Авлигатай тэмцэх газар АН-ын бодлогыг хэрэгжүүлэгч

Ард түмний татварын мөнгөөр санхүүжиж, үйл ажиллагаа явуулдаг Авлигатай тэмцэх газар АН-ын бодлогыг хэрэгжүүлэгч байсан нь улам бүр ойлгомжтой болж буй талаар учир мэдэх хүмүүс шивнэлдэж эхэлжээ. Арга ч үгүй биз. Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийнхөн гэгдэх хэдэн нөхөд байсхийгээд л тус газрын нэрийг барин МАН-ыг чиглүүлэн хэвлэлийн бага хурал зарлаж, янз бүрийн юм ярин улс төр хийдэг байснаа сүүлдээ бүр улаан цагаандаа гарч хоёр нь АН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдлоо.

Мөн цөөнгүй хэд нь АН-аас НИТХ-д нэр дэвшиж ялалт байгуулсан. Одоо зарим нь шинэчлэлийн Засгийн газарт дэд сайд болохоор яригдаж байна. Баримт өгүүлж, жишээ татъя. Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Ж.Батзандан, Р.Бурмаа хоёр одоо УИХ-ын гишүүн. Мөн тус зөвлөлийн гишүүн болох Ц.Энхцэнгэл НИТХ-д АН-ыг төлөөлөн сууж байна. Зөвлөлийн дарга гэгдэх МУИС-ийн багш Д.Сүхбаатар гэгч шинэчлэлийн Засгийн газарт дэд сайдын суудал горилж байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн. Мөн АН-аас дэд сайдын суудал горилогч эмэгтэйчүүдийн манлайд мөн л АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Байгальмаа гэх эмэгтэйн нэр бичигдэж байгаа талаар хэвлэлүүд мэдээллээ. Бүр Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга нь хүртэл Хууль зүйн дэд сайдад яригдаж байгаа гээд бодохоор энэ газар үнэхээр АН-ын бодлогыг хэрэгжүүлдэг юм болов уу гэж бодоход хүрч байгаа юм. Т.Хасбаатар гэх хэвлэлийн баатар нь Өвөрхангайн АН-ын дарга болоод удаагүй байхдаа хэт улстөржсөний улмаас намаасаа хөөгдсөнийг хүн бүр мэднэ.

За, тэгээд Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг ардчилсан Ерөнхийлөгчийн хүн гэж дээр, дооргүй л шуугицгаадаг. Ингээд харахаар Авлигатай тэмцэх газар АН-аас хараат, түүний бодлогыг хэрэгжүүлж байсан нь тодорхой болж байх шив. Ингэж хардахад хүргэдэг маш олон шалтгаан бий. Нам дагаж яваад авсан албан тушаал бол зөвхөн харагдах байдал нь. Цаанаа хэрэгжүүлж буй бодлогыг нь ч тааж ядах юмгүй мэт. Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийнхөн нэртэй энэхүү зарим нэг сайн дурын уран сайханч, зөвлөлийн дарга Д.Сүхбаатар байсхийгээд л Авлигатай тэмцэх газрын нэрийг барин хэвлэлийн бага хурал хийх нэрээр хэвлэлийнхнийг цуглуулж баахан хүмүүсийг прокурор, шүүхээс өмнө яллачихдаг. Дэндүү хийрхсэн гэмээр зарим мэдэгдэл нь Авлигатай тэмцэх газар яах аргагүй зөвлөлөөрөө дамжуулан АН-ын бодлогыг хэрэгжүүлдэг юм байна гэсэн сэжгийг нийтэд төрүүлчихдэг. Д.Сүхбаатар саяхан хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Манайхаас удахгүй сайд Д.Зоригт, Ч.Хүрэлбаатар, Ц.Ням­­дорж нарын авлигын асуудлыг дахин сөхөж тавих болно” гэж мэдэгдсэн. Угтаа бол Авлигатай тэмцэх газар эдгээр улстөрчдийг шалгана уу, байна уу энэ зөвлөл нэртэй сайн дурын улстөрчдөд хамаагүй баймаар. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг Авлигатай тэмцэх газраас баривчлах үеэр зөвлөл нэг мэдэгдэл гаргасан. Түүндээ “Н.Энхбаяр нь сэжигтнээр тооцогдон шалгагдах хүртлээ бүхэл бүтэн авлигын сүлжээг бий болгосон. Тэгээд ч зогсохгүй өөрийгөө хамгаалах улс төрийн нам байгуулсан…”гэх мэтээр хийрхэж, прокурор, шүүхийн байгууллагаас өмнө Н.Энхбаярыг яллачихсан. Энэ хийрхүү мэдэгдэл тухайн үедээ хэсэгтээ л олны дургүйцлийг төрүүлж байлаа. Бүр Н.Энхбаярыг шалгана уу, байна уу энэ зөвлөлийнхөнд ямар хамаа байна аа гэж хэлэх хүн ч тухайн үед олон байсан. Угтаа бол Авлигатай тэмцэх газар “хүчиндэх” арга барилаар ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг энэ зөвлөл анхааралдаа авах ёстой болохоос шалгагдаж байгаа хүн гэмт хэрэг хийсэн, хийгээгүй тухай дуу гарах ч эрхгүй. Авлигын эсрэг хуулинд нь тэгээд заагаад өгчихсөн.

Мэдээж албан тушаалаа ашиглаж ашиг хонжоо олж байгаа бусармаг хүмүүсийг хууль хяналтынхан шалгах нь зүйн хэрэг. Гэхдээ одоогийн Авлигатай тэмцэх газар, энэ газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл гэгчийн үйл ажиллагаанаас, хэлсэн ярьсан үгнээс нь нам дагаж далдаганасан дүр зураг л илүү тод харагдаад байх боллоо. Уг нь бол Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь авлигатай тэмцэхэд олон нийтийг татан оролцуулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, биелэлтэд хяналт тавих л чиг үүрэгтэй. Гэтэл АН-ын “гар, хөл” болсон хvмvvсээр зөвлөлийг бүрдүүлснээс болоод одоо улс төрөө хөөх нь хөөж, шинэ албан тушаалд очих нь очиж ерөнхийдөө Д.Сүхбаатар, Т.Хасбаатар хоёр л бууриа сахиж үлдэх шив.

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулдаг. Тиймээс ч 2009 оны есдүгээр сард ардчилсан Ерөнхийлөгч зарлиг гарган одоо тарж бутраад алга болсон зөвлөлийг байгуулж өгсөн билээ. Нэгэнт байгуулсан зөвлөл нь тарчихсан учир эрхэм Ерөнхийлөгч одоо дахиад нэг зөвлөлийг тус газрын дэргэд байгуулж өгөх ажилтай болж байна. Хэлсэн, хэлээгүй энэ талаар ажиллаж л байгаа байлгүй. Харин дахиад намын гар, хөл бологчдоор зөвлөлийг бүү бүрдүүлээсэй.

http://www.tsag.mn/index.php?option=com_content&view=article&id=7319:2012-08-28-14-04-28&catid=78:avilga&Itemid=421


URL:

Сэтгэгдэл бичих