Япон чанар
Дэлхий дээр урьд үзэгдээгүй байгалийн цохилт, дайралтууд ээлж дараалан ирж, хүн төрөлтхтний аархуу ааш араншинг номхотгон, хийрхэл, сайрхлын үнэт сургамжуудыг өгсөөр байна. Зөгнөнө зөгнөнө гэхэд Жюль Верн шиг биш, зөнчилнө зөнчилнө гэхэд Нострадамс шиг бус, таана таана гэхэд Распутин шиг биш, таамаглана таамаглана гэхэд Ванга шиг бус, яахын аргагүй нөмрөөд ирэхэд нь зугтахын аргагүй “Цунами” туулай жилийнхээ ээлжит цохилтыг хийлээ. Энэхүү цохилтод манай дэлхийн хамгийн туршлагатай, хамгийн бат бэх хамгаалалттай, хамгийн их сэтгэл зүйн бэлтгэлтэй Япончууд өртлөө. Өдөр бүр доргионтой, цаг бүр чичиргээтэй японы аралд 100 жилийн дараа тулгарсан аюул боллоо гэж япончууд өөрсдөө дүгнэж байна. Далайн цохилт, газар хөдлөлтийн цохилт ч анх удаа хавсарчих шиг боллоо. Анх удаа хавсарсан цохилтод өртсөн болохоор япончуудад бас нэгэн сургамж үлдээх нь дамжиггүй. Гэвч ойрын өдрүүдийн түгшүүр нь “Цунами”-гаас илүү япон хүний чанар, япон технологийн чанарыг бидэнд харуулав. Нэгэнт байгалийн сүр хүчний нэгэн давалгаа болсон “Цунами”-гаас бид айгаад хаашаа холдож чадах вэ? Холбирч хагардаг газар эх, цовхорч дэвхэрдэг уул ус холдож чадахгүйгээс хойш их далайн эрэг хөвөөнд амьдарч ирсэн япончууд “хавирган” чинээ арлаасаа ч зугтаж дайжсангүй. Хаяж нүүсэнгүй. Харааж зүхсэнгүй. Төрөлхийн хувь заяандаа итгэж, мөнхийн нутаг усандаа уяатай чигээрээ, харин ч мөлхөж тэмтэрсэнгүй, босож тэмцлээ. Үүн шиг агуу юм гэж хаана байх вэ?
“Цунами”-ийн цохилтод өртсөн хэрнээ үлдэгсэд нь “Би баатар боллоо”, “Би ганцаараа амьд үлдлээ” ч гэж сайрхсангүй. Урсгал, давалгаа намдсан хойно, түймэр, сүйрэл суларсан хойно ганц нэгээрээ ч байсан орчныхоо зам талбайг цэвэрлэж, нуранги, хогийн завсар амьдралаа үргэлжлүүлээд нэн тайван уужуу байх нь “Эх оронч” гэж хашгирснаас илүү итгэл найдварыг хүн төрөлхтөнд харуулж байх юм.
