Гэр Бүлдээ Цаг Гаргая

Одоогоос арван нэгэн жилийн өмнө буюу 2001 оны 05 сарын 2-нд  “Гэр бүлийн радио FM 104.5” Монголын хэвлэл мэдээллийн ертөнцөд гэр бүлийн гэсэн тодотголтойгоор албан ёсны үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. Бид Монголын гэр бүлийн сайн сайхны төлөө оюун ухаан, зүрх сэтгэл, хүч чадлаа дайчлан үйлчлэхдээ шударга ёс, ёс суртахууны дээд хэмжээг эрхэмлэн нийгмийг эрүүлжүүлж олон нийттэй түншлэхийг зорин ажиллаж байна. Тиймдээ ч Эрүүл харилцаа, Ивээгдсэн гэр бүл, Эвлэрсэн нийгмийн төлөөх дуудлагыг сэтгэлдээ тээн хүчин зүтгэж байгаадаа баяртай байдаг.

Нийгмийн үндэс болсон гэр бүлийн харилцаа, гишүүн бүрт зориулсан нийтлэл нэвтрүүлэг бэлтгэж сонсогчиддоо хүргэх нь зорилго хийгээд хүсэл мөрөөдөлдөө хүрэх алхмын маань нэг хэсэг гэж бид үздэг. Эерэг дулаан бүхэн гэр бүлээс л төрдөг.  Шударга сайн нийгмийн эхлэлийг гэр бүлүүд л тавьж чадна. Тэр сайн сайхан эхлэлийн бат бөх суурь нь бидний хамгийн эрхэм нандин үр үндэс болсон бяцхан хүүхдүүд та бүхэн гэдгийг дуулгахад таатай байна.

Сонсогчдын хүсэл сонирхол, хэрэгцээ хийгээд бие хүн болон төлөвшихөд зориулсан уран бүтээл бэлтгэхийн зэрэгцээ тэдэнд зориулсан олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах нь тааламжит дулаан харилцааг нийгэмд хөхүүлэн дэмжих, эерэг нөлөөллийг бие биедээ түгээх гүүр болох нь дамжиггүй бизээ. Энэ ч утгаараа бид монголд анх удаа “Бүх хайраа гэр бүл дээ”, “Амралтын өдрийг гэр бүлдээ” зэрэг уриан дор “Дэлхийн Гэр бүлийн Өдөр”-ийг Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагатай хамтран санаачлан тэмдэглэж ирсэн түүхтэй билээ. Харин энэ жил тус өдрийг Гэр Бүлдээ Цаг Гаргая…. гэсэн уриатайгаар тэмдэглэж байна.

Бидний уриалсан уриалга монголын мянга мянган гэр бүлүүдэд манай радиогийн эфирээр түүчээлэн хүрч, тэдний Гэр бүлдээ цаг гаргах хүсэл эрмэлзлийг өдөөнө гэдэгт итгэлтэй байна.

2012 он Монголын гэр бүлүүд хүчирхэгжин батажсан, эрүүл харилцаа, ивээл ерөөлөөр бялхаж, эвлэрлийг тунхагласан өөрчлөлт шинэчлэлтийн жил байх болтугай.


URL:

Сэтгэгдэл бичих