14-р Далай лам: Хүн болж төрөх нэг хэрэг, харин хүн шиг хүн байх нь хамгийн чухал шүү.
1935 онд, 77 жилийн өмнө Төвдийн өмнөд хэсэгт орших Тактер сууринд жирийн нэг дундаж айлд нэгэн хүү мэндэлсэн нь одоогийн 14р Далай лам байжээ. 4 жилийн дараа түүнийг 14-р Далай ламаар тодруулж, Төвд орны оюун санааны болон улс төрийн тэргүүнээр өргөмжилжээ.
Гэвч удалгүй 15 нас хүрэх үед нь 1950 онд Хятадын цэргүүд дайран орж, Түвдэд хяналтаа тогтоосон учраас 1959 онд 24 настайдаа Төвдөөс итгэлт хүмүүсийн хамт дүрвэн гарчээ. Ийнхүү 50 гаруй жилийн турш эх оронгүй амьдрах хүнд хэцүү тавилан туулж дэлхий ертөнцийг хэрэн амьдарч явахдаа Далай лам эх дэлхийн хүмүүс бид бүгд ижил бөгөөд даяар олноороо энэрэн нигүүлсэнгүй сэтгэлийг эрхэмлэж, бие биенээ хүндлэн хайрлаж, эв нэгдэлийг бий болгох хэрэгтэй гэж номлосоор ирсэн бөгөөд түүний энх тайвны үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 1989 онд түүнд Нобелийн шагнал хүртээжээ.
Хэдийгээр тэрээр өнгөрсөн 2011 оны 3 сард Төвдийн улс төрийн тэргүүн байхаас татгалзсан боловч шашны зүтгэлтэний хувьд урьдын адил дэлхийн хэмжээний удирдагч хүмүүсийн нэг хэвээрээ байгаа билээ.
Энэ оны 6 сард Англи улсад айлчлахдаа “The Big Issue” сэтгүүлд сурвалжлагч Даниел Батист өгсөн ярилцлагыг орчуулан толилуулж байна.
- Манай гудамжны сэтгүүлийг зардаг 12 000 хүн дэлхийн 40 гаруй оронд амьдарч байна. Тэдний ихэнхи нь гэр оронгүй хүмүүс байдаг. Та ч гэсэн олон жил Төвд орноосоо хол амьдарч байна. Таны хувьд орон гэргүй хүнд хэцүү байдлыг юу гэж тайлбарлах вэ?
Мэдээж хэрэг, орон гэргүй амьдарна гэдэг хэцүү. Хүний амьдралын хамгийн анхдагч бөгөөд хамгийн хэрэгцээтэй зүйл орон байр. Хөлөг онгоц гэж бодвол зангуугүй хөлөг онгоцтой зүйрлэж болно.
Гэхдээ асуудлыг өргөн утгаар авч үзвэл, байдал өөр болно шүү. Эх дэлхий бол бидний орон гэр гэж би хэлэх дуртай. Тэгж бодох юм бол чи эх дэлхий гэсэн орон гэртэй хүн.
Би ч бас орон гэргүй хүн шүү дээ. Гэхдээ яг тогтсон орон гэргүй байна гэдэг заримдаа их ашигтай байдаг. Би хаана явж байна тэр хоносон газар маань миний шинэ орон гэр болох жишээтэй.
Хэрэв чи нэг газраа удаан амьдарсан бол тэгж олон газраар аялаж явж чадахгүй, тэр газартаа л улам шигдэнэ.
- Сүүлийн үед дэлхий ертөнц дээр олон муу зүйл тохиолдож байна. Тухайлбал, дэлхийн санхүүгийн хямралын үр дүнд улам олон хүн орон гэргүй болж гудамжинд гарч байна. Улс орнуудын ЗГ-ууд хэрхэн ажиллаж байна гэж та үздэг вэ. Тэд хүмүүсийг ядуу зүдүү амьдруулж байгаадаа хариуцлага үүрэх ёстой юу?
Энэ бол хэцүү нөхцөл байдал л даа. ЗГ бол улс орныхоо хүн ардыг сайн сайхан амьдруулах үүрэгтэй. Үүнийхээ төлөө хариуцлага үүрэх ёстой юм. Зарим тохиолдолд сайн ажиллаж байна уу, муу ажиллаж байна уу гэдгийг хэмжиж байх нь хэрэгтэй. Энэ нь зайлшгүй зүйл болж байна.
Одоогийн энэ хямрал, муу зүйлүүд урьд нь удирдаж байсан ЗГ-ууд болон зарим том компаниудаас болсон. Тэд зөвхөн богино хугацааны ашиг бодож, дараа нь урт хугацаанд гарч ирэх үр дагаварыг бодоогүйдээ алдсан. Үүний үр дүнд мянга мянган хүмүүс ажилгүй болсон, орон гэргүй болсон, гудамжинд гарсан. Энэ бол тун хэцүү зүйл. Үүнийг яаж засаж болохыг жирийн лам, хувраг би мэдэхгүй байна.
Гэвч би зовлон, хүнд хэцүү амьдралтай байгаа тэр хүмүүсийн зовлонг бага ч гэсэн нимгэлэх, түүнийг хуваалцахад ямагт бэлэн байдаг. Тэр хүмүүс шаргуу зангаа, өөртэй итгэх итгэлээ алдаж болохгүй.Тийм ч учраас миний өдөр бүр хийдэг мөргөлийн нэг хэсэг нь тийм хүмүүст зориулагдсан байдаг. Хүнд хэцүү байдлын улмаас өөртэө итгэх итгэл, найдвар болон хүсэл мөрөөдөлөө бүрэн алдах л хамгийн хэцүү. Энэ л хамгийн хэцүү зүйл байдаг. Учир нь итгэл найдвар л хамгийн чухал зүйл юм шүү.
Шийдвэр гаргаж байгаа хүмүүст хандаж хэлэхэд “Чиний шийдвэрээс болж зөвхөн чи, эсвэл чамайг тойрсон хэсэг хүмүүс ашиг олоод бусад хүмүүст ашиггүй байвал Та тэр шийдвэрээс татгалз, харин бүгдэд ашигтай байвал Та тэр шийдвэрийг гаргах нь зөв. Товчоор хэлэхэд, бусад хүмүүсийн амьдралыг хүнд хэцүү байдалд хүргэх шийдвэрийг битгий гаргаж байгаарай.“
- Та дандаа үүнийг хэлдэг л дээ. Хамгийн чухал зүйл бол итгэл найдвараа гээхгүй байх явдал гэж? Бүр Төвдөөс хөөгдөж гарч байсан 1953 оныг дурсахдаа, хамгийн хэцүү зүйл ч сүүлдээ сайнаар төгсөнө гэж бичсэн байсан. Одоогийн Төвдийн нөхцөл байдлыг юу гэж үзэх вэ?
Би өөрийнхөө амьдралаар жишээлж яривал, би 16 насандаа гэрийн хорионд орж, эрх чөлөөгөө хасуулсан. Дараа нь 24 насандаа эх нутгаасаа дүрвэн гарч, эх орноо үүрд алдсан хүн. Сүүлийн 52 жилийн турш эх оронгүй амьдарч байна. Энэ 52 жилийн туршид надад зөндөө бэрхшээл, зовлон тохиолдож байсан. Гэвч би хэзээ ч итгэл найдвараа гээгээгүй явж байна.Төвдтэй холбоотой муу мэдээнүүд миний зүрхийг дандаа өвтгөж байдаг. Гэвч Төвд хүмүүсийн надад итгэх итгэл, найдвар нь надад дандаа бодогддог. Заримдаа би Төвд орныхоо төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа шаналдаг, миний итгэл найдвар маань хугарах ч зүйл ч гардаг.
Гэвч юмыг өөдрөгөөр харах миний дадал, зуршил маань надад итгэл найдвараа гээхийг зөвшөөрдөггүй юм.Иймд би бусад хүмүүст хэцүү хүнд үе байлаа ч гэсэн өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдлөө гээж болохгүй гэж хэлдэг.
- Хүнд хэцүү байдалд орсон хүмүүс, яаж уураа барих хэрэгтэй вэ?
Бидний сэтгэл хөдлөл бол бидний ухаан хир байгааг шалгах нэг үзүүлэлт болж чадна. Оюун ухаандаа захирагдаж чадвал бид уурлахгүй байж чадна.Оюун ухаанаа захирч чадахгүй тохиолдолд бид уурлаж бухимддаг. Биеэ барьж чадахаа байдаг. Муухай үйлдэл хийдэг, Дараа нь түүнээсээ бид ичдэг. Биднийг Бурхан бүтээсэн үү эсвэл Байгаль эх бүтээсэн үү гэж би хааяа боддог. Аль нь ч бүтээсэн байлаа гэсэн бид сэтгэл хөдлөл, оюун ухаан хоёроо тэнцвэржүүлж байх хэрэгтэй.Сэтгэл хөдлөл заримдаа хяналтгүй болбол муу үр дагаварт хүргэдэг. Иймд бидэнд сэтгэл хөдлөлөө хянаж бай гэж оюун ухаан заяасан юм.Амьтад асуудлаа хүч чадлаараа шийддэг, хэн хүчтэй нь дийлж байдаг. Бид үүнийг ширэнгэн ойн хууль гэж хэлдэг.
Харин хүн амьтанаас оюун ухаанаараа ялгагддаг учраас бид асуудалыг хүчээр биш эрүүл ухаанаар бодож, зөв шийдвэр гаргаж байх үүрэгтэй. Бид үүрэг хариуцлагаа үргэлж боддог байвал бид буруу үйлдэл, буруу шийдвэр гаргахгүй байж чадна. Энэ нь хувь хүмүүст ч , хамт олон, хэсэг бүлэг хүмүүст ч, улс төрийн намд ч, улс орнуудын засгийн газруудад ч тэр ялгаагүй бүгдэд нь хамаатай .
- Та Хятадын хэвлэл мэдээллийг Хятадын ЗГ-ын заавараар Төвд орны талаар буруу, худал мэдээллийг дэлхий нийтэд тарааж, хүмүүсийг төөрөгдүүлж байдаг гэж буруутгадаг. Өнөөдөр чөлөөт хэвлэл мэдээлэлийн үүрэг роль хэр чухал гэж та үзэж байна вэ?
Маш чухал. Би хэвлэл мэдээллийг 3 дахь нүд гэж боддог. Жирийн хүн бол 2 нүдтэй. Гэтэл хэвлэл мэдээлэл 3 дахь нүд болоод ирэхээрээ юмыг харах чадвар нь илүү болоод тэр хирээрээ үүрэг хариуцлага нь улам өндөр болно доо. Гэхдээ энэ 3 дахь нүд заримдаа юмыг буруу хараад байх тал гардаг шүү. Энэ л асуудал үүсгээд байгаа хэрэг шүү дээ. Тийм биш гэж үү?
Мэдээ мэдээллийг эхлээд үнэн үү, худал уу гэдгийг нягталж шалгаж байж, үнэн зөвийг нь олон нийтэд мэдээлж байвал хүмүүс ямагт үр өгөөжийг нь хүртэнэ. Ийм тохиолдолд хэвлэл мэдээлэл хүмүүст хэрэгтэй бөгөөд өөрийнхөө үүргийг зохих ёсоор зөв гүйцэтгэж байгаа хэрэг.Би хэвлэл мэдээллийн хүмүүстэй уулзах болгондоо та нар жирийн хамартай хүмүүс биш, харин уртаас урт хамартай улсууд шүү. Болж байгаа хэрэг явдлыг бүх л байж болох олон талаас нь нягталж шалгаж байх ёстой шүү гэж хэлдэг.
Тэд хэвлэл мэдээлэл дээр гарч байгаа зүйлсийг нягтлан шалгаж, үнэн зөв мэдээлэгдсэн байна уу гэж дандаа нягталж, үнэн бодит байдлыг хүмүүст мэдээлж байх үүрэгтэй.
Хүмүүс үргэлж үнэн зөв мэдээлэл авч, бодит байдал хаана байгааг мэдэж байх хэрэгтэй, энэ нь ардчилсан орнуудын хүмүүст бүүр ч чухал юм.Харин Хятад мэтийн дарангуйлалын засаглалтай улс орнуудад жирийн хүмүүст ийм боломж байхгүй байгааг бид бүгд мэднэ. Хэвлэл мэдээлэл ямагт үнэн зөв, бодит мэдээллийг ямарваа нэгэн улс төрийн болон элдэв үзэл сурталын нөлөө ороогүй байдлаар олон нийтэд мэдээлж байвал зохино.
-Манай сэтгүүл шиг гудамжны хэвлэлүүд бусад өдөр тутмын сонин сэтгүүлүүдэд нийтлэхгүй зүйлүүдийг хэвлэж чаддаг. Та өөрийн Төвд орны талаар бусад хэвлэл дээр гардаггүй ямар түүх өгүүлмээр байна вэ?
Төвдийн тусгаар тогтнолын тэмцэл нь уламжлалт зан үйл, бурхан шашины уламжлал дээрээ тулгуурласан байдаг тул аливаа хүч хэрэглэх явдлын эсрэг байдаг бөгөөд оюун санааны бясалгал дээр суурилсан байдаг юм. Ийм учраас бидний тэмцэлд дэлхий нийтийн дэмжлэг хэрэгтэй байна. Бид амжилт олох ёстой. Учир нь бид оюун санаа, бясалгал, эвийн аргаар тэмцэж байна. Хэрэв бид аливаа хүчирхийлэл болон хүч хэрэглэх арга замыг сонговол энэ арга явцгүй бөгөөд амжилт олохгүй.
Бас нөгөө талд, Түвдийн байгаль, цаг уур, оршин байгаа байршил, газар зүй нь өөрөө дэлхийд үлэмж ач холбогдолтой болж байгаа билээ.
Төвдийн өндөр уулс нь дэлхийн дулаарлын нөлөөгөөр хуучин байдлаа алдах аюулд хүрээд байгаа. Өндөр уулсын мөнх цас нь хайлбал эдгээр уулсын бэлд байдаг голуудын усны түвшин нэмэгдэх, улмаар хүн зоны амь нас сүйрэх аюулд хүргэх юм. Эдгээр голын ай савд амьдарч байгаа 1 тэрбум хүн гэж бодвол дэлхийн 6 хүн тутмын нэг нь энэ аюулд өртөх болоод байна.Иймд Төвдийн байгалийг хамгаалах явдал нь зөвхөн Төвд хүмүүсийн хэрэг биш бас дэлхий нийтийн хэрэг болоод байна.
Өөр нэг чухал зүйл бол Төвдийн соёл бөгөөд энэ соёл нь ямагт энх амгалангийн төлөө, ямагт хүч хэрэглэхийн эсрэг байдаг бөгөөд ямагт энэрэл нигүүсгэлтэй байхыг дээдэлдэг билээ.
Үүнийг эртний хоцрогдсон соёл гэж харах биш харин ч өнөөдөр дэлхий нийтийн өмнө тулгамаад байгаа олон асуудлыг шийдэхэд туслах соёл гэж хараасай гэж би хүсдэг.Бид өнөөдөр улам бүр өсөн нэмэгдэж байгаа материаллаг хэрэгцээндээ захирагдан хэрэгцээнийхээ боол болон амьдрах болсон байна.
Мөн бидний оюун санаа улам бүр хоосорч байгаа аюул хүн төрөлхөнд тулгараад байна. Оюун санааны хоосрол нь зарим тохиолдолд хүчирхийлэлд хүргэж байна.
Ялангуяа, залуу хүмүүсийн дунд ийм явдал бүүр ч их гарч байна. Тэд асуудлыг хүч хэрэглэж, улам илүү хүчээр, улам их хүчирхийлэн шийдэх арга замыг сонгож байгаа нь үнэхээр хэцүү асуудал болоод байна. Хүчирхийлэл хүчирхийлэлийг л төрүүлдэг, харин энэрэл нигүүсгэл бол эв эвийг бий болгох хамгийн энгийн арга зам билээ.
Орчуулгын 1р хэсэг.
Орчуулагчийн Тайлбар.
Өнөөдөр дэлхий ертөнц дээр амьдарч байгаа хүмүүсийн дийлэнхи нь эд хөрөнгө, эрх мэдэл, мөнгө гэсэн материаллаг зүйлийн хойноос дэндүү хэт хөөцөлдөж, улмаар түүндээ хүрэхийн тулд бие биенээ үл хүндлэх, үл тоомсорлох, хэт хувиа хичээх, хар амиа бодох зэргээр хүн хүнээ хайрлах нинжин сэтгэлээ гээж зөвхөн ганцхан өөрийгөө боддог хатуу сэтгэлтэй, хүйтэн төмөр шиг хахир хүмүүс болж хувирч байна.
Гэвч хамгийн сайхан нь үүнийг өөрчлөх арга зам бидэнд байгаа. Бид бүгд бие биенээ нэгэн ижил гэдгийг ойлгож, нас, хүйс, арьс өнгө, шашин шүтлэг харгалзалгүй энэ хорвоод хүн гэдэг ховорхон заяанд төрсөндөө бахархаж, баян ядуу, дарга цэрэг, сайхан муухай, хөгшин залуу гэж ялгалгүй бие биенээ энэрