С.Ганбаатар: Шинэ хуулийн төслөөр намын орон нутгийг удирдах ёсыг л дэмжлээ

-Гэтэл орон нутгийн сонгууль бол нутгийн өөрөө өөрийгөө удирдах ёсыг дэмжих ёстой үйл явц-
Удахгүй болох орон нутгийн сонгууль УИХ дахь намын бүлгүүд болон гишүүдийн дунд маргаан дагуулаад байгаа юм . АН-ынхны хувьд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, автомат машинаар саналын дүнг эцэслэнэ хэмээн үзэж буй бол МАН-ын бүлгээс УИХ-ын сонгуультай холбоотой маргаан дуусаагүй, автомат тооллогод иргэд итгэхгүй байхад дахин ийм аргаар сонгууль явуулахыг эсэргүүцэж байгаа. Тэгвэл бие даагчдын зөвлөл өөр байр суурьтай байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатартай ярилцлаа.
-Орон нутгийн сонгууль хаяанд ирж, хууль эрх зүйн орчин тойрсон маргаан үргэлжилж байна. Таны хувьд орон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуулийн хууль, эрх зүйн орчин ямар байвал зохистой гэж үзэж байна вэ? 
-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн талаархи миний байр суурь хоёр намынхаас тэс өөр байна. Ер нь бол асуудлыг ард түмнээр хэлэлцүүлэх ёстой байсан юм. Энэ бол Монгол Улсын парламентын сонгуулийн хууль биш үү дээ. Орон нутгийн сонгууль гэдгийг эрхбиш ойлгох хэрэгтэй. Орон нутгийн сонгууль бол нутгийн өөрөө өөрийгөө удирдах ёсыг дэмжих ёстой үйл явц. Харин өнөөдрийн маргаан дагуулаад байгаа хуулийн төсөлд бидний санаа бодлыг тусгаагүй. Бүр тусгах нь байтугай хэлэлцүүлээ ч үгүй. Би л хувьдаа энэ хуулийг намын орон нутгийг удирдах ёсыг л дэмжлээ гэж харж байна. Уг нь аливаа сонгуульд намуудын нөлөөг бууруулах хэрэгтэй байгаа юм. Тэнд нутгийн өөрөө өөрийгөө удирдах ёсыг хөгжүүлэхэд сонгуулийн утга учир байх ёстой. Өнөөдөр аймаг, сум, багийг улам бур намаар талцуулах байдалд хөтлөөд яах юм бэ.
-Таныхаар орон нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхийн тулд сонгуулийг ямар байдлаар явуулах ёстой вэ? 
-Би энэ тал дээр өөрийн байр сууриа илэрхийлнэ. Бие даагчдын зөвлөл ч гэсэн санал бодлоо оруулна. Угтаа бол тухайн орон нутагт ажиллаж байгаа иргэн олигтой цалинтай, ажилтай, эрүүл аж төрөх хэрэгтэй. Үүний тулд ямар нэгэн намын хаяг, шошготой хууль батлах нь зохимжгүй. Хамгийн гол нь тэр сумыг олигтой удирдаад явах хүнийг л гаргаж ирэх нь сонгуулийн гол зорилго шүү дээ.
-Холимог тогтолцоог сонгож байгаа нь буруу гэж хэлэх гээд байна уу? 
-Яг тийм. Намын жагсаалтаар оруулж ирнэ гэдэг бол хамгийн байж болохгүй хувилбар. Маш товчхондоо энэ сонгуулийн хууль өөрөө улстөрийн намуудыг булшилж байгаа юм. Өнөөдөр намчирхсан байдлаас ангид сонголт хийж, тухайн орон нутгийн иргэдийн итгэлийг даан сонгогдсон хүний хувьд гол нь үүрэг, хариуцлага хүлээдэг л байх хэрэгтэй.
-Сүүлийн үед нэг сонгуулийн хууль батлах гэж Үндсэн хуульдаа гар хүрэх асуудлыг хөндөх болж. Үүнийг энгийн иргэдийн зүгээс олонх болсон улстөрийн намууд өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх гэж улайрлаа хэмээн дүгнэх болоод байгаа. Таны бодлоор Үндсэн хуульд гар хүрэх хугацаа нь болчихсон байна уу? 
