Стандартаар тогтоосон дүрэмт хувцсыг хуурамчаар хийх нь ихэсчээ
Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэглэл, дүрэмт хувцсыг бэлдэж байна. Гэхдээ дүрэмт хувцас зах зээлийн үнээс хамаагүй үнэтэй зарагдаж байгааг шүүмжилсээр байгаа юм. Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар Монголын сурагчдын холбоо болон Дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн холбоо хамтран мэдэгдэл хийлээ.
Тэд нэг дүрэмт хувцсыг дунджаар 25-30 мянган төгрөгт үйлдвэрлэдэг гэж байна. Боловсролын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар дүрэмт хувцасны үнэ энэ жил 40 мянган төгрөгөөс хэтрэхгүй гэж байсан. Гэтэл бодит байдал дээрээ эрэгтэй хүүхдийн хамгийн хямд дүрэмт хувцас гэхэд 79 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Тэгвэл сурагчдын эрх ашгийн төлөө ажилладаг сурагчдын холбоо энэ тал дээр өөрсдийнхөө байр суурийг илэрхийллээ. Тэд бүх сурагчдыг нэгэн загварын формтой болгоно гэдэг нь сурагчдын дунд хувцасаараа ялгарч, өрсөлдөх байдлыг багасгах талаасаа зөв ч гэлээ ийм өндөр үнэтэй байж болохгүй гэж байна. Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ “Амно фейшн” компанийн дүрэмт хувцасыг авах шаардлагатай гэсэн сургуулиудын сурагчдын эцэг эхчүүд “хэтэрхий үнэтэй байна” гэсэн гомдол бидэнд хүргүүлж байсан. Харин байгууллагын зүгээс дүрэмт хувцас үйлдвэрээс гарахдаа үнэтэй гарч байгаа учраас бид өөрсдийн ашгаа бодож үзээд ингэж гарч байна гэж тайлбарласан. Гэтэл дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн холбооны хэлж байгаагаар нэг хүүхдийн дүрэмт хувцас дунджаар 25-30 мянган төгрөгөөр үйлдвэрээс гарч байгаа учраас 79 мянган төгрөг бол амьдралаас хол зөрсөн үнэ гэж дүгнэж байгаа юм. Тэд үйлдвэрийн үнэ дээр өөрсдийн ашгаа нэмээд хамгийн дээд тал нь 45 мянган төгрөгөнд 3 хос хувцас гаргах боломжтой гэлээ. Иймд зарим албан байгууллагууд дүрэмт хувцсыг бизнесийн хэт их ашиг олох хэрэгсэл болгон ашиглаж байна гэж тэд хэлж байлаа. Мөн урд хөршөөс манай стандартад батлагдсан загвартай яг адилхан мөртлөө материалын чанар нь тэнгэр газар шиг зөрүүтэй дүрэмт хувцас орж ирж адилхан үнээр зарагдаж байгаа нь хэрэглэгчдийг хохироож байгааг хэлж байна. Иймээс эцэг эхчүүд нэгэнт мөнгөө төлж авч байгаагаас сургуулиудын гэрээ хийсэн дүрэмт хувцасны үйлдвэр дээр нь очиж авахыг сануулж байна.
С.Амар
URL: