Эрх баригчдаа, импортлогчид шатахууны үнийг нэмэхээс өмнө…

Хойд хөршийн мэдэгдсэнээр, ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн шатахуун, түлшнийхээ татварыг 17 хувиар өсгөхөөр шийдвэрлэснээ зарлалаа.

Манай улсын хувьд хойд хөршөөс хар алтны зуун хувь хараат оршдог учир энэ шийдвэр хүндээр тусах нь тодорхой болоод байна. Шинэ Засгийн газар байгуулагдаад удаагүй байгаа энэ үед шатахууны үнийн гэнэтийн өсөлт ард түмний нуруун дээр мэдрэгдэж эхлэх нь. Уг нь дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш эсрэгээр буюу 0.6 хувиар суларсан.

Гэвч, олон улсын газрын тосны хэлбэлзэл манай улсад ОХУ-аар дамжин мэдрэгддэг тул хойд хөрш үнээ нэмсэн нь тэдний сар бүр газрын тосны бүтээгдэхүүний татварын хэмжээг тогтоодог уламжлалтай холбоотой. Хойд хөршийн Засгийн газар энэ сарын 25-наас шатахуунаас авах татварын хэмжээг эцэслэн баталгаажуулсан аж.

Ингээд ирэх сараас нэг тонн шатахуун тутамд 354.4 ам.доллароор өсгөх юм байна. Энэ нь өмнөх сартай харьцуулахад 17 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Тэгвэл түүхий нефтийн ханш мөн л ирэх сараас тонн нь 393.8 ам.доллар болох аж. Юутай ч, ОХУ шатахууны үнээ нэмэх нь нэгэнт тодорхой боллоо. Тиймээс бид импортлогч компаниудын шахалтаар шатахууны огцом өсөлттэй нүүр тулах шаардлагатай болох нь. Хойд хөрш шатахууны үнээ тонн тутамд тодорхой ханшаар нэмснээс шалтгаалж манай томоохон импортлогчид түүнээс доод тал нь хоёр дахин нэмдэг.

Үүнээс үүдэн дотоодын эдийн засаг сульдаж, мөнгөний ханш сулардаг нь үнэн. Тийм учир шинэ Засгийн газар хэзээ мөдгүй өсөх шатахууны үнийг тогтоон барихын тулд импортлогч компаниудад үнийн санал тавьбал ямар вэ. Одоогийн зах зээл дээрх дизель түлш литр тутамдаа 1700 төгрөгийн ханштай байгаа.

Тиймээс, ирэх сараас дор хаяж 200 эсвэл 300 төгрөгөөр огцом нэмэгдэх нь тодорхой. Магадгүй үүнээс хэд дахин илүүгээр ч өсөх магадлалтай. Харин Засгийн газрын зүгээс импортлогч аль нэг компанид шатахуун тогтсон ханшаар зарах эрхийн тендер зарлаж, түүнийг худалдан авсан компани тухайн ханшаас буулгахгүйгээр зарах боломж бий. Эрх худалдан авсан компани Засгийн газрын тогтоосон ханшаас буулгахгүйгээр түлш худалдаж, эргээд нөхөн төлбөр маягаар алдагдлаа нөхөх гарц юм.

Энэ бол нэг ёсны тэнгэрт хадах нь тодорхой болсон бензины үнийг тогтоон барих арга байж болох талтай. Юутай ч, 17 хувиар өсөх газрын тосны ханш манай улсын зах зээлд томоохон доргилт авчирна. Үүнээс сэргийлж импортлогч компаниудтай одооноос үнийн асуудлаар хэлэлцэж эхлэх нь зүйтэй юм. Хичээлийн шинэ жилийн эхний өдрөөс автобус, нийтийн тээврийн үнэ нэмэгдэж, нэгэнт тэнгэрт “ниссэн” махны үнэ огторгуйд ч гарч одохыг үгүйсгэхгүй.

Зах замбараагүй, бензины үнийн өсөлтийг нийлүүлэгч Оросуудтай бус оруулж ирдэг импортлогчидтой хэлэлцээрийн ширээний ард суувал болохгүй гэх газаргүй. Үйл ажиллагаа эрхэлдэг эсэх нь мэдэгддэггүй Газрын тосны газар мэтийн төсвийн мөнгөнөөс дэмий зарлагадсан төрийн албаны салбар, нэгжийг татан буулгасан нь нүдээ олсон ажил биз. Москва сар бүр газрын тосны импортын ханшийг шинэчлэн тогтоодог “хачин” зарчимтай.

Энэ нь манай эдийн засгийн солбилцол ердөө 30 хоногийн настай гэж хэлэхэд буруудахгүй. Сүүлийн жилүүдэд ОХУ-аас бензин, байгалийн хий худалдан авдаг томоохон зах зээл болох Украин, Гүрж зэрэг улсууд зах зээлээ Европ руу чиглүүлэх болсноор ОХУ-д хүнд тусах болсон. Тиймдээ ч, газрын тосны салбарт нүүрлэсэн алдагдлаа Монгол Улс зэрэг тоотой экспортлогчдоос хангахыг зорьж байгаа талаар барууны хэвлэлүүд онцолж байна.

Т.Батсугар

niigmiintoli.mn


URL:

Сэтгэгдэл бичих