Хүн төрөлхтнийг ухааруулсан байгаль эхийн сүр хүчийг сөрөн зогсохын үлгэр дууриалал, босоо байхын утга учрыг харуулсан хоёр дахь том жишээг бид Япончуудаас олж харлаа. Тэр бүр хүмүүст байхгүй онцлог чанарыг ч олзолж авлаа. Анхны баатарлаг, тэвчээрлэг чанарыг бид ноднинхон Чилийн уурхайчдаас олж авч байснаа мартаагүй биз ээ? Тэр үед уурхайчдыг аврах үйл ажиллагааг дэлхий дахин нүд цавчилгүй харж, гүн ангалаас хүнийг аврах урлагийг орчин үеийн техник технологитой хослуулан эзэмшиж чадсанаа бид харсан. Мөн хүн чанарын нарийн нандин гүн чанарыг ч давхар мэдэрсэн. Чилийн уурхайчдаар дамжуулж хүн төрөлхтөн өөрсдийнхөө хүч чадварыг мэдэрч авсандаа ихэд олзуурхаж байсан. Энэ тухай бивээр “Хүн төрөлхтний гайхамшигт чадвар” хэвээрээ байгаа юм байна. Бидэнд бахархах юм байна шүү гэдгийг онцлон тэмдэглэж, цохон бичиж байсан. Тэгвэл өнөөдөр дэлхийд “Япон чанар” гэж өөрийн эрхгүй дуун алдахад хүрлээ. Цунамийг сөрж чадсан, газар хөдлөлтийн гамшгийн өөдөөс өрж боссон япончуудаас бид сурах юм их байна. Хүн төрөлхтөн ч япончуудаас гзар хөдлөлт, “Цунами” зэрэгцсэн үед яаж ажиллах вэ? гэсэн амьд хичээлийг ч заалгаад авлаа. Бурхан нүдтэй гэж үнэн юм. Хамгийн хэцүү үеийн хачирхалтай хичээлийг заавал япончуудаар заалгаж байгаа нь цаанаа бурханы нүд юм уу, байгаль эхийн нүд юм уу? Яагаад тэд япончуудыг сонгож авсан байна вэ? Яагаад америкчуудаар заалгасангүй вэ?
Яагаад англичуудыг сонгосонгүй вэ? Яагаад Оросуудыг юм уу, германчуудыг эсхүл хятадуудыг орхичихов оо? Үүнд хэн ч хариулж чадахгүй. Хүн төрөлхтнийг орилалдуулаад байсан аймшигт 2012 он ойртоод ирчихсэн нь энэ үү? Дэлхий сөнөхөд ердөө нэг л жил үлдсэн нь энэ үү? Үүнд бас л хариулт хэрэггүй. Эдгээрт хариулахын өмнө япончууд шиг чив чимээгүй тулгарсан аюултай гардан тэмцэе. Гай гамшгийг сөрөн зогсоё. Хийрхэл, хөөрөл ийм үед хэрэггүй юм байна. Хийж бүтээх нь л чухал юм байна. Дэлхийд гайхагдахаар япон чанараас суралцацгаая.
Япон чанарын нэгэн жишээ.
Өнгөрсөн Баасан гарагийн үд дундаас эхлээд өнөөдрийг хүртэл Монгол Улсын хэд хэдэн телевизийн сувгууд унтарсангүй, унтсангүй. Ядаж байхад манай нийслэлийн цахилгаан ганц ч хором тасарсангүй. Хаа хол байгаа Японд биш манай Улаанбаатарт л “Онцгой байдал” зарлачихсан мэт байлаа. Цаг үеийн мэдээ, мэдээллийг дэлхийд алдартай телевизийн сувгуудаас ч илүү шуурхай мэдээлж байгаад нь баярламаар. Гэвч “дайны хажуугаар дажин” гээч шиг хэтэрхий хийрхэл, хөөрөл давмгайлж байгааг эхлээд мэдсэнгүй. Тэднийгээ дагаад л хөөрч эхлэх дөхсөнөө нуух юун. Энэ хөөрлийг маань Токиод амьдардаг худ ургууд маань дарж өглөө. Тэднээсээ тайвшралыг олж авав. Японд урьд нь болж байгаагүй газар хөдлөлт, “Цунами” давхцсан тул өөрийн эрхгүй худ ураг болсон ах дүүстэйгээ холбоо барьж, яаралтай хүрээд ирээч гэх нь холгүй уулга алдан ярилаа. Орой бүр тайван уужуу ярьж суудаг дүрстэй дурангаа чиглүүлж, дүүтэйгээ холбоо барив. Дүү маань хүүхдээ бүүвэйлчихсэн, нөхрөө ажил дээрээ байгаа, гэхдээ галт тэрэг, хөдөлгөөн бүхнийг хаачихсан учир гэртээ ирж амжаагүй байна. Хадам аав маань ажил дээрээ, ээж маань гэртээ сууж байгаа. Бидэнд санаа зовох хэрэггүй гээд хээв нэг тайван угтлаа. “Үгүй та нар яасан тайван улс вэ? Ажил дээрээсээ бушуу ирээч гэж нөхөр рүүгээ, аав руугаа яриач ээ. Бүр болохгүй бол нисээд ирээч. Бид байр сууцыг чинь янзлаад тосьё, тэгэх үү?” гэсэн чинь “ Ах аа, одоохондоо Токио гайгүй байна. Харин Сэндай хот л хүнд байдалд орлоо гэж зурагтаар мэдээлж байна. Энд хүмүүс, иргэдээ тайван бай, гэрээсээ хол битгий гар гэж зөвлөж байна. Би эндхийн усыг нь ууж байгаа хүн ёсыг нь дагая. аав, ээж, нөхөртэйгөө ярья. Тэднийгээ харья. Түүнээс биш түрүүлж хөдөлж болохгүй. амиа бодсон муухай юм болно” гэж дүү маань тайлбарлав. Нэг хэсэгтээ ч холбоо бүрмөсөн тасрав. Шөнийн гурван цаг хүртэл мэдээ ажиглалаа. Өглөө босоод холбоо баривал аг чиг. Үд хүргэлээ чимээ байдаггүй. Дүүгээ ойр байсансан бол аашилж, алганы амт үзүүлмээр тэвчээр барагдав. Тэгтэл оройхон холбоо барив. мань хэд маань нэг дороо цугларчихсан бүүр хоол унд идээд инээж ханиагаад сууцгааж байх аж. Яагаад чимээгүй болчихов. Бид их санаа зовж байна шүү дээ гэвэл ноён Хитоши Шимүзү сан “Та нар зоволтгүй ээ. Бид энд тайван байгаа болохоор та нар сандрах хэрэггүй. Бүр болохоо боливол бид Монгол Улс руу явж л таарна шүү дээ. Энд тийм хэцүү байдал үүсээгүй тул зүгээр тайван байцгаа” гэсэн эелдэг хариу өглөө. Энэ хариуг сонсоод ихэд тайвшрав, бид. Хийрхлээр дүүрсэн монгол сувгуудаа хааж санаа амрав.
Япончуудын энэ тайван уужуу чанар ямар бахархалтай байна вэ? Тэд хэцүү цагт эх орноосоо дүрвэж, дайжсангүй. Ер тэдэнд тийм сэтгэхүй байдаггүй бололтой. Тэгтэл хаа хамаагүй манай энд телевизийн хөтлөгч, иргэн хоёр муудалцахаа дөхчихсөн суух гэж? Нэгэн иргэн “Монгол Улс япончуудад газар өгчихсөн ч болно шүү дээ. Манайхыг ядрах үед Япончууд л их тусалсан. Одоо ч тусалж байна Үүний хариуд жаахан газар өгчихье л дөө” гэсэн чинь нөгөөх нь ихэд уурлаж “Чи муу боль. Хумсын чинээ ч газар өгч болохгүй” гээд л уурсаж байх юм. Энэ бол хийрхэл юм. Япончууд биднээс хумсын ч чинээ газар гуйгаагүй өдий хүрсэн. Гуйх ч үгүй юм байна. Эхлээд би хүртэл япон худдаа хар төрж байсан. Цаанаа газар нутагт минь санаархаж л манай дүүтэй ганц хүүгээ гэрлүүлж байна даа, энэ нөхөр гэж муу санааны мухарт атгаг бодол асч байсансан. Тэгвэл тйим муу санааны оч ч цухалзахгүй байгааг энэ үед худаасаа олж мэдэрсэн шүү, мунхаг бивээр. Япон чанар эндээс илүү мэдрэгдсэн. Япончууд монголын газар шорооноос атгахныг ч гуйхгүй юм байна. Харин бид яасан муухай атгаг санаатай юм бэ, ичмээр гэдэг нь. Харин бид япончуудад монгол ноолуурын үнэртэй хөнжил, гудас, бүтээлэг, цамц, хувцас илгээвэл газар шорооноосоо тасдаж өгснөөс илүү ач буян болох билээ.
