”Шоудах” өдөр нэмэгджээ
”…Өнөөдөр баасан гараг, шоудахад таарсан өдөр…” хэмээн залуучууд долоо хоногийн нэг өдрийг дэгжин хувцсаараа гангарч, баарны неон гэрэлд “балай авдаг” байсан бол нэгэн журмаас үүдэлтэй сард нэлээд хэд хоног шоуддаг болж байгаа гэсэн яриа чих дэлслээ. Энэ яриа их хотын түгжрэлийн асуудлыг шийдэх гэсэн тээврийн хэрэгслийн дугаараар ангилан хөдөлгөөнд оруулах тухай журам мөрдөгдөж эхлэхээс өмнө гарсан аж. Учрыг тунгаавал залуусын дийлэнх нь автомашинтай, зарим нь найз нөхдөөрөө ижилсүүлэн улсын дугаараа авдаг тал бий гэнэ.
Тэгэхээр тэдгээр залуус түгжрэлийг багасгахад хувь нэмрээ оруулах нэртэйгээр цэнгээний газрыг дүүргэх болсон аж. Нийтийн тээвэрт олонтойгоо бужигнаж явахдаа хоёр залуугийн ярилцахыг сонслоо. “Өнөөдөр 1, 6-ын тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцож болохгүй гээд машинаа тавьчихсан, өнөөдөр юу хийнэ ээ”, “Тэгвэл шоудах уу, би ч гэсэн машингүй яваа”. Энэ бол дээрх шоучин залуусын төлөөлөл гэхэд болно. Долоо хоног бүрийн баасан гарагт баар, цэнгээний газар орлого сайтай байдаг бол одоо долоо хоногт ер нь л орлого буурахгүй байх шинжтэй гэнэ. Учир нь ажлын таван өдөр 0-9 хүртэл улсын дугаараар ангилж, тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах болсон учир залуус машинаа тавьчихаад, зугаацахыг илүүд үзэж, баар, цэнгээний газрын эздийг “баяжуулах” шинжтэй байгаа аж.
Уг нь сар бүрийн 1, 20-нд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх журмыг нийслэлчүүд алдаг оног мөрдөж эхэлсэн. Энэ журам тухайн өдрөө бүрэн мөрдөгдөнө гэдэг үлгэрийн далай. Нэг ч хүн архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байвал ёстой л өнөөх ховор үзэгдэл гэдэг нь болох биз. Монголчууд сэргэлэн, сүйхээтэй улс гэж өөрсдийгөө хөөргөөд л сэм сэмхэн олоод уучихна. Орлогоо бодсон худалдагч нар өгөхгүй байна гэж байхгүй. Ингээд л аливаа журам мөрдөгдөх нь худлаа болж байгаа юм. Тоо баримт дурьдахад, Монгол Улсын нэг хүнд 33 литр согтууруулах ундаа ногддог гэж байгаа. Гэтэл дэлхийн хэмжээнд нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ найман литрээс давбал тухайн улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц гэж үздэг юм билээ. Харин энэ байдал манай улсад тэр дундаа нийслэлд аль хэдийн алдагдсан гэхэд болно. Одоо бүр ч алдагдах шинжтэй. Монголчууд цалин буудаг өдрөө цангасан юм шиг уудаг байсан бол одоо архи уух, шоудах шалтаг нэмэгдсэн гэхэд хилсдэхгүй. “Халтуур хийх гэхээр түгжрээд” гэж шалтаглан, хааяахан сархад хүртдэг байсан залуус “Миний машин өнөөдөр хөдөлгөөнд оролцож болохгүй” гэж шалтаглан, дураараа дургих биз.
Тэгэхээр нэг журам гаргахдаа урган гарах өөр бусад асуудлыг давхар бодолцох нь зүйтэй юм шиг санагдана. Тухайлбал, тээврийн хэрэгслийг дугаараар нь ангилж хөдөлгөөнд оролцуулахаар болсон бол баар, цэнгээний газар, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад бяцхан хориг буюу цагийн хязгаарлалт тавих шаардлагатай юм шиг санагдана. Угаасаа архидан согтуурсны улмаас гарах хэрэг төвөг ихэсч байгаа өнөө үед иймэрхүү хатуухан хязгаарлалт хаа хаанаа хэрэгтэй байгаа юм. Нэгэнт л жаахан хязгаар тавиад, хатуухан журам мөрдүүлэх гэж байгаа л бол тал талаас нь урган гарах ахуйн асуудлыг давхар зохицуулах нь зүйтэй биз ээ. Ямартай ч “баасан ахын “-ын төрсөн өдөр, элдэв янзын тэмдэглэлт баяр гэх мэтчилэн шоудах өдөр бишгүй олон байдаг ч энэ мэтийн шалтгаанаар шоудахыг нь таслан зогсоох хэрэгтэй юм шиг ээ.
Э.Туул
”Монголын мэдээ”
URL: