түүнчлэн Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ, эдийн засагч Да.Ганболд нарын нэр ч дуулдаж байсан.

Аль аль нь байж болох л фигурууд. Гэхдээ хошигнож хэлэхэд “Улс төр гэдэг чинь банкнаас шал өөр”.  АН 16 жилийн дараа Засгийн эрх барих болж буй энэ дөрвөн жилд маш олон шинэчлэл хийж, улсаа хөгжүүлж, сонгогчдын дунд нэр хүнд олж авсан эрчээ алдахгүй байхыг үнэн голоосоо хүсч байна. Тэдэнд шинэчлэл хийхэд нь хэрэг болох, шинэ боловсролтой  фигур чухал. Тэгэхээр намынхаа нэг гишүүнд бялуу хүртээх гэхээсээ илүү намын удирдлагуудын дарамт, хариуцлага хүлээхээс айж зоригтой алхам хийдэггүй хүнтэй гар, сэтгэл нийлэхээс татгалзсандаа Л.Пүрэвдоржийг явуулж байгаа хэрэг. Б.Мэдрээгийн хувьд ардчиллын анхдагчдын нэг мөн хэдий ч тогтсон ажилтай, өөрийн бизнестэй хүнийг “өрөвдөх” ч, өргөмжлөх ч хэрэггүй гэж үзсэн бололтой.

Да.Ганболдын хувьд АН-ынхны сайн, мууг хамгийн их мэдэх хүн. Тиймээс болгоомжтой, бас гомдоохгүй байх учиртай. Шударга, зарчимч, хамгийн гол нь сайн эдийн засагчийн хувьд түүнийг Монголбанкны оройд залчихад болохгүй зүйл үгүй. Гэхдээ Да.Ганболдод даргалах объект мундахгүй. Улс төрийн эдийн засагч гэдэг сонин бөгөөд чухал мэргэжилтэй түүнийг хуучнаар бол ёстой л эх орны аль хэрэгтэй өнцөг булан бүрт илгээх боломжтой. Ингээд Н.Золжаргал үлдэв.

Өнгөрсөн нэгдүгээр сард  гэнэтийн шок үүсэхэд Монголын эдийн засаг чухам хаанаа, юунаас шалтгаалж “болохоо байчихаад” байгааг оношилж С.Батболдын Засгийн газрыг аварсан түүний тархинд л Н.Алтанхуягийн Засгийн газрын хийх гээд байгаа шинэчлэлийн аргачлал ном дүрмээрээ байгаа юм гэнэ билээ. Зөвхөн төгссөн сургуулиар нь шинжсэн хэрэг биш шүү. Тэгж яривал Л.Пүрэвдорж, Н.Золжаргал хоёр хоёулаа л Харвардаар “шагайсан”. Тэр эрдмээс хутгаж авсан “шанага”, түүнийгээ хэрэглэх арга нь л өөр байж мэднэ. Хамгийн гол нь өнөөгийн эдийн засгийн гадаад дотоод нөлөөлөл, одоо яриад байгаа хувьцаа, биржийн арилжаа, инноваци, өрсөлдөх чадвараас эхлээд шинэ бүхнийг судалчихсан, Н.Золжаргалын толгой энэ цагт, Засгийн газарт нэлээд үнэд хүрэх бололтой.

Хэрэв Н.Золжаргал Монгол­банкны ерөнхийлөгчөөр батлагд­чихвал их сонин тохиолдолд түүхэнд тэмдэглэгдэж үлдэнэ. Юу гэвэл нэгэн гэр бүлээс төрсөн ах дүү хоёр Монголбанкийг удирдсан анхны тохиолдол болох юм. МАН-ынхан жаахан гоочлох л биз. Алт дилерийн хэрэг яасан, ах чинь Монголбанкийг удирдахдаа яаж байлаа гээд. Гэвч өмнөх УИХ улс орны хөгжлийг урд хождын явдлаас илүүд үзээд түүнийг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр сонгож байсан. Тэгэхээр энэ удаа тийм тэнэг зүйл дурсаж сууснаас “Инфляцийг хэдэн хувьд барьж чадах вэ. Макро эдийн засгийн ямар гоё үзүүлэлтэд хүргэх вэ” гээд ам өчгийг нь авч суувал ач холбогдолтой байлгүй дээ.

Ямартай ч Л.Пүрэвдорж огц­рох­гүйгээр, нэр төртэйгөөр өөрийн хүсэлтээр Монголбанкны ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. АН-ынхан хор найруулсан нь тодорхой  ч түүний хувьд шахаанд орох гэхээсээ илүү туршлагатай улстөрчийн хувьд ямар нөхцөлд ажиллах гэж буйгаа мэдрээд зоригтой алхам хийсэн байж мэдэх юм. Л.Пүрэвдоржоор удирдуулсан Монголбанкны үйл ажиллагааны тайланг харахад алдаанаасаа оноо нь илүү болов уу. Учир нь тэрбээр “хос дэд”-тэйгээ гар, сэтгэл нийлж, залуусын үгийг сонсож, өөрийн туршлагыг нэмэрлэж нүүр улайхааргүй ажилласныг заавал дурьдах нь зүйтэй биз ээ. Иймд Л.Пүрэвдорж огцрох өргөдлөө өгснөөрөө Монголбанкинд сүүлчийн “түүхэн гавьяа”-гаа байгууллаа гэчихвэл худлаа болохгүй байх.

У.Оргилмааа


URL:

Сэтгэгдэл бичих