Монгол Улсын Засгийн газар шуурхай хуралдаж “Юу байна түүгээрээ” гэдэг шиг ноолууран хөнжил, бүтээлэг онгоцоор яаралтай илгээсэнд баярласныг юу гэхэв. Тээр жил Тоба хотод болсон газар хөдлөлтийн үед монголын ноолууран хөнжил л ихэ гоё тусламж болсон гэж япончууд ярьж байсныг эргэн саналтай.
Япон чанарын нөгөө жишээ
Японы Засгийн газар шуурхай, шургуу ажиллаж байгааг анзаарав уу? Ерөнхий сайд Ниото Кан ажлын хувцсаа өмсчихсөн нисдэг тэргээрээ гол голомт болсон газруудыг нүдээр үзэж, шаардлагатай шийдвэрийг гаргаж байна. Өөрөө нэн тайван, ард иргэдээ ч тайван байхыг сануулж байна. Юм бүхэнд засгийн газар хариу өгөх гэж сандралдахгүй, хэдэн сайд нь ардын баатахрр болж шовойхгүй байгаагаас сургамж, үлгэр авмаар гэж жигтэйхэн. Манайхан шиг ам уралдан ярьж, амлалт өгөн мансуурахгүй байгаа нь олзуурхам. Атомын цахилгаан станц дэлбэрлээ, аюумшиг ирлээ гэж хйирхэн хашгиралдсангүй. Ердөө л мэргэжилтэн гарч ирээд яг хаана, ямар гэмтэл гарав, түүнийг яаж засч, хэвийн ажиллагаа горимд оруулав гэдгээ ч нэн тайван, яс тас хариулж байх юм. Ажлаа мэддэг мэргэжилтэн байх ямар сайхан юмб? Цахилгаан сатэннцынхаа зураг сэлтийг ил тод харуулах юм. Хэдэн онд ашиглалтад орсон, одоо дэлбэрсэн бүсэд ямар бодис асгарч, хүнд ямар хохирол учруулах вэ? гэдгийг ч жин бантай, жишээ баримттай хэлээд өгөх юм. Ойр тойрны хэдэн хүнийг шинжилгээ, эмчилгээнд оруулснаа ч хэлж байхад наана нь хий сандарч, хоосон самгардаад яах юм билээ?
Тэгтэл манай энд атомын цацраг идэвхт бодисонд хордлоо шүү, бушуухан ирээрэй гээд тэнд суралцах гэж очсон хэдэн хүүхдээ утга учиргүй дуудаад сүйд болж байх юм. Уг нь ч хамгийн их аюултай юм нь “Цунами”-гаас илүү атомын цахилгаан станцуудын байдал юм. Хэдхэн хоромд давлаад өнгөрөх “Цунами” бол дайралдсанаа хамаад арчаад л өнгөрнө. Эвдрэл сүрлийг эргүүлээд босгочихож болно. Тэгвэл атомын цацрагт хордлого бол зуун жилийн ч хор хохирлыг дагуулах аюултайсан. Харинч япончуудын бат бэх технологи эзэмшсэн чанар бас л эндээс харагдав. Аль хуучирсан гэлтгүй шинэ технологи нэвтрүүлчихсэн тул дэлбэрч, шатсан станцуудын осол хэсэгчлэн гарч л байна. Тэгэхдээ ихэнх станцуудаа автоматаар унтрах, аюулаас сэрэмжлэх авсаархан үйл ажиллагаатай болгож амжсан тул өөрийн орондоо төдийгүй гадны улс орнуудад ч аюул учруулсангүй. Америк л хөргөгч техник дөхүүлж өгч байх шиг байна. Ер тэр бүхнийг япончууд гаднаас авья гэхгүй байгааг нь ажиглав уу? Бүгдийг өөрсдөө, бүхнийг өөрийн гараар хийж байгаа нь үлгэр гэлтэй. Өөрсөддөө ч нөөцтэй, игтэлтэй байгаа нь давуу чанар гэхээс аргагүй. Эхний удаад 50000 цэргийг дайчиллаа. Нэмж тэр хэмжээний хүн хүч гаргана гэж байна. Гаднаас цэрэг хүн, хүч царайчлахгүй байгаа нь ч япон чанарын нууц гэлтэй. Хамгийн их хэлмэгдсэн сэндай мужид тэр дорхноо л 300 гаруй нисдэг тэрэг, галын машин, техник хэрэгсэл гараад ирчихсэн ажиллаж байгааг харахад өөрийн хүчирхэг үйлдвэрлэл, техник технологитой улс орон ямар сайхан байдгийм бэ? гэж дуу алдмаар.
Япон чанарын бас нэгэн жишээ нь, “Цунами”-д өртсөн бүс нутагт үлдсэн эвдэрч хугараагүй барилга байшингаас харж болно. Эвдрээгүй замаас үзэж болно. Далайн гүнд сорогдоод давалгаанд цохиулаад шил нь хагараагүй машин, жижиг хөлөг онгоц, завинуудаас мөнөөх японы бат бэх чанарыг илхэн харлаа. Токиод байдаг өндөр барилгууд ганхаж үлдсэн, телевизийн цамхгийн нгэн төмөр л жаахан тахийсанг эхээс өөр гэмтэл гараагүйг дуулаад бахархмаар. Токио Сэндайгаас 400-хан км зайд байна лээ. Энэ бол их ойрхон гэсэн үг. Тийм л бат бэх чанардаа эрдэж Токиочууд тайван амгалан байсан байх. Токиогийн далайд гарч үзсэнээсээ жишээлэн хэлэхэд далайн эрэг дээр асар том хана босгосон байдгийн учрыг ч сая ухаарав. 10 метр байтугай өндөр хана босгосон байдаг юм билээ. Тэр нь тэнгисийн давалгаа бүү хэл “Цунами”-гаас давхар хамгаалсан бат бэх хэрэм ажээ. Саяын “ЦУНАМИ”-гийн үеэр тэрхүү ХАНА ХЭРЭМ, ХААЛГА, ЦОНХОО хаасан гэж Токиод байдаг хүргэн, худууд маань ярьж байсан. Токио таурын 55 давхарт ажилладаг хүргэн маань ганхаж байснаас өөр гойд юм болоогүй гэж ярьсан нь бараг сансарт нисч байдаг хүн шиг санагдсан. Энэ бол япон чанарын амьд жишээ. Ер нь япон хүн эх газар дээр ч, их далайд ч, сансарт ч ажиллаж амьдрах итгэл дүүрэн байдаг байх аа. Ямар чүед жижиг арлаа голж харьд дүрвэхгүй нь ч тодорхой. Бусдын газар нутгаас ч булаалдахгүй.
“Цунами”-гаас илүү япон чанарыг эзэмшие. Мянга мянган “Цунами” болоод өнгөрөхөд сэргээн босгож, сэхээрэн уужирч ажиллаж чаддаг япон чанар бидэнд дутаад байна. Япон чанараас дутуугүй монгол чанар бидэнд бийсэн. Хэдийд ч газар нутгаа хаяхгүй япон чанар, хэзээ ч эх орноо сэргээн босгож чаддаг япон чанар дэлхийд үлгэр жишээ болж байна.
Аяа, япон чанар, аргагүй л дуурайлалтай харагдаж байна шүү.
Ж.Батсайхан
URL: