Н.Номтойбаяр хаана явна бэ, чуулганд нэг ч удаа суусангүй
УИХ-ын 2012 оны сонгууль өндөрлөөд хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Гэвч долоохон хоногийн өмнө Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Учир нь МАН УИХ-ын чуулганыг гацаанд оруулж, орхин гарж байсантай холбоотой гэж тайлбарладаг. Тиймээс АН, МАХН-МАҮН-ын Шударга ёс эвсэл, ИЗНН хамтран Засгийн газраа байгуулсан юм. Мөн УИХ дахь намын бүлгүүд байгуулагдсан. Гэвч МАН бүлэггүйгээр чуулганыг өндөрлүүлсэн. Энэ нь бас тэдний идэвхтэй хамааралтай болж байна.
Ер нь сонгуулийн өдрүүдээс эхлээд МАН-ын идэвх суларсан. Сонгуульд оролцох доо ч тэр, сонгуулийн дараа ч тэр нам дотроо шивнэлдээд, жиг жуг хийх болсон. Сонгуульд ялагдал хүлээсэн намын генсек ажлаа өгч, олон сэлгээ хийгдэж, намын удирдлагыг бүрэн шинэчлэв хэмээн хэвлэлийхэн хэллээ. Гэвч энэ шинэчлэл нь хурал чуулган хаяж явсан идэвх нь суларсан гишүүдээр бүрдсэн бололтой. УИХ-ын хамгийн залуу гишүүн гэх тодотголыг хүртээд байгаа Н.Номтойбаярыг харъя.
Тэрээр УИХын сонгуульд МАН-аас Дорнод аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан. Гэвч сонгуулийн хууль зөрчин байж гарч ирлээ хэмээн хэвлэлээр шуугих боллоо. Зөрчсөн зөрчөөгүй эсэх нь үл хамааран тэрээр Монгол Улсын Их хурлын гишүүн болсон хүн. Гэвч хуралдаа нэг ч удаа суугаагүйгээр барам гишүүн болсноосоо хойш төрийн ордноор үзэгдээгүй сурагтай. Уг нь Дорнодын ард иргэдийн төлөөлөл болж хуралын танхимд сууж, хууль батлах үйл явцад идэвхтэй оролцох ёстой. Эсвэл “Би компанийнхаа асуудлыг шийдвэрлэх гэж УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна” гэлээ хэмээн хэвлэлээр гарч байсан мэдээлэл үнэн болж, МАК-ын байрандаа сууж байгаа юм болов уу.
Түүнийг шоу цэнгээн хөөцөлдөх дургтай нэгэн гэдэг. Тиймээс гишүүн болсон найраа хийгээд завгүй ч байж болох юм. Ямартаа чуулган эхлэхэд хоёр удаа өвчтэй гэж сонсогдсон. Дараа нь сураг чимээ тасарлаа. Үнэхээр өвчтэй бие нь дийлэхгүй байгаа бол чөлөөлж болдог тогтолцоо байдаг санагдах юм.
НХХ-ийн дэд сайд албад томилогдон очсон үеэсээ “төрийн ажлыг залуу хүний эрч хүчээр шижигнэтэл хийх болно” гээд сонин бүрт өгсөн ярилцлага даа давтаад байдаг байсан тэр хүн л одоо идэвх нь суларсан нам шигээ унжигнаад байна.
Гэвч чуулганд суусангүй хэмээн хариуцлага хүлээлгэх журам тогтоол одоогоор байдаггүй аж. Тиймээс гишүүн хүссэн цагтаа чуулганд сууж, эс сууж болдог байна. Гэвч олон нийтийн төлөөл болж, төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн болсны хувьд хариуцлагатай хандах, сайн ажиллах үүрэгтэй. Хэн дуртай аавын хүүгийн заларч чаддаггүй тэр л суудалд суучихаад ингэж хойрго загнаж болохгүй байлтай. Ямартаа ч намын ах нарт нь Тамгийн газрын дарга хэл хүргүүлээд байгаа ажээ.
Л.ТАМИР
olloo.mn
URL: