СИРИЙН АЦАН ШАЛАА

Сирид болж байгаа иргэний дайн өнөөдөр дэлхийн нийтийн анхаарлын төвд байна. Барууны хэвлэлүүд Сирийн босогчдыг дэмжсэн мэдээлэл явуулж, Орос, Хятадын хэвлэлээр Сирийн албан ёсны эрх баригчдыг дэмжсэн мэдээлэл цацаж мэдээллийн дайныг бас давхар дэгдээгээд байгаа. Үүнээс болоод Сирид дэгдээд байгаа дайны талаар тодорхой мэдээлэл л хүргэхгүй бол хэн нь үнэн яриад, хэн нь дэгсдүүлээд байгааг мэдэхэд бэрх болсон. Иймд эрхэм уншигч танд бага ч болов тайлбар мэдээлэл хүргэх нь зүйтэй байх.
“Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэгчээр Сирид дэгдээд байгаа иргэний дайн оргүйгээс бий болоогүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Д
өчөөд жилийн тэртээ Сирид яг өнөөдрийнхтэй адил лалын хэт даврагсад эцэг Асадын дэглэмийг эсэргүүцэн бослого дэгдээж зургаан жил байлдсан байдаг. Тэгэхэд дэлхийн улс төрийн байдал өөр, Зөвлөлт ба АНУ гэсэн хоёр их гүрэн дэлхийг хуваан нөлөөллөөрөө өрсөлдөж байсан үе. Тиймдээ ч Сирийн арми “Лалын ахан дүүс” нэртэй бүлэглэлийн гишүүд голлосон бослогыг нисдэг тэрэг, танк, онгоц, их буу ашиглан аймшигтай хэрцгийгээр дарж байхад дэлхий нийтээрээ дуугүй л өнгөрсөн. Өөрөөр хэлбэл гаднаас босогчдыг зэр зэвсгээр дэмжээгүй. Өнөөдрийнхтэй адилаар Сирийн Хама хот лалын босогчдын гол түшиц болж байсан гэдэг. Хотыг Сирийн арми бүслэж байгаад хайр найргүй бууджээ. Иймдээ ч энэхүү бослогыг дарах явцад 20-40 мянган босогч алагдсан юм.

Бослого гарах болсон гол шалтгаан нь шашны урсгал хоорондын зөрчилдөөн. Тухайн үеийн бослого дэгдээгчид нь өнөөдрийн босогчидтой адил лалын шашны сунн урсгалыг баримтлагчид байлаа. 20 сая хүнтэй Сири улсын хүн амын талаас илүү хувь нь лалын шашны сунн урсгалыг баримтлагч. Үүний дээр лалын шашны шиа урсгалыг баримтлагч, алав урсгалыг баримтлагч, христийн шашинтнууд бас бий. Шашны энэ олон урсгал тус бүртээ л өөрийгөө цорын ганц үнэн үзэл гэдэгт огт эргэлздэггүй бөгөөд бусдыгаа үзэн ядна. Хүн амын дийлэнх нь суннитууд байтал алав урсгалыг дагагчид нь Сирийн улс төр, эдийн засгийн элитүүд байдаг.
Өөрөөр хэлбэл хүн амын цөөнх нь улсаа атгадаг. Үүнд суннитууд ямагт дургүйцсээр ирсэн. Олон жилийн өмнө тэдний бослого нь олон улсын зүгээс дэмжлэг аваагүйн улмаас нухчин дарагдаж байсан бол өнөөдөр босогчдыг Америк тэргүүтэй барууны ертөнц бүхэлдээ дэмжиж эхэлжээ. ВВС, СNN гэх мэт мэдээллийн агентлагуудаар дамжуулан мэдээллээр дэмжиж, хиймэл дагуул, тагнуулын хөлөг онгоцоор авсан нууц мэдээллээсээ өгч, буу сумаар хангаж байна. Ингэж байгаа тулдаа л босогчид Сирийн армийн эсрэг амжилттай ажиллагаа явуулж дөнгөөд байгаа юм. Гэтэл лалын шашин гэхээр л есдүгээр сарын 11, Бин Ладенаар төсөөлөөд байдаг Өрнөдийн орнууд яагаад лалын шашны хэт даврагсад толгойлж байгаа бослогыг дэмжээд байна вэ гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг.
Юуны өмнө бүс нутагт удахгүй дэгдэж магадгүй болоод байгаа Ираны эсрэг байлдааны ажиллагааг эхлүүлэхэд нэгдмэл, хүчирхэг Сири улс Америк тэргүүтэй барууны орнуудад огт хэрэггүй. Лалын шашны шиа урсгалыг дагагчид олноор оршин суудаг, дээр нь Сирийн эрх баригчид хэзээнээсээ Америк, Барууны орнууд, Израйльд дургүй болохоор Ираны эсрэг дайн дэгдвэл хэний талыг баримтлах нь ойлгомжтой. Харин Иран бол лалын шашны шиа урсгалыг дагагчид голчлон амьдардаг орон.
Палестин, Ливанд нөлөө бүхий “Хезболла” бүлэглэлийг дэмждэг гэж Сирийг Израйль, Америк байнга зэмлэдэг. Тэгэхээр нэгдсэн удирдлагатай хүчирхэг Сири байхгүй бол санхүүгийн дэмжлэг байхгүй болсон Хезболла зэрэг байгууллага аяндаа элдэв ажиллагаа явуулах тэнхээгүй болно. Ливийн дарангуйлагч агсан Каддафи нь Израйлийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг лалын шашны олон урсгалыг төлөөлсөн байгууллагуудыг мөнгө, зэвсгээр хангалттай тэтгэдэг байсан. Харин өнгийн хувьсгалын үр дүнд ёс төдий нэгдсэн удирдлагатай, тархай бутархай олон бүлэглэлийн мэдэл бүхий жижиг муж болон бутарсан Ливи нь бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг элдэв бүлэглэлд бодитой дэмжлэг үзүүлж чадахгүй болсон нь ойлгомжтой. Сири улсыг ч үүнтэй адил байдалд оруулахыг зорьж байгаа. Дээр нь Сири нь өөрийн газар нутгийн нэг хэсэг болох Голаны өндөрлөгийг Израйльчуудад булаалгаад өдий хүртэл буцаан авч чадахгүй л байна. Тэгэхээр Сирид босогчид ялаад ирвэл энэ нутгийн асуудал нэг хэсэгтээ л сөхөгдөхгүй. Энэ бол Израйль улсад хамгийн ашигтай шийдэл. Өөрөөр хэлбэл нэгдмэл, хүчирхэг Сири улс Израйльд хэрэггүй.
Үүний дээр бүс нутаг дахь Орос, Хятадын нөлөөг багасгах гэсэн давхар бодлого явж байгаа. Сири нь Орос, Хятадаас олон жилийн турш зэр зэвсэг худалдан авсаар ирсэн, найрсаг харилцаатай, эдгээр улсын сайн түнш. Тэгэхээр Сирийн одоогийн Засгийн газрыг унагаад авбал Орос, Хятадын зэвсгийн үйлдвэрлэлд нэлээд хүндхэн цохилт өгөхийн сацуу бүс нутаг дахь нөлөөллийг нь үгүй болгоно. Шинээр гарч ирсэн Засгийн газар нь Сирид байдаг Оросын цэргийн баазыг хаах нь гарцаагүй. Харин энэ бол Барууны орнууд тус бүс нутагт өөрийн бодлогыг явуулахдаа Оросуудын амыг харахгүй байх боломж бүрдүүлнэ. Энэ бүхэн Орос, Хятадын сонирхолд огт нийцэхгүй байгаа нь ойлгомжтой. Тиймдээ ч энэ хоёр улс НҮБ дээр Америк тэргүүтэй барууны орнуудын бүх л саналыг үгүйсгэж, Ерөнхийлөгч Башар Асадыг зэр зэвсгээр дэмжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэгдмэл бөгөөд Орос, Хятадын дэмжлэгтэй бие даасан бодлого явуулдаг Сири улс Барууны орнуудад хэрэггүй. Орос, Хятад хоёр Башар Асадад сайндаа ч дэмжээд байгаа юм биш. Башар Асадын оронд гарч ирсэн хүн тухайн бүс нутагт явуулж буй өөрсдийнх нь бодлогыг дэмжинэ гэсэн магадлал бага болохоор л дэмжээд байгаа. Ливийн хувьсгалын үеэр Каддафийг дэмжихгүй байсаар энэ улсыг нөлөөнөөсөө алдсан алдаагаа давтахыг хүсэхгүй байгаа.
Үүнээс гадна Туркийн Засгийн газрын эсрэг олон арван жилийн турш зэвсэг барин тэмцэж байгаа курдууд нь Сирийн эрх баригчдын зүгээс дэмжлэг авч, Туркийн хил орчмын нутгийг алан хядах ажиллагаа явуулах, дайралт хийх түшиц газраа болгон ашиглаж байгаа нь Анкарад таалагдахгүй нь ойлгомжтой. Тиймдээ ч Сирийн босогчдыг хамгийн ихээр дэмжиж байгаа улс бол Турк. Башар Асадын дэглэм нураад уначихвал курдууд дэмжлэггүй болж, цаашдаа Сирийн нутаг дэвсгэрт Туркийн арми курдуудын эсрэг цэрэг дайны ажиллагаа явуулахад бодитой эсэргүүцэлтэй тулгарахгүй болно. Дайн дажингүй, хүчирхэг Сири Туркт бас л хэрэггүй.
Барууны орнууд Сирийн босогчид нь ардчиллын төлөө бус харин лалын шашны сунн урсгалыг дэмжин, бусдыг үгүйсгэж байгаа гэдгийг ойлгосон ч нэгэнт л дэмжээд эхэлчихсэн болохоор буцаж чадахгүй. Орос, Хятад нь алуурчин гэсэн тодотголтой болоод байгаа Башар Асадын оронд өөр хүн гаргаад ирмээр байвч тийм хүн олдохгүй. Хоёр тал хоёул ацан шалаанд ороод яаж гарахаа мэдэхгүй болсон гэвэл нэг их том хэтрүүлэг болохгүй л байх.
Эцэст нь хэлэхэд улсын дотоод дахь шашны олон урсгал хоорондын зөрчилдөөн нь том улсуудын бодлоготой нийлэхээр ямар байдал үүсдэг болохыг Сири манай мэтийн жижиг улсад харагдаж байгаа юм. Бид тиймээс тархи угаалтыг маш идэвхтэй явуулж байгаа шашны элдэв урсгалыг эртнээс цэгцлэж байхад илүүдэхгүй. Эвгүйтвэл 20, эсвэл 30 жилийн дараа Монголын христийн шашинтан, буддистууд, лалын шашинтнууд гэж гурав талцаж байгаа газрын баялгаа хэн нь захиран зарцуулах вэ гээд үзэлцээд, дээр нь Орос, Хятад, Барууны орнууд хөндлөнгөөс орж ирж зохицуулдаг “баатрууд” болчих байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй л юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих