МУИС эрүүл мэндийн үзлэгийн төлбөрөөр бизнес хийдэг үү

МУИС оюутнуудаас элдэв татаас авах нь бүр хэрээс хэтэрсэн бололтой. Тухайлбал, энэ сургуульд шинээр элсэгчид «Эрүүл мэндийн үзлэг»-т заавал орсон байх ёстой гэсэн хатуу зарчмыг дагадаг. Уг нь энэхүү үзлэгт урьд нь зөвхөн дотуур байранд орох оюутнууд хамрагддаг байсан бол өнгөрсөн жилээс нэгдүгээр дамжаанд элсэн орж буй МУИС-ийн бүх салбар сургуулийн оюутан хамрагдах ёстой гэсэн шийдвэр гарчээ. Уг нь зарчмын хувьд сургуульдаа элдэв өвчин, хуучгүй эрүүл саруул оюутан элсүүлэх гэсэн санаа юм болов уу гэж бодогдохоор. Харамсалтай нь энэхүү «Эрүүл мэндийн үзлэг» гээч нь оюутнууд болон эцэг, эхчүүдийн уур бухимдлыг барж, бараг л эрүүл хүнийг «зүрхний шигдээстэй» болгочих хэмжээнд хүрчээ.
Учир нь сургуульдаа бүртгүүлж, томилолтоо авахын өмнө буюу наймдугаар сарын 27-31-нийг дуустал энэ үзлэгт хамрагдаж, эрүүл мэндийн хуудсаа Сургалтын албандаа өгөх ёстой байдаг. Тиймээс үзлэгт хамрагдах гэсэн оюутнууд хэдэн зуун метрээр хэмжигдэх урт дараалал үүсгэсэн байхтай таарлаа. Өөрөөр хэлбэл, бүтэн өдрийн турш үзлэгт хамрагдахын тулд МУИС-ийн эмнэлгийн гадаа дугаарлаж байгаа ажээ.
Мөн «Эрүүл мэндийн үзлэг »-т хамрагдахын тулд 5000 төгрөгийн төлбөр төлөх ёстой. Энэхүү төлбөр нь МУИС-ийн «халаасанд» ордог аж. Арайхийн дугаар­лаж зогссоны эцэст эмч нарын өрөөнд орж, хараа, чих, хамар хоолой, шүд, мэдрэл, дотрын үзлэгт хамрагддаг. Гэхдээ энд хэзээ ч нарийн шинжилгээ авдаггүй. Хэдийгээр өнгөц харахад оюутнуудынхаа эрүүл мэндэд анхаарч буй мэт боловч дээрх үзлэгт хамрагдаж, эрүүл мэндийн бичгээ авахын тулд 07:00 цагаас 17:00 цаг хүртэл дугаарлаж буй оюутан ч байв. Тэр ч бүү хэл ингэж зогслоо гээд үзлэгтээ хам­рагдаж чадалгүй, «Маргааш ир» гэсэн хариулттай буцаж байсан юм.
Үзлэгт орохын тулд «Эрүүл мэндийн даатгалын дэвтэр» болон хураамж 5000 төгрөгтэй байх ёстой гэсэн зарыг МУИС-ийн эмнэлгийн цонхон дээр наажээ.
Хүүхдээ сургуульд оруулахаар ирсэн орон нутгийн иргэдэд энэ нь бүр ч хүндрэлтэй байдаг аж. Хэрвээ үнэхээр шаардлагатай юм бол харьяа эмнэлгүүддээ эрүүл мэндийн үзлэгт хамрагдчихаад ирсэн нь хэн хэнд нь амар хэмээж буй эцэг, эхчүүддээ ч таарч байв.
Эгээ л цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлтэй эн зэрэгцэх мэт эрүүл мэндийн үзлэгийн талаар МУИС-ийн эмнэлгийн салбарын эрхлэгч, их эмч Л.Алтанцэцэгээс тодруулсан юм.
-Энэ үзлэгийг ямар зорилгоор хийдэг вэ?
-Элсэн орох оюутнуудыг урьдчилан сэргийлэх зорилготойгоор сургуулийн захиргаанаас жил бүр зохион байгуулдаг үзлэг. Энэ үзлэгийн дагуу чих, хамар, хоолой, мэдрэл, дотор, шүд, арьс харшил зэргийг нарийн мэргэжлийн эмч нар үзэж, оношилно. Ингэснээр оюутнуудаа эмчийн хяналтад авч байгаа юм. Оюутан эмчийн хяналтад орсноор сурч байх хугацаандаа үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжтой.
-Зарлал дээр ЭМД-ын дэвтэр гэж зааж өгсний учир?
-ЭМД бидэнд хамаардаггүй. Оюутнууд даатгалын дэвтэргүй ирээд дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэх боломжгүй болдог. Тиймээс эхний ээлжинд даатгалын дэвтрийг нь сургуулийн зүгээс хурааж авч нэгдсэн журмаар хугацааг нь сунгах зорилгоор ийнхүү шаарддаг. Харин энэ үзлэгт даатгалын хөнгөлөлт гэсэн зүйл байхгүй. Сурах явцад оюутныг үзэж, эмчлэхэд төлбөр авдаггүй.
-Хэрэв үнэ төлбөргүй үздэг юм бол яагаад 5000 төгрөгийн хураамж авдаг юм бэ?
-Энэ хураамжийг сургуулийн санхүү рүү оруулж, эргээд оюутнуудыг эмчлэх тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнд зарцуулдаг. Бид 5000 төгрөг төлсөн гэх жижиг тасалбар өгч байгаа.
-Энд ажиллаж байгаа эмч нарын цалин хөлс энэ хураамжаас олгогддог уу?
-Хурааж авч буй мөнгөөр бидний цалинг хангадаггүй. Сургуулиас цалингаа авдаг. Энэхүү хураамжийг ямар нэгэн байдлаар захиран зарцуулах, урамшуулал авах эрх бидэнд байхгүй.
-Жил бүрийн энэ үз­лэгийн хугацаанд оюутнуудын урт цуваа, уур бухимдал тасардаггүй. Үүнийг ямар нэгэн хэмжээгээр бууруулах арга хэмжээ байна уу?
-Дугаарлаж зогсохгүйгээр үзлэгт хамрагдана гэсэн ойлголт үндсэндээ байхгүй. Бидний зүгээс нэг өдөрт үзэх хүний тоог хэлдэг ч хүмүүс дугаарласаар л байдаг. Түүнчлэн өдөр өдрөөр салбар сургуулиудаар нь хуваарь гаргачихсан байхад тэрийг ч ойшоодоггүй. Оюутнууд өөрсдөө л энэ хүндрэлээ үүсгэж байна. Орж ирсэн хойно нь бид үзэхгүй гэсэн асуудал байхгүй.
Эмнэлгийн гадна дугаарлан зогссон МУИС-ийн Ардын урлаг судлалын ангид суралцахаар Дорнод аймгаас ирсэн Д.Дулмаа:
«Сургуульд бүртгүүлэхдээ энэ үзлэгт орох ёстой гэдгээ мэдсэн. Өглөө 08:00 цагт ирсэн. Амжиж орох байх гэж бодоод л зогсож байна. Бүх бичиг баримтаа бүрдүүлээд сургуульдаа ороход үзлэгт орсон гэсэн бичиг заавал шаардлагатай болохоор л зогсож байна. Энд дарааллаас болж өглөөнөөс хойш хэрүүл, маргаан гарч байна. Тэр ч бүү “хэл зодоон хүртэл болсон. Заавал гэж зааж өгөөгүй байсан бол ингэж цаг хугацаа алдан зогсмооргүй л байна» хэмээж байлаа.
Заавал ийнхүү чирэгдэл учруулан байж эрүүл мэндийн үзлэг хийж байхаар нэгэнт тухайн хүүхэд өөрсдийн орон нутгийн харьяа эмнэлэгтээ үзлэгт хамрагдчихвал хэн хэнд нь амар баймаар юм. Гэтэл зарим нэг хүн үүний цаана бас л мөнгөний сонирхол байгаа юм биш үү гэж байлаа.
Нэг оюутнаас 5000 төгрөгийн төлбөр авч буй нь тухайн сургуулийн дансад багагүй мөнгө хуримтлагддаг болов уу гэсэн бодол төрүүлсэн юм. Учир нь тус сургуульд жилд ойролцоогоор 3000 гаруй оюутан шинээр элсдэг. Тэдний эрүүл мэндийн үзлэгийн төлбөрийг тооцож үзвэл хамгийн багадаа МУИС-ийн дансанд 15 сая төгрөг ордог бололтой.
Энэ тухай буюу хураасан төлбөрийн зарцуулалтын талаар сонирхохоор МУИС ийн эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал, профессор Б.Даваасүрэнгээс тодруулах гэсэн боловч гадуур ажилтай яваа гээд байсангүй. Хоёр цагийн турш хүлээж суусан ч ажлын байрандаа хүрэлцэн ирээгүй юм.
Б.Элбэгжаргал
Эх сурвалж: “Өглөөний сонин”

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих