Хятадын эдийн засаг Монголыг удирдах уу?

Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд үзүүлэлт бүр дээр өсч дээшилж буй мэдээнд эрх баригчид сэтгэл цадаж, нийгмийн үзүүлэлт тутамд уруудан доройтож буй статистикт сөрөг хүчин нь тоглолт хийсээр 2012 оны сонгуультай монголчууд нүүр тулсан. Хавар болсон сонгуулийн үр дүнд сөрөг хүчнүүд тус бүртээ амжилтаа ахиулж, тэр дундаа Ардчилсан нам эрх баригч болон гарч ирлээ. Тус нам эдийн засгийн тэрхүү өсөлтийг иргэдийн амьдрал руу ойртуулахад бодлогоо чиглүүлнэ гэдэг үзэл санааг сонгуулийн өмнө тунхаглаж байлаа. Тэдний энэ амлалт биелэх эсэхээс өмнө эдийн засаг маань ирэх жилүүдэд өсөх эсэх нь нэгдүгээр асуудал болох төлөв байдал ажиглагдаж эхэллээ. Учир нь өндөр өсөлтийг бий болгох уул уурхайн салбарын ирээдүй эрх баригчдаас биш гадаад зах зээлээс шалтгаална.

Монгол Улс эдийн засгийн өсөлтөд голлох нөлөөтэй ашигт малтмалын түүхий эдээ борлуулдаг ганцхан зах зээлтэй. Энэ нь өмнөд хөрш БНХАУ. Уг зах зээл унах, босох, нээгдэх, хаагдахаас Монголын эдийн засаг үлэмж хамааралтай. Өөрөөр хэлбэл, чийдэнгийн унтраалга Монголд биш хилийн цаана байдаг гэсэн үг. Нөхцөл байдал маань ийм эмзгийн дээр Хятадын зах зээл хямрах дохиог олон улсын шинжээчид өгч эхэллээ. Мэдээлэл, статистик нь үзэл сурталтай, төрийн хатуу хяналттай Хятадын эдийн засгийн талаар хамгийн бодитой үнэнийг хэн ч хэлж чадахгүй. Тэгвэл бодит үнэнд хамгийн ойр эх сурвалжид тооцогдож буй Хонгконгийн нэрт эдийн засагч, профессор Лань Сяньпинийн лекц жилийн өмнө интернэтэд тавигдсанаасаа хойш хэлэлцүүлгийн “цунами” үүсгээд байгаа юм. Хятадын эдийн засгийн талаарх түүний дүн шинжилгээ, таамаглалууд чухамдаа монголчуудад хамаатай. Монголд асч буй чийдэнгийн унтраалгыг хятадууд нээх үү, хаах уу гэдгийг түүний дүн шинжилгээнд тулгуурлан бодитойгоор тооцоолох ёстой болжээ. Энэ бол эрх баригчдын анхааралд байж, тэднээс бодлого, болгоомжийг шаардах хүчин зүйл.

Профессор Ланий хэлснээр Хятадын эдийн засгийн өсөлт 9.1 хувь, инфляци 6.2 хувь гэж мэдээлэгддэг нь худал бөгөөд үнэн хэрэгтээ өсөлт байхгүй, инфляци нь 16 хувьтай байгаа аж. Хамгийн гол нь Хятадын аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүчний салбар бүгд өртэй, түүнээс гадна төрийн зүгээс хэмжээ, нэр төрлийг нь байнга нэмэгдүүлж ирсэн татварт үйлдвэрлэгчид ашгийнхаа 70 хувийг хураалгадаг гэж Лань Сяньпин илтгэлдээ хэлжээ. Энэ мэт хүчин зүйлээс болоод Хятадад ган, төмөрлөг, хүнд үйлдвэрлэл уналтад орж хаалгаа барихад хүрч байгаа аж. Энэ нь юу гэсэн үг болохыг ойлгоход хэцүү биш. Энэ бол Монголын эдийн засагт голлох нөлөөтэй ашигт малтмалын түүхий эд зах зээлгүй болно гэсэн үг юм.

Нүүрсний үнэ унасан гэдэг мэдээлэл үнэний хувьтайгаас гадна бодит үндэслэлтэй бололтой. Хятадын ган, төмөрлөгийн үйлдвэрлэлийн уналт нь уг үйлдвэрлэлийн гол түүхий эд Монголын кокс­жих нүүрсний зах зээлийг хямрааж эхэллээ гэсэн үг. Эдгээр нь Хятадын өөрийнх нь эдийн засагч­дын зүгээс жилийн өмнө хийсэн таамаглал. Жил өнгө­рөхөд үнэний хувь нь улам бүр нэмэгдсэн таамаглал.

Энэ оны эхний долоон сарын байдлаар Монголын экспортын 94.1 хувийг БНХАУ эзэлж байна. Экспортод гаргаж буй нийт бүтээгдэхүүний 89.3 хувийг уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүн эзэлж байна. Үүний 46.1 хувь нь нүүрс. Энэ хэмжээний нүүрс Хятадын ган, төмөрлөгийн үйлдвэрүүдийн түүхий эд болдог. Гэхдээ Хятадын гангийн үйлдвэрүүд Монголын нүүрсээс хамаардаг гэвэл худал. Харин Монголын нүүрсний зах зээл тэдгээр үйлдвэрээс хамааралтай.

Энэчлэн Монголын эдийн засгийн удирдлага Хятадын зах зээлээс хамааралтайг үзүүлэх жишээ хангалттай олдоно, хэнд ч олдоно. Тэрхүү жишээ болгон нэг гаргалгаан дээр ирж зангилагдана. Тэр нь Хятадаас хамаарч Монголын эдийн засагт тохиргоо хийгдэнэ. Харин энэ үйл явцыг удирдах, хяналтдаа байлгахад эрх баригчид бэлэн үү? Ирэх жилүүдэд Ардчилсан намын тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газрыг хүлээж буй томоохон сорилтын нэг нь Хятадын эдийн засгийн уналт байх бололтой.

З.БОРГИЛМАА

news.mn


URL:

Сэтгэгдэл бичих