-Үндсэн хуульд нутгийн өөрөө өөрийгөө удирдах ёсыг дээдэлсэн байдаг. Би Үндсэн хуулийг хүндэтгэн ярьж байгааг ойлгож байгаа байх. Гэтэл энэ улстөрийн намууд Үндсэн хуулиа өөрчилнө л гээд байх юм. Гэтэл яг үнэндээ цөөхөн хүн амтай багт намын хэрэг байна уу. Нэг өрх гэрийн эхнэр, нөхөр хоёр хүртэл хоорондоо намчирхаж, ах дүү, гол усаараа талцах шаардлага хаана байгаа юм. Үүнийг зогсоомоор байна.
-ИТХ-ыг иргэд сонгодог. ИТХ-аас Засаг даргаа сонгодог. Тэгвэл энэ чинь ард түмний төлөөлөл болж чадахгүй байна гэсэн үг үү. Ард түмнээсээ Засаг даргаа сонгодог нэгж бол баг шүү дээ? 
-Ах, дүү хамаатан саднаараа нэг хүнийг сонгодог гэсэн шүүмжлэл ярьдаг юм. Нэгэнт сонгогдсон хүн тэндээ л үйлчилдэг бол хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ өнөөдөр ИТХ-аас сонгогдож Засаг дарга болсноор жирийн иргэдэд юу нь сайнаар нөлөөлөв. Юу сайжрав. Тиймээс ард түмнээс сонгох нь зөв. Урд голынхон нийлж байгаад багийн Засаг даргаа сонгочихоод зөвхөн урд голдоо л сайхан амьдраг л дээ. Дараа нь хойд голынхон нэг хамаатнаа Засаг даргаар сонгоно биз. Гэтэл өнөөдөр урд, хойд гэлтгүй аль нь ч сайхан амьдарч чадахгүй байна.
-УИХ-ын сонгуультай холбоотой олон маргааныг одоо хүртэл эцэслэж чадаагүй байгаа. Ийм байтал автомат машиныг орон нутгийн сонгуульд ашиглах нь хэр нийцтэй юм бол. Дээрээс нь нийт сонгогчийн дийлэнх хувь энэ төхөөрөмжид итгэхгүй байгааг Та ч бас анзаарсан л байх? 
-Саналын хуудсыг хүн тоолохоор ямар нэгэн алдаатай зүйл заавал гардаг. Тэгэхээр автомат машин ашиглах нь буруу биш гэсэн хувийн байр суурьтай байгаа.
-Ингэхэд шинэ Засгийн газрын буянаар төрийн олон албан хаагчийг ажлаас нь халах болсон тухай яриа гараад байгаа. Өдөр тутмын сонин, цахим хуудсууд бүгд л энэ тухай мэдээлэх боллоо. Үүнээс болж олон ч өрх айл айдастай байгаа байх. Та МҮЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд энэ байдалд яаж хандах төлөвлөгөөтэй байна? 
-Яагаад үүнийг хов, жив шиг яриад байгаа юм, бидэнд шууд ханд л гэж хэлэх байна. Ажилтан, албан хаагчид Монголын үйлдвэрчний эвлэлийн хороонд хандах эрх нь нээлттэй байгаа. Тэгээд ч төрийн албан хаагч, яам агентлагийн ажилтнуудад би зориуд хандаж хэлье. “Та нар өнөөдөр хүртэл дарга дагаж ажлаа хийж явсан энэ сэтгэлгээгээ хойшид болиорой. Хатуухан хэлэхэд улстөрчид, нам бүлэглэлийг өөрийгөө хамгаалах өргөгч цамхаг мэтээр бодоод төрд итгэхээ байсан тал бий шүү. Харин одоо байдал өөр болсон. Өөртөө итгэ, үйлдвэрчний байгууллагад итгэ, төрдөө итгэ. Өнгөрсөн хугацаанд төрийг албан хаагчид үйлдвэрчинд, төрд гээд аль алинд нь итгэдэггүй байсан юм. Одоо харин үүнийгээ болиод бидэнд шууд хандчих. Бид та нарт туслахад бэлэн байна” л гэж хэлэх гэсэн юм.
Д.ГАНБААТАР
Эх сурвалж: “Unen.mn”

URL:

Сэтгэгдэл бичих