Оюутны виза картыг үнэ төлбөргүй хэвлэж өгнө

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой их дээд сургуулийн сургалтын төлбөр болон виза картын талаар Монголын оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэлээс тодрууллаа.
-Энэ жил хэчнээн оюутан нийтийн тээврээр үнэгүй зорчих вэ?
-Өнгөрсөн жил нийтийн тээврээр 96 мянган оюутан зорчиж байсан. Гэвч энэ нь оюутан залууст хүрэлцээ муутай байдаг. Тиймээс энэ жил МОХ хүчин чармайлт гарган ажилласаны үр дүнд нийтийн тээврийн хэрэгслээр энэ жил 113 мянган квот болгож чадлаа.
-Нийтийн тээврээр зорчих журамд өөрчлөлт орсон уу, мөн оюутнууд нийт хэдэн төгрөгөөр карт болон наалтаа авах вэ?
-Нийтийн тээврээр зорчих журамд өөрчлөлт ороогүй. Баяр, амралтын өдрүүдээс бусад өдрүүдэд цаг чиглэл харгалзахгүй зорчих болно. Мөн бид сүүлийн арван жил Голомт банктай хамтарч ажиллаж байгаа. Энэ жил оюутнууддаа энгийн хэрэглээний карт шиг пин кодтой картыг үнэ төлбөргүй хэвлэж өгөх болно. Тиймээс 4800 төгрөгөөр оюутнууд бүтэн жил зорчих билетээ, виза картаа, гэнэтийн ослын даатгалдаа хамрагдана гэсэн үг.
-Урьд жилийн виза карт одоо үйлчлэхгүй гэсэн үг үү?
-Өнгөрсөн жил виза карттай, наалт нь баталгаатай байсан оюутан суралцагчид есдүгээр сарын 3-аас эхлээд аравдугаар сарын 1-нийг хүртэл нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж болно. Энэ хугацаанд картын захиалгад хамрагдана.
-Нийтийн тээврээр үнэгүй зорчих хөнгөлөлтөд хамрагдах оюутнууд хаана хаана очиж, захиалгаа өгөх вэ?
-Оюутан залуус их, дээд сургуулиараа дамжуулж энэ хөнгөлөлтөд хамрагдана. Сургууль бүрт өөрийн квотдоо тааруулж сургуулиасаа хол гэртэй амьдралын боломж тааруу оюутнуудаа нэн түрүүнд хамруулах ёстой.
-Их, дээд сургуулийн сургалтын төлбөр хэдэн хувиар нэмэгдсэн бэ?
-Сүүлийн жилүүдэд их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх асуудалтай байнга тэмцэж ирсэн. Гэтэл энэ жил их, дээд сургуулийн удирдлагууд боловсролын шинэ сайдтай уулзаж, сургалтын төлбөрөө 30-60 хувиар нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. МОХ-оос төрийн өмчийн болоод төрийн өмчийн бус сургуулиудад судалгаа хийж үзэхэд ер нь дундаж төлбөр 50 мянгаас нэг сая төгрөгөөр буюу 26 хувиар төлбөрийг нэмсэн байна.
-Ямар шалтгаанаар төлбөр нэмэгдэж байгаа юм бол?
-МОХ-оос сургалтын чанар, төлбөр хоёр тэнцүү байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Гэтэл энэ хоёр асуудал маш том хол зөрүүтэй байдаг. Сүүлийн хэдэн жил сургалтын чанартай, орчин нөхцөлтэй холбоотой шинэчлэл хийсэн сургууль тун цөөхөн байгаа. Хийсэн ч гэсэн тэр нь сургалтын төлбөр нэмэх хэмжээний эрсдэлтэй сургууль байхгүй. Их дээд сургуулийн удирдлагууд сургалтын төлбөрөө нэмэх болсон шалтгаанаа багш нарын цалин нэмэгдсэн гэж тайлбарлаж байгаа. МОХ-оос багш ажилчдын цалин, хангамжийг нэмэгдүүлж тэдгээрийн ажиллах, амьдрах орчин нөхцлийг сайжруулах асуудлыг тууштай дэмждэг. Гэвч багш нарын цалинг нэмэх санхүүгийн эх үүсвэрийг оюутан суралцагчдын халааснаас гарч буй сургалтын төлбөрийн нэмэгдлээр шийдвэрлэхийг эрс эсэргүүцэж байгаа.
Хэрэв сургалтын төлбөрөө нэмсэн сургууль байвал оюутан залуучууд өөрийн сургууль дээрээ хэрэглэгч гэдэг эрхээ хамгаалахын төлөө нэгдэж, тэмцэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн оюутан хичээлдээ ирэхэд сургалтын төлбөр нь эрс нэмэгдсэн байвал МОХ-нд хандах хэрэгтэй. Тэгээд бүгдээрээ хамтдаа эрхээ хамгаалах болно гэж хэлмээр байна. Тиймээс МОХ төлбөрийг нэмэхийг эрс эсэргүүцнэ. Шаардлагатай гэж үзвэл тэмцлийн бүх хэлбэрээр тэмцэх болно. Мөн сургуулиуд элсэлт авахдаа сургалтын төлбөрийг жилээс жилд төгсөх хүртэл нь шатлан бууруулах болно гэж гэрээ байгуулж байхыг шаардаж байгаа.
Ж.Отгонмягмар
Эх сурвалж: “Монголын мэдээ”

URL:

Сэтгэгдэл бичих