Монголын эдийн засаг түгшүүртэй байна

Лондонгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй зэсийн үнэ өнөөдөр 7385 ам.доллар байна. Нэг тонн зэс өнгөрсөн онд 9600 ам.доллар байсантай харьцуулахад 2012 он гарсаар зэсийн үнэ өнгөрсөн жилийн оргил үеийн хэмжээнд хүрээгүй юм. Олон улсын шинжээчид зэсийн үнэ энэ жилдээ төдийлөн сайжрахгүй гэсэн урьдчилсан “онош” тавьснаас харахад улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг энэхүү ашигт малтмалын байдлаас болж Монголын эдийн засагт хэрхэх вэ гэсэн асуулт байгаа. Үүнтэй давхцан Хятадын үйлдвэрлэл сүүлийн есөн сарын байдлаар буурсан хийгээд нүүрсний экспортын үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад хямдарсан гэх мэдээлэл эдийн засагт сайхан мэдээ болж чадахгүй байгаа юм. Өнгөрсөн жил Монгол Улс Хятадад 21 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргэсэн хэдий ч энгийн иргэдийн амьдралд хүрч наалдаагүй билээ. Дэлхийн банкнаас ч Монголын эдийн засаг хөөстэй байгааг сануулж,  экспортын орлогоо хэт шүтэх нь дэлхийн эдийн засаг эвгүйхэн байгаа энэ үед тийм ч сайн үр дүн авчрахгүй шүү гэдгийг ч анхааруулсаар л байгаа юм.

Хэрэвзээ Хятадын үйлдвэрлэл уналттай, дэлхийн эдийн засагт хямралтай байвал Монгол Улсад ч байдал хүнд болох нь тодорхой. Ялангуяа Хятадын эдийн засаг сулралттай хэвээр байвал эдийн засгийн гол түнш болохынхоо хувьд Монгол Улсад ч сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Хятадын үйлдвэрлэлийн уналт, эдийн засгийн удаашралыг Азид хүнд цохилт авчирч болзошгүй гэдгийг Японы эрдэмтэд анхааруулсан байсан.

Монгол Улсын эдийн засаг тайван байдалтай харагдавч үнэндээ уул уурхайн хөрөнгө оруулалт улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж өнгөрсөн хавраас эхлэн хүлээлтийн горимд шилжчихээд байгаа бөгөөд барилгын салбарт ч байдал сайнгүй байгааг эдийн засагчид дүгнэж буй. Нэг үеэ бодвол орон сууцны үнэ тогтворжсон нь өнгөрсөн жилтэй харьцуулахад орон сууцны худалдан авалт 24 хувиар буурсан гэх үзүүлэлт байх аж.  Хэдийгээр Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг гуравдугаар сараас эхлэн гаргасан ч өнгөрсөн таван сарын хугацаанд зөвхөн 270 өрх л уг зээлэнд хамрагдсан гэх мэдээлэл байгаа юм.

Түүнчлэн Монголын хөрөнгийн зах зээлд үүссэн асуудал арилаагүй хэвээр арилжаанд зургаа долоохон брокер оролцож, өдөртөө зуун сая төгрөгийн арилжаа хийдэг байсан Монголын хөрөнгийн бирж алдаг оногхон арилжаа хийдэг болсоор бас л хэдэн сарыг үдэв.

Дэлхийн банкнаас 2012 оны төсвийн төсөлд төсвийн тэлэлт үргэлжилж, нийт зарлага 74 хувиар (үндсэндээ цалин хөлс, нийгмийн зориу­лалттай шилжүүлэг) өсөх тооцоо хийгдсэнийг, нэрлэсэн дүн­гээр нь авч үзвэл 2012 оны төсвийн төсөлд тусгасан нийт зарлага нь 2010 оны түвшингээс хоёр дахин их, мөн оны ДНБ-с ялимгүй доогуур хэмжээнд байгааг аль халуун зунаас эхлэн сануулсаар л байгаа билээ. Цаашлаад инф­ляцийн хүлээлт хүрээгээ тэлбэл цалин хөлс, шилжүүлгийн зар­дал нэмэгдэж байгаагаас цалин, үнийн эргүүлэг үүсэх эрсдлийг бий болгож буйг сануулсаар. Хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгийнхөө үлдэгдэл 330 мянган төгрөгийг, оюутнууд сар бүр хүртэх цалингаа, Тавантолгойн хувьцаагаа авахгүй гэсэн иргэд нэг сая төгрөгөө бэлнээр авахаар Монголын нийгэм ерөнхийдөө бэлэн мөнгөний хүлээлтэд шилжчихээд байгаа билээ. Энэ нь ядуу эмзэг бүлгийнхэнд сөргөөр нөлөөлөхөөс гадна экспортлогч (хөдөө аж ахуй), импорттой өрсөлдөгч аж ахуйн нэгжүүдийн (гол төлөв жижиг, дунд бизнесүүд) өрсөлдөх чадварыг доройтуулах нөхцөлд хүргэж болзошгүй аж.

Энэ мэт Монголын эдийн засаг дахь жижигхэн асуудлууд инфляцийг инээмсэглүүлж, нэг оронтой тоон дээр барихаа амалж байсан Монголбанкны зорилтот хөтөлбөр будаа болж иргэдийн цалин өсөөд ч амьдрал нь сайжрахгүй, үнэ өдрөөс өдөрт өссөөр л байгаа билээ. Манай эдийн засаг дахь жижигхэн юм шиг олон асуудлууд дэлхийд нүүрлэж буй асар том эдийн засгийн эргүүлэгт орчихвол ч Монгол Улс хэцүүдэх нь тодорхой.

Ж.ЭРХЭС


URL:

Сэтгэгдэл бичих