Ардчилсан Монголын иргэд улсынхаа нийслэлд боолын хөдөлмөр эрхэлж байна

Хүний газар гүний хошуунд Монгол хүн ад үзэгдэж, дээрэлхүүллээ гэхэд гайхах юм алга Угаас хүний нутаг л бол хүнийх л байдаг хорвоо хойно. Харин Монгол Улсдаа бүр улсынхаа нийслэлд иргэд маань ямаршуухан нөхцөлд амьдарч, ажиллаж байгааг хараад хэлэх үг олдсонгүй. Нэг үеэ бодоход монголчууд хувийн үйлдвэр гэх подвальд чихэртэй усанд газ шахсан зүйлийг ундаа хэмээн уухаа больж.
Дэлхийн брэнд гэгдэх бараа бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчид маань үйлдвэрлэж, монголчууд ч сонголт арвинтай найдвартай хэмээн сонголтоо хийдэг болсон. Гэтэл яг өнөөх соса cola, витсамог үйлдвэрлэдэг хоёр үйлдвэрийн тэхий дунд цементийн ил задгай үйлдвэрлэл явагдаж байх юм. Централ Эйшиан цементийн үйлдвэр. Албан ёсны хаяг нь Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улиастайн гудамж (Амгалан цагдаагийн ханган нийлүүлэх газрын зүүн талд).

Ямар учраас яг нийслэлийн төв бүсэд ийм үйлдвэрлэл явуулж буй олж мэдэхээр тус газрыг зорилоо. Тээр жил сумын наадамд очиход бөөн шороо тэнгэр баганадсан байхыг бас өнгөрсөн жил Өмнийн говьд том оврын машинууд нүүрс зөөхөд үүссэн байсан шиг тэнгэр баганадсан шороо л биднийг угтлаа.
Бичиг баримт, зөвшөөрөл гэхээр зүйл тэдэнд байсангүй. Байгаль орчны үнэлгээний бичиг зөвшөөрөл ч байсангүй. Хүний эрхийг хөлөндөө гишгэсэн тэд бид Улаанбаатарт байдаг цорын ганц цементийн үйлдвэр гээд хөөрөлхөх маягтай юм билээ. Уг чанартаа Улаанбаатар төдийгүй ямар ч улс орнуудын нийслэлд ийм үйлдвэр байдаггүй гээд бодохоор дэлхийд ганц гээд хэлчихэд ч буруудах зүйлгүй л юм билээ.

Уг тус компанийнхан үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчилгээ, борлуулалт гэхчлэн ихээ өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Бас Оюутолгой, Тавантолгой гэхчлэн том том төслүүдийн барилгын асуудлыг ч хариуцдаг гэж дуулдсан. Монголд орж ирээд таван жил болж байгаа гэх. Үйл ажиллагаа ашиг орлогын хувьд том компани гэсэн үг л дээ. Тэгсэн атлаа Монголоос ийм хэмжээний хөрөнгө босгочихоод Монгол хүний ажиллах орчинд анхаарах сэтгэл тэдэнд алга. Монголын хүн амыг хордуулж, тоосжилт, агаарын бохирдолд арвин их хувь нэмэр болдог цементийн үйлдвэрт нь 40-50 тонны машин ажиллаж байдаг юм байна. Байгаль орчны бохирдол гэхээр утаа гардаггүй бэлэн клингер худалдаж авдаг гэх ч үнэн хэрэгтээ шатаасан шохойн чулуу гэдэг ямар хортой бодис болохыг захын 10-н жилийн сургуулийн химийн багш хэлээд өгнө. Цацраг идэвхтэй туяа ч цацруулдаг гэж дуулдсан. Тэд бид клингерээ МХГ-аар шинжлүүлдэг гэх ч мөнгөөр асуудлыг зохицуулдаг бололтой. Энэ талаар бидэнд мэдээлэл өгсөн хүн, яг тус цементийн үйлдвэрт хэрэглэдэг шохойн чулуунаас авч, Мэргэжлийн хяналтын газарт очоод, “Бид БНХАУ-аас клингер оруулж ирэх гэсэн юм” гээд дээж өгч л дээ. Хариу нь боломжгүй хортой гэж гарч.

Тэгсэн атлаа тэдний өгсөн дээж нь хоргүй гэж гардаг гэж байгаа. Нэг бодис атлаа ийм зөрүүтэй хариу гарч буйг их мөнгөний ач тус гэхээс өөрөөр хэрхэн тайлбарлах вэ. Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэдгийн баталгаа нь энэ. Баахан хөрөнгө мөнгө идчихээд, байдал бишдэхээр гараад л явчихна, хүний хүн… Хүний хүн бол хүний л хүн. Хятад эзэнтэй байснаас долоон дордчихлоо гэж шогшрох Монгол ажилчид, эргэн тойронд тоосжилтынх нь ихийг гайхан аж төрөх эгэл иргэдийн хохирлыг эцэст нь хэн төлж барагдуулах юм бэ. 30 гаруй ажилчинтай цементийн үйлдвэр хотод үйл ажиллагаа явуулдаг гэхчлэн давуу тал ихтэйгээ гайхуулдаг юм билээ. Үнэн хэрэгтээ тэндхийн ажилчдын ажиллах нөхцөл нь хүнд гэхэд ч багадам байдалтай байдаг нь нүднээ ил. Хатуухан хэлчихэд Үндсэндээ тэнд ардчилсан Монголын иргэд эх орондоо боолын хөдөлмөр эрхэлж байна. Хятад эзэнтэй байхад арай ч ийм байгаагүй. Америк эзэнтэй болоод шал дордлоо гэх үг ч бас нэгийг бодуулсан. Америк, Хятад гэх ялгаа алга байдаг аж. Гагцхүү тухайн хүн ямар бодолтой вэ гэдгээс их зүйл шалтгаалдаг нь эндхийн байдлаас мэдрэгдэнэ.

Монголчуудын өргөнөөр хэрэглэдэг ундааны 60 гаран хувийг үйлдвэрлэдэг томоохон гэж хэлж болохуйц үйлдвэрүүдийн нэгнээс нь 50 нөгөөгөөс нь 62 метрийн зайтай хотын төвд, товчхондоо Амгаланд байрлан үйл ажиллагаа явуулдаг тус газрын зөвшөөрлийг хэн өгсөн юм бэ гэдэг ч эргэж сөхөж хариуцлага тооцох асуудлын нэг яах аргагүй мөн.
21 дүгээр зууны ардчилсан Монгол Улсын нийслэлд ил задгай, эгээ л дундад зууны үеийнх шиг үйлдвэрлэл явж байна гэдэг дэндүү харамсалтай хэрэг биш гэж үү. Гөлтгөнө, клингер, “шатаасан шохойн чулуун”, үнс зэрэг бодисуудаар задгай үйлдвэр явуулдаг тус үйлдвэр хоногт дунджаар 500 гаруй тонн цемент үйлдвэрлэдэг ч Монгол Улсын стандартад цементийн үйлдвэрлэлийн талаар маш нарийн заасан байдаг заалт тэдэнд огт хамаагүй байдаг юм билээ.

Ойролцоох айлуудаар нь орлоо. Гэрийн эзэн “Манайх чацаргана тариалдаг. Угаасаа энэ хавьд хөрс сайтай л даа. Гэхдээ, өглөө босоход л мод маань цав цагаан болчихсон байдаг. Натурал хүнс хэрэглэх гээд харин ч эсрэгээрээ хүүхдүүддээ бөөн хор өгчих вий гэж эргэлзэх л юм” гэсээр биднийг угтсан. Бид цаашилж тус үйлдвэрийн хашаанд байх нэг гэрт орлоо. Манаачийнх нь гэж зааж өгсөн хэрэг л дээ. Гэрт нэг эмэгтэй байна. Нэрээ хэлэхгүй ээ, бас ярилцлага ч өгөхгүй гээд дурамжхан байснаа ер нь яадаг юм бэ, худдаа юм биш гэснээр бидний дунд доорх яриа өрнөсөн юм. Тэрбээр тус үйлдвэрт тогоочоор ажиллаж байгаад саяхнаас ажлаа өгчээ. Харин нөхөр нь манаачаар ажилладаг юм байна. Тэрбээр ийн ярилаа.

-Манай тогооч байсхийгээд л солигддог. Би хоёр жил шахам ажиллаж байгаад саяхнаас больсон. Харин нөхөр маань сахиул. 180 мянган төгрөгийн цалинтай. Татвараа өгөөд 140-өөд мянгыг л бэлэн авдаг юм. Хагас, бүтэн сайны болон баярын нэмэгдэл огт олгодоггүй. Хэлэхээр сахиул хүнд олгогдохгүй гээд байдаг юм. Цалингаа нэмүүлье гэхээр нүүрс түлээ өгдөг гэнэ. Нүүрс түлээ авахгүй өөрсдөө авчихна гэхээр авчирчихаад ав, цалинг чинь нэмэхгүй шүү л гэдэг.

-Ингэхэд танай үйлдвэр хоногт хэдэн тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай байдаг юм бэ?
-Цагт 20 тонн. Ингээд хэлчихээр үйлдвэрийн нууц задрууллаа л гэх байлгүй. Гэхдээ бодит байдал нь л тэр. Шалгаад үзэхгүй.

-Цементээ хаана ямар шугамаар борлуулдаг юм бэ?
-Больё,цагт 10 тонн гээд бодоод үзээрэй. Тэнэг хүн ч бодчихно доо. Цементээ зах зээлийн үнээр л зардаг. 425,150-тай, 325 нь 160 төгрөгийн ханштай гээд…Нэг кг нь шүү дээ.

-Та тогооч байсан гэсэн. Ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа юм чинь хоол ундных нь чанар сайн биз дээ?
-Хэцүү л дээ. Нэг хоол 1800-2000 төгрөгт багтсан байх ёстой гэдэг. Гэхдээ ажилчдаа хангалттай цадтал хооллоод цалингаа гаргаж аваарай гэнэ шүү дээ. Нэг хүнд 100 грамм мах л ноогддог. Тэгж байж л цалингаа гаргадаг юм. Угаасаа энд ажилчидтай байгуулсан гэрээний дагуу ажиллана гэсэн ойлголт байхгүй. Ямар ч боловсролгүй хамаатны улсуудаа авчраад тавьчихсан. Хэдийгээр би хоригдол байж үзээгүй ч хоригдол л ийм байдаг байх даа гэж боддог.

-Их том компанийн салбар юм байна лээ ш дээ, танай компани. Яг эндхийг ямар хүн хариуцдаг юм бэ?
Галбадрах гэж нэг залуу бий. Гарын үсэг, тамганы ч мэдэлгүй л амьтан. Бид тодорхойлолт авах гэхдээ хүний нөөцөөр тодорхойлолтоо бичүүлээд Цэндсүрэн гэдэг эмэгтэй гарын үсэг зурдаг. Манай эзэн байгаа юм.

-Америк эзэнтэй гэж сонссон ш дээ?
-Цэндсүрэнтэй хамт амьдардаг, нөхөр нь ш дээ. Эзэн нь гэсэн үг биз дээ. Гарын үсэг зурдаг хүн нь яах аргагүй л Цэндсүрэн.

-Америк эзэнг нь хэн гэдэг юм бэ?
-Ли Кашел гэдэг юм. Ам нээснийх уушги нээ гэдэг дээ. Ний нуугүй хэлэхэд энд хүмүүс боолын хөдөлмөр л эрхэлдэг. Би нөхрийнхөө нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах талаар хөөцөлдье гэж бодоод байгаа. Энд шударга бус юм их гардаг даа. Монгол лаборант нь 650 мянгыг л авдаг байхад хятад нь гурваас таван сая төгрөгийн цалинтай байж болохгүй биз дээ.

-Хөдөлмөр хамгааллын инженер байдаг уу?
- Өмнө нь байгаагүй. Саяхнаас л нэг инженертэй болсон. Ажилчдад ажлын хувцас авч өгдөг ч cap бололгүй тасраад унадаг. Гутлынх зургийг аваарай. Хангамж бий гээд байдаг ч ямар ч хоргүйжүүлэх зүйл өгдөггүй. Усанд орох нь бүү хэл саяхан л тэр гоожуурыг авч өгсөн. Хараа биз дээ, гэрт тавьдаг шиг.

-Өдөрт дунджаар 300-500 тонн цемент үйлдвэрлэдэг гээд бодохоор хоногт тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг. Цэвэр ашиг нь 40 хувь гэхээр 200-300 сая төгрөгийн ашиг олдог гээд тооцчиход болно. Яагаад ажилчдадаа анхаарал тавьдаггүй юм бэ. Та нар шаардлага тавьдаггүй юм уу?
-20 хэдхэн хүний нуруун дээр энэ үйлдвэр явдаг. Жил бүр нийгмийн асуудалд анхаарна гэдэг ч хулхин дээр цэцэг ургуулдаг. Галбадрах чинь хорин хэдтэй л хүүхэд. Тэр Цэндсүрэн гэгч нь бидэнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Хүний нөөцдөө шаардлага тавихаар шал бүтэхгүй, утгагүй юм яриад байдаг. Бид хувьдаа сахиул хүнд баярын урамшуулал өгдөггүй гэх үгийг энэ хүнээс өөр хүнээс олж сонсоогүй.

-Уг нь ийм л үйлдвэр битүү орчинд ажиллах ёстой байдаг юм шүү дээ?
-Ил ш дээ. Бид цементээ мэрж л амьдарч байна.

-Тоосжилт ч хэрээс хэтэрчээ. Өнгөрсөн жил Хүний эрхийн комиссынхон ирээд зүгээр гэсэн дүгнэлт гаргасан гэсэн. Сонин юм аа?
-Агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн ш дээ. Хэн ч тоодоггүй юм. Манай орчуулагч өнгөрсөн дөрвөн сард, та нар энэ хороонд амьдардаг юм чинь гарын үсэг зураад өг л гэсэн зураад л өгсөн. 20 хүний гарын үсэг цуглуулсан. Үндэсний комиссынхонд өгсөн байх. Түүнээс биш айлуудаас аваагүй ш дээ. Манай ач нар энэ хавийнхнаа мэддэг болохоор тэдэн тоот хашаанд тэр амьдардаг гээд л нэрийг бичээд өгчихсөн. Угаасаа манийг юу ч болоогүй байхад яваарай, зайлаарай л гэдэг. Өмнө нь хөдөлмөрийн гэрээ байгаагүй юм. Тэр комиссын “буян”-аар энэ жил гэрээ хийсэн. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал мөн л шалгалтаас хойш хийгдсэн ш дээ. Хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа ажичдадаа цэвэр ус л өгдөг. Тэр ч бүү хэл, цементийн үйлдвэр хоргүй зүгээр л хүнд үйлдвэр гэдэг хүмүүс дээ, эд. Тэр клингер их хортой манайхан бүгд л яршаад, үхрийн шир шиг арьстай болчихсон хэмээн бухимдангуй өгүүлсэн.

Харин төв оффис нь 13 дугаар хороололд байрладаг бөгөөд эгээ л орд харштай андуурам тансаг зэрэглэлийнх юм билээ. Ингэхэд харийнхан эх оронд маань эзэн сууж, эгэл түмэн маань ардчилсан Монгол Улсынхаа нийслэлд боолын хөдөлмөр эрхэлсээр байх уу… Уг нь эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдагсан… Ийшээ анхаарлаа хандуулаач гэж холбогдох албаныхан болон хотын даргаас хичээнгүйлэн хүсэх байна. Хотод бүр тодруулбал, Амгаланд дундад зууны арга барилаар цементийн үйлдвэрлэл явж буйг эрхэм танд дуулгалаа, хэрхэхийг харъя гэсэн хүлээлт хичнээн их бийг энд хэлэх хэрэг юун.

З.Урансүх

”Улаанбаатар маймс”


URL:

Сэтгэгдэл бичих