Ургац хураалт ирэх сарын 1-нд дуусна

Энэ жил 490 мянган тонн үр тариа, 310 мянган тонн төмс, хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээл хураахаар төлөвлөөд байгаа тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байгаа.
Одоогоор төмс, хүнсний ногооны ургац хураалт эхэлсэн бол үр тарианы ургац хураалт 10-15 хоногоор хойшлох төлөвтэй байгаа гэнэ. Энэ талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа.
-Ургац хураалт ямар шалтгаанаар хойшилж байна вэ? 
-Үр тарианы ургац хураалт урд жилүүдийн хураадаг байсан хугацаанаас 10-15 хоногоор хойшлох төлөвтэй байна. Энэ нь хавар урт үргэлжилж, тавдугаар сараас наймдугаар сар хүртэл хур тунадас ихтэй байсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, тариалалтын баланс тогтворгүй байсан болохоор есдүгээр сарын 1-нд ургац хураалтыг дуусгахаар төлөвлөж байна.
-Хүнсний ногооны ургац хураалт эхэлсэн гэсэн? 
-Тийм ээ. Хүнсний ногооны ургац хураалт эхэлсэн. Өнгөрсөн долоон хоногт ургац тогтоолт, урьдчилсан баланс хийсэн бөгөөд явцын дүнг нэгтгэх ажлыг хийж байна. Мөн техникийн засвар үйлчилгээний хувьд, ургац хураалтын техникийн засварын ажлыг үргэлжлүүлж байна. Мөн үтрэм, агуулахын засвар хийх хэрэгтэй байгаа.
-Энэ усархаг бороо үр тариа, төмс, хүнсний ногооны ургалт, бойжилтод нөлөөлж байгаа болов уу? 
-Бороо их орлоо гээд үр тариа унаж, сүйдсэн зүйлгүй. Тариалсан үр тариа, хүнсний ногооны хураалтад нөлөөлөхгүй, ургалтыг удаашруулж, харин хугацаа нь бага зэрэг хойшлох болж байна. Ер нь цаг агаарын байдал хэвийн бол өмнөх жилүүдийнхээс ахиу ургац авах магадлалтай байна.
Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих