Утаанбаатарын “Хуучин хүү” (Фельетон)

Хотын байдал ундуй, сундуй. Цагийн улирал цас, зудтай.Үерийн далан, чимээгүй хот  бараадсан хар гэрүүдээс хаймар түлсэн хар утаа олгойдно. Дөрвөн уулын дунд битүү  униартай, утаа манан суунаглана.
Өвлийн тасxийм жавар хучлага муутай гэрийг нэвт  үлээж ядуу ардын сэтгэлийг өвтгөнө.Айлуудын хаяагаар булш, бунхан үргэлжилжээ. Хөлд орохоос эхлээд үс цайхыг хүртэл нэг хотыг тойрон хөөгдөж  туугдан нүүдэлсээр паартай байранд амьдарч, паалантай жорлонд хүндэрч үзэлгүй  энэхүү ертөнцийг эцэслэнэ.Ай юутай гунигтай.Ай юутай хөөрхийлөлтэй. Гавж Жамбал  хойморт завилж засал ном гэж мунхруулах ба зайран Намжил гаднаас ирж бөөгийн  онгодоо ав гэж шахахыг сонссоор өдөр хоногийг улируулна. Хогийн цэгээс өөр  амьдралгүй гэж бодон хорин хоёрын товчооноос цааш газаргүй хэмээн сэтгэсээр  түмэн хэргээс хоцорч дэлхийн боловсролоос лавтай 20 жилээр хоцорно.Гагцхүү  сонгуулиас сонгуулийн хооронд амьдрал дээшилж,ажлын байр бий болгоно гэсэн  амлалтанд хууртсаар нэг насыг барна.Хуучин хүүд ямар хул морь ч байх биш хоёр  зээрдээрээ соёглонхон жороолсоор  хүрч ирэв.
Цагтаа цагаан явсан хар уут  үүрчээ. Хэрээстийн тусламжаас авсан бор хүрэм асааж ямар өнгөтэй,хэдэн настайг нь Балхаа байтугай хэн ч үл таах даавуу өмд углажээ. Тавхийтэл цастай гутлаа гүвээд  тархийтэл ууттай лаазаа шидээд нусаа ханцуйдаа нэг шудраад гэрт оров. Балдангийнд  хүмүүс архидаж байна, Цэндийнх хулгайд юмаа алдаж гэнэ, Дамба эрүүлжүүлэхэд  хоносон, Гомбо авгайгаа зодсон гэх зэрэг хэдэн үгийг сонин болгон ярьж гутлын  ул,дугуйны хаймар дүүрэн чихсэн зуухны бөөрөнд наалдах шахан сууна.
Лааз, шил, хог  түүж өглөөг өнгөрүүлээд, түүнийгээ тушааж үдийг барна. Дэндэв тэргүүтэнтэй нийлж  олсноороо архидаж нэг үдшийг дуусгана. Хэдийгээр ухаан сэргэлэн боловч цааш нь  хөгжүүлэх тавилан оногдсонгүй. Эpдмийн мөр хөөх эрх зүйн болоод эдийн засгийн  боломж гарсангүй.
Нас хэдийгээр залуу боловч үгээгүй ядуу,дээр нь татаасгүй тул дээшилж дэвжсэнгүй. Зөвхөн Утаанбаатар хотоо тойрон хэсүүчилсээр олигтой аж  амьдралын замыг нэгэнт алджээ. Өвлийн хүйтнийг түлж болох бүхнийг шатааж байж арайхийн гэтэлгэх бөгөөд зуны халууныг Туулын бургасанд өнгөрүүлж, намар ичиж хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жилийг нөхцүүлнэ.
Юутай гомдолтой  зэрлэг амьдрал.
Юутай хайрлалтай залуу нас. Юунд сайхан амьдрах боломжийг төр  засаг нь эс олгоном.
Хайран хайран. Хөөрхий хөөрхий.

Ө.Пүрэвсүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих