Түгжрэлээс сэргийлэх үндсэн 12 үйл ажиллагаа хэрэгжиж эхэллээ

Хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбоотойгоор нийслэл хотын замын түгжрэл хэрээс хэтэрч нийтийн тээврээр бус явган алхахад очих ёстой газраа хурдан очиж байгаа мэт санагдах болоод удаж буй. Энэ ч үүднээс ажил албан тушаалаа аваад удаагүй байгаа нийслэлийн удирдлагууд хотын иргэдийн толгойны өвчин болоод байгаа замын түгжрэлийг хэрхэн багасгах талаар арга хэмжээ авахаар болж 12 цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. Үүний эхлэл болгож машинуудыг дугаараар нь ангилж явуулахаар болсон бол өчигдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаатай танилцаж хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээнийхээ талаар танилцуулсан юм. Хотын удирдлагууд бөөндөө биш хэсэг бүлгээрээ хуваагдаж өглөөний 06 цагаас ажиллаж эхэлсэн ба нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Баатархүүгээр ахлуулсан ажлын баг Цахилгаан тээвэр компани дээр очсон юм. Тус компанийн хувьд 80 гаруй нийтийн тээврийг үйлчилгээнд гаргадаг бөгөөд үйлчилгээнд гаргах нийтийн тээврийнхээ тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Энэ үеэр Цахилгаан тээвэр компанийн захирал Д.Жаргалсайханаас цөөн асуултанд хариулт авсан юм.

-Одоогоор танай байгууллагаас хэчнээн автобус үйлчилгээнд гарч байна. Мөн хэчнээн автобусыг нэмж тээвэрт гаргахаар төлөвлөж байна вэ?
-Нийслэл Улаанбаатар хотын сая гурван зуун мянган хүний нийтлэг ашиг гэж нэг зүйл байдаг. Энэхүү нийтлэг эрх ашгийг хангахын тулд Улаанбаатар хотын дарга маш хүчтэй арга хэмжээ авч үйл ажиллагааг зохион байгуулж байгаад нийтийн тээвэрчид бид баяртай байна Энэхүү арга хэмжээг авснаараа нэгдүгээрт замын ачаалал багасах юм. Хоёрдугаарт, өдөрт арван удаа тойрох ёстой байсан автобус таван удаа хийдэг байснаа больж хийх ёстой нормоо биелүүлнэ гэсэн үг юм. Ингэснээр цалин хөлс орлого нь нэмэгдэх боломжтой болж байгаа юм. Нөгөө талаар хямд үнэтэй нийтийн тээврээр иргэд үйлчлүүлэх боломж гарч байгаа юм.

-Танай байгууллагаас нийтдээ хэчнээн автобус нэмж гаргахаар болж байгаа вэ. Жишээлбэл 15 мянган хүн машинаа орхиод нийтийн тээврээр явна гэдэг ачааллыг улам ихэсгэнэ гэсэн үг биз дээ?
-Аливаа нэг зүйлд сул тал гэж байдаг боловч бид нийтлэг эрх ашгаа нэн тэргүүнд тавьж бодох хэрэгтэй. Бид өнөөдөр 80 машиныг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргаж байна. Цаашдаа Монгол Улсад шинээр угсарч үйлдвэрлэсэн Ж800 маркийн дуобуснуудыг нэмж гаргана. Мөн тролейбуснуудын шинэ маршрутыг нэмж нээхээр ажиллаж байна.

-12 цогц арга хэмжээнд нийтийн тээврийг зөвхөн нэгдүгээр эгнээгээр явуулна гэж заасан байгаа. Өмнө нь энэ дүрмийг хэрэгжүүлж байсан ч одоо хэрэгжихээ больсон. Энэ талаар жолооч нартаа хэр анхаарал хандуулж байна вэ?
-Үүнийг биелүүлэхийн тулд нийслэлчүүд бид бүгдээрээ л сэтгэл гаргаж замын хөдөлгөөнд зөв боловсон соёлтой оролцох хэрэгтэй. Нэг газар тэр дундаа улсынхаа нийслэл хотод нэг дор ажиллаж амьдарч л байгаа бол замын хөдөлгөөний артерын судсыг нь таглахгүй байхыг хичээж дор бүрнээ ажиллах хэрэгтэй. Бид жолооч нартаа заавар зөвлөгөөг олон дахин өгсөн. Энэ талаар өдөр бүр жолооч нартаа сануулж байгаа Одоо дахин хуралдана

Цахилгаан тээвэр компанид 20 жил ажилласан ахмад жолооч А.НАМНАН-ЭРДЭНЭ

-Нэг дор олон нийтийн тээврийн хэрэгслийг гаргачихлаа. Эдгээр нь нэгдүгээр эгнээгээр байнга яваад байх нөхцөл боломж нь хэр байдаг юм бол оо?
-Нэгдүгээр эгнээгээр явна гэдэг маш зөв асуудал. Энэ дүрэм журам гарсны дараа хэсэг явж байгаад больчихсон. Би бол аль ч намын гишүүн биш. Гэхдээ Ардчилсан намын хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх гэж буй үйл ажиллагааг дэмжиж байгаа юм. Энэхүү арга хэмжээг авч эхэлснээр ард иргэдийн төдийгүй бидний амьдралд ч гэсэн маш их түлхэц өгч байгаа юм л даа.

-Олон жил ажилласан таны хувьд манай нийтийн тээврийн жолооч нарын соёл ямар байгаа гэж дүгнэх вэ?
-Манай нийтийн тээврийн жолоочид соёлын хувьд сайн байгаа гэж би дүгнэдэг. Яах вэ нэг дутагдал нь жолооч нар тусгаарласан өрөөндөө тамхи татдаг. Үүнийг л болчихвол. Тэгээд зорчигчдодоо чөлөөтэй үйлчлэх хэрэгтэй. Бид хүмүүсийг инээмсэглэн угтаж байж л бидний ажил үйлс үйлчлүүлж байгаа хүмүүсийн ажил төрөл нь бүтэмжтэй байх ёстой л доо.

-Ер нь энэхүү арга хэмжээг авч төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр явуулснаар замын түгжрэлийг багасгахад хэр нөлөөлөх бол?
-Нөлөөлөлгүй яахав. Машины номероор ангилж явуулна гэдэг маш зөв арга. Бээжингийн олимпоор энэ арга хэмжээг авч, сайн үр дүн өгсөн гэж сонсч байсан. Үүнтэй ижилхэн үр дүнгээ өгөх болов уу гэж бодож байгаа. Эхний ээлжинд хүмүүс чадахгүй гэж хэлж байгаа ч үүнийг давж туулна гэдэг талаас нь харж яагаад болохгүй гэж. Ингэж байж улс эх орон цэцэглэж хөгжинө шүү дээ.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.БААТАРХҮҮ
-Шинээр томилогдсон хотын удирдлагууд ажилдаа маш эрчтэйгээр ханцуй шамлан орсны тод жишээ нь өнөөдрийн үйл ажиллагаа болж байна. Энэхүү хэрэгжүүлэх гэж буй 12 цогц арга хэмжээ хэр үр дүнгээ өгөх бол?
-Өнөөдөр хотын удирдлагууд тав зургаан хэсэг болон хуваагдаж нийтийн тээврийн компаниуд дээр очиж ажил байдалтай нь танилцаж байна. Тэр дундаа жолооч нартай нь биечлэн уулзаж замын хөдөлгөөний эрс түгжрэлээс сэргийлэх үндсэн 12 үйл ажиллагаа арга хэмжээ авч байгаа гэдгээ танилцуулж байна. Энэ арга хэмжээний хамгийн чухал нь нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зэрэг үйл ажиллагааг хийж байгаа. Өнөөдөр нийтийн тээврийнхэнтэй уулзахад энэхүү хийгдэж байгаа ажилд сэтгэл хангалуун байгаа гэдэг нь анзаарагдлаа. Нийтийн тээврийнхэн замын түгжрэлд ороод зогсоод байвал тэдний мөнгө нь хасагдаад л байдаг. Үндсэн цалин хөлсөө авч чаддаггүй байдалд хүрдэг байсан юм байна. Одоо энэхүү арга хэмжээг авснаар тэд өдөрт явах ёстой тойргоо бүтэн хийж цалин хөлсөө бүтнээр нь авна гэсэн үг. Энэ байдал зөвхөн нийтийн тээврийн жолооч нарт ч биш нийт ард иргэдэд ч тустай хүртээмжтэй асуудал юм л даа. Ер нь нийслэлийн хөгжлийн хамгийн чухал зүйл нь нийтийн тээврийн менежмент байдаг. Энэ ч үүднээс энэхүү цогц арга хэмжээг авч байгаа юм. Нэгдүгээрт нийтийн тээвэр шуурхай байх ёстой. Хүн нийтийн тээвэрт удаан зогсох гэж биш хүрэх ёстой газраа хурдан хүрэх гэж суудаг.

Хоёрдугаарт, нийтийн тээвэр хүртээмжтэй байх ёстой. Энэ ч үүднээс нийтийн тээврийн компаниуд автобусныхаа тоог нэмэгдүүлж байгаа. Гуравдугаарт, нийтийн тээврийн үйлчилгээ чанартай байх ёстой. Энэ үйлчилгээний чанарыг нэг өдрийн дотор сайжруулж болохгүй боловч сайжруулахын тулд бид хоёр сарын уралдаант аяныг зохион байгуулж байна. Өнөөдөр Улаанбаатар хот шинэ хэмнэлээр ажиллаж байна. Нийтийн тээвэрт нь өөрчлөлтүүд орж байгаа учраас нийслэлчүүд маань энэхүү арга хэмжээнд хүлээцтэй тайван өргөн утгаар нь хандаасай гэж хүсч байна. Бид энэ хүрээнд нийтийн тээврээ сайжруулаад авчих юм бол цаашдаа нийтийн тээвэртэй холбоотой ямар нэгэн асуудал гарахгүй байх эхлэл тавигдаж байна.

-Нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж, төрийн албан хаагчдыг зорчуулж байна. Энэ талаар?
-Төрийн албан хаагчдын машиныг паркалчих учраас тэр хүн нийтийн тээврээр явна. Гэхдээ заавал нийтийн тээврээр явна гэсэн үг биш шүү дээ. Дугаар нь зөвшөөрөгдсөн бол хувийн унаагаар явж бас болно. Ер нь төрийн албан хаагч заавал нийтийн тээврээр явах ёстой гэсэн үг биш. Төрийн албан хаагчид төрийн албаар үйлчлүүлэх гэж ирсэн иргэдийн автомашины зогсоолыг дүүргэчихээд байгаа байхгүй юу. Тиймээс зогсоолоо чөлөөлж өгөх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд иргэд тухайн газраар үйлчлүүлэхдээ зогсоолдоо машинаа тавьж замын түгжрэл үүсгэхгүй юм. Энэ ч үүднээс дээрх шийдвэрийг гаргасан. Түүнээс биш заавал нийтийн тээврээр үйлчлүүл гэсэн үг биш.

-Таны хувьд яг одоо нийтийн тээврээр явах боломж байгаа юу?
-Надад бол байгаа. Гэхдээ өнөөдөр явахгүй. Яагаад гэвэл би өглөө өөрийнхөө унаагаар ирсэн. Дээрээс нь миний машины дугаар өнөөдөр хязгаарлалтанд орчихсон байгаа учраас унаагаа аваачиж тавих ёстой. Тэгэхгүй бол би өдөржин хотын гадуур явах болчихоод байна л даа.

Г.Түмэнтөгс

”Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих