ШИНЭ ЦАГИЙН МӨНГӨНИЙ МАШИН БУЮУ ӨРНИЙ УУТ

Ажнайн Бат-Эрдэнэ. Асар их баян энэ эр асар их арга зальтай бас бааштай. Хотын төвд хэдэн арван тэрбумын үнэтэй хаус барьж, хүүхдээ Герман руу салхинд гаргаж, мөнгийг бөөн бөөнөөр нь үрдэг хэрнээ тэр татвар төлдөггүй. Татварын Ерөнхий газарт бараг 80 тэрбумын өртэй гэдэг мэдээлэл бий. Үүнээс гадна тэр Нийгмийн даатгалд 65 саяын өртэй гэсэн баримт байх юм. Тэрбээр 230 саяын тансаг харшаа голж  Япон улсын Элчин сайдын яамны дэргэд 23 өрөө байр худалдаж авч түүндээ Англиас тавилга захиалсан тухай яриа олны дунд байдаг. Мөн зоос цуглуулагч Намсрайн цуглуулгыг 3.2 саяар худалдан авсан талаар эх сурвалж өгүүлсэн. Тэр сүүлийн арван жилийн хугацаанд цадвал цадахаар баяжсан хүн. Түүний гарт “Монгол савхи”, “Тавантолгой транс”, “Жуулчин говь”, “Ажнай” брокерийн пүүс, Өвөрхангай дахь спиртын үйлдвэр, Налайхын шилний үйлдвэр, Өмнөговь аймгийн “Түвдэнгийн Бор” телевиз гээд олон мөнгөний уурхай байдаг. Энэ бүгд түүнийг хахсан баян гэдгийг нотлох хангалттай баримт. Хэдэн жилийн өмнө Татварын ерөнхий газар Д.Бат-Эрдэнийн “Таван толгой транс” компанийг шалгаад улсад 80 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй байна гэдгийг тогтоож, Эрүүгийн цагдаагийн газраас түүнийг шалгасан. Яг үнэндээ бол 100 гаруй тэрбум төгрөгийн өртэй гэж байсан ч яваандаа 80 болсон түүхтэй. Гэтэл тэр их хэмжээний мөнгөний сураг тасраад удаж байна. Төрд байгаа луйварчдыг илрүүлж чаддаг ч тэдэнд хариуцлага тооцож чаддаггүй монгол төрийн сульдаатай байдалтай холбоотой юм. Хувьцаагаар баяжсан, үүндээ ч мэргэшсэн долларын тэрбумтан Д.Бат-Эрдэнэ өнөөдөр Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна. Гэхдээ түүний удирдаж байгаа энэ яам татвар төлөгчдийн мөнгөөр хөдлөдөг гэдгийг эрхэм сайд мэдэж байгаа эсэх нь тун эргэлзээтэй. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших бага Таван толгойгоос нүүрс олборлож буй “Таван толгой” ХК-ий ашгийг “уугуул” гэсэн гуншинтай “Ажнай” корпорацийн эзэн Д.Бат-Эрдэнэ болон Өмнөговь аймгийн засаг даргын хүрээнийхэн хэрхэн хувьдаа завшиж байдаг. Мөнгө шүтсэн газар хар мөртэй байдаг гэдэг. 2009 онд гаргасан Татварын ерөнхий газар болон Эрдэс баялаг, эрчим хүчний яамны мэргэжилтнүүдийн дүгнэлтэнд “Бага Таван толгойд олборлолт, тээвэрлэлт хийж буй “Таван толгой” ХК-ий удирдах түвшинд нэг ч мэргэжлийн хүн байхгүйгээс техник технологийн горим, мэргэжлийн удирдлага алдагдаж, стратегийн ашигт малтмалын орд газрыг ашиглах төрийн бодлого сулрахад хүрч байна” гэжээ. Тиймээс ч “Таван толгой” ХК-д ажлын орчин нөхцлөөс хамаарч олон хүний амь үрэгдэж байна. Цагдаагийн байгууллагын мэдээнээс харахад 2010 онд 31 зам тээврийн осол гарч 23 хүн амиа алдсан. Харин 2011 онд 12 осол гарч гурван хүн нас барсан байна.

 

Уурхайн гүнд ажиллах аюулгүй байдлаас илүү Таван толгойгоос Цагаан хад хүртэлх 256 км стандарт бус, нарийн зам ажилчдын амь насанд аюул учруулж байгаа юм. Улсын байцаагч нар бага Таван толгойн нүүрсний замыг засч, сайжруултал тээвэрлэлт хийхийг хориглож замыг нь хаасан. Гэсэн ч удалгүй эрх мэдэлтнүүдийн шахалтаар замыг дахин нээсэн аж. УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэлснээр нүүрсний замыг хаагаад нэг цаг ч болоогүй байхад Засгийн газраас утасдаж нээхийг шаардсан байна.

 

100 тонны даацтай нүүрс тээвэрлэдэг 4000 гаруй машин толхидог энэ замд хоёрхон жилийн дотор 26 хүн нас баржээ. Тэр бүрд “Таван толгой” ХК-ий удирдлагууд хариуцлага хүлээдэггүй, хэрэг тэгсхийгээд намждаг. Сүүлийн хэдэн жишээг дурдъя.

 

2011 оны 3-р сар.

“Таван толгой транс” компаний нүүрс тээвэрлэж явсан ачааны машин Цагаан хадны ойролцоо осолдож жолооч нь болох 35 настай Б 100 тонны даацтай машины чиргүүлд дарагдан амиа алджээ.

 

2011 оны 5-р сар.

Бага Таван толгойгоос нүүрс экспортлодог “Хуа Жин” гэх Хятадын компаний жолооч Н “Таван толгой транс” компаний “МАЗ” маркийн автомашины араас мөргөсний улмаас 40 настай Ү харамсалтайгаар амиа алдсан.

 

“Таван толгой транс” компаний ажилчдын байранд цахилгааны гэмтэлтэй баригдсан усан оргилуурт 10 настай Г.Зоригтбаатар, гурван настай А.Золбаяр гэдэг хоёр хүү тоглож байгаад тогонд цохиулж нас барсан. Энэ байгууллага Монгол улсад мөрдөх барилга байгууламжийн стандарт, хууль тогтоомж, хэв журмыг зөрчсөн гэж мэргэжлийн хяналтынхан дүгнэжээ. Гэтэл хэргийг хуулийн байгууллага шалгахдаа хоёр хүүг амиа хорлосон гэж бүртгээд хэрэгсэхгүй болгосон аж. Уг хэргийг хүний эрхийн хуульч М.Ичинноров дахин шалгуулж, өөрөө өмгөөлөгчөөр нь ажиллаж байна.

 

2012 оны 3-р сар.

Өнгөрсөн долоо хоногт Шивээ хүрэнгийн боомтын Монгол, Хятадын хилийн зааг орчимд Завхан аймгийн харьяат 21 настай Х нүүрс тээвэрлэдэг ачааны машиныхаа хаалганд хавчуулан амиа алдсан тухай мэдээлэл нэгэн өдөр тутмын сонинд гарчээ. Ослын шалтгааныг тодруулахаар ажлын хэсэг Шивээ хүрэнгийн боомтыг зорьсон байна.

 

Энэ мэт удирдах хүмүүсийн хариуцлагагүй байдал, ажиллах орчин нь стандарт шаардлага хангаагүйгээс болж олон монголчууд хохирч байна. Баялагийг нь барж идээд болж байгаа юм чинь барлагийг нь бага ч гэсэн харж үзэх ёстой байлтай. “Ажнай” корпораци, “Таван толгой транс” ХХК-ны эзэн, Өмнөговь аймгийн засаг даргын орон тооны бус зөвлөх Д.Бат-Эрдэнэ хэрэв нүүрс тээвэрлэх замыг түр ч гэсэн зогсоогоод замаа зассан бол, хэрэв ажилчдынхаа амьдрах байрыг стандартын дагуу барьсан бол, хэрэв удирдах зөвлөлд нь мэргэжлийн хүмүүс байсан бол өнөөдөр олон айл элэг бүтэн байх байлаа. “Таван толгой” ХК-ий стандарт бус замаас болж амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхний гомдлыг хэн тайлах вэ? гэсэн асуулт хүртэл гарч ирж байлаа. “Ажнай”-н баталгаатай ар

“Таван толгой транс” ХХК нь Өмнөговь аймгийн засаг даргын орон тооны бус зөвлөх, “Ажнай” корпорацийн эзэн гээд олон гуншинтай Д.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан компани бөгөөд тус ордын нүүрсийг тээвэрлэх, зуучлах үйлчилгээний эрхтэй. Гэсэн ч өнөөдөр “Таван толгой” ХК-ны ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хууль бусаар ашиглаж, нүүрс экспортлож байгаа гэж Татварын ерөнхий газрын шалгалтын дүгнэлтэд цохжээ. Хуулийн дагуу бол бусдад өөрийн нэр хаяг, улсын бүртгэлийн гэрчилгээ, зөвшөөрөл гэх зэрэг баримтыг ашиглуулахыг хориглодог. Гэтэл “Таван толгой” ХК-ий гүйцэтгэх захирал Х.Түмэнбаяр 2008 оны 3-р сард ТЕГ-т “Манай Удирдах зөвлөлийн шийдвэрээр “Говь-Урал”, “Таван толгой транс” ХХК нь ОХУ, БНХАУ-руу манай ашиглалтын лицензээр нүүрс экспортлож байгаа” гэсэн албан тоот хүргүүлжээ. Тухайн үед “Таван толгой” ХК-ий ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баярт-Од, Гаалийн ерөнхий газрын Хяналт эрсдлийн удирдлагын газрын орлогч даргын албан тушаалтай байсан Б.Лхагвадорж нар дээрх тодорхойлолтыг нь баталж, хууль бус гаалийн бүрдүүлэлт хийжээ.

 

“Говь” угшилтай монополь

Бага Таван толгойн нүүрсийг дамнуулан худалдаж байгаа “Говь барилга”, “Баян-Уул”, “Говийн хаан” зэрэг компаниудын үүсгэн байгуулагч нь Өмнөговь аймгийн засаг дарга асан, ИТХ-ын нөлөө бүхий төлөөлөгч, “Таван толгой” ХК-ий орон нутгийн өмчит 51 хувийг төлөөлдөг С.Сумяа гэгч юм. Тэрбээр “Говь барилга” ХХК-ийг Д.Бат-Эрдэнэтэй хамтран байгуулсан нарийн, ширийн холбоотон нь аж. Мөн С.Сумъяа нь Өмнөговь аймгийн засаг дарга байхдаа Хүүхэд залуучуудын соёлын төвийн 40 саяар үнэлэгдсэн дуусаагүй барилгыг төрийн өмчөөс орон нутгийн өмчлөлд шилжүүлэхээс нэг жилийн өмнө Д.Бат-Эрдэнэд заржээ. Ингэхдээ дуудлага худалдаа зохион байгуулалгүй эрхийг нь өөрийн “Баян –Уул” ХХК-ийн нэр дээр болгосон байна. Дараа нь Д.Бат-Эрдэнэд 6,3 дахин бага үнээр өгчээ. “Баян-Уул” ХК-д шалгалт хийхэд 349,1 сая төгрийг зөрчил илэрснээс 284,7 сая төгрөгтэй холбоотой асуудлыг ТЕГ цагдаагийн байгууллагад шилжүүлсэн аж.

 

Хятадуудын дүрсэн “гар”

Нэрний уг сурвалж нэгтэй “Пүшинговь”, “Пүшинмон” компаниуд нь Хятадын “Пү-Шин” компаний охин компаниуд юм. Хятадууд эдгээр компаниудыг бага Таван толгойн нүүрсийг худалдаж авахдаа Монголоос гадна Хятадад татвар төлөхгүйн тулд байгуулсан гэж ТЕГ-ын шинжээч дүгнэжээ. “Пүшинговь” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй байж бага Таван толгойн 690,214,3 тонн нүүрсийг Хятад дахь толгой компанидаа зах зээлийн үнээс доогуур борлуулж 30,356 сая төгрөгийн орлого олсон ч татварын тайландаа тусгалгүй, нуун дарагдуулсан байна. Харин “Пүшинмон” ХХК үүнээс яаж дутах вэ гэсэн шиг МХАҮТ-аас олгосон “Гарал үүслийн гэрчилгээ”-гээр эзэн компанидаа хямд нүүрсээр “үйлчилж” олсон 41,731,0 сая төгрөгөө ч мөн нуун дарагдуулжээ. Уг “Гарал үүслийн гэрчилгээ”-г шалгаад Эрдэс баялаг, эрчим хүчний яамны мэргэжилтэн хууль бус гэж дүгнэсэн.

Бага Таван толгойн нүүрсийг “Таван толгой” ХК-ий удирдлагууд “дотны” компаниудаараа дамнуулан зах зээлээс ямар бага үнээр борлуулж байсныг доорх хүснэгт харуулна. “Дээдийн говь” ХХК-д гэхэд 2007 онд нэг тонныг 3,6 ам доллараар зарсан байна. Энэ нь ойролцоогоор 5000 төгрөг юм. Өнөөдөр “Эрдэнэс Таван толгой” ХК-ий нүүрсийг тонн бүрийг 70 доллараар худалдаж байгаа нь хэтэрхий хямд гэсэн шүүмжлэл дагуулж байгаа билээ.

Энэ мэтчилэн холбоотнуудын хийсэн хууль бус наймаа олон жилийн турш үргэлжилж байна. Аймагтаа л “дээд зиндаа”-ныханд тооцогдох нэр нь дурдагдсан ба дурдагдаагүй 10 хүрэхгүй тооны хүмүүс Өмнөговийн иргэдэд очих ёстой мөнгийг хувьдаа завшиж байна.

 

Ц.Хан-Хөхий
undesten.mn

URL:

Сэтгэгдэл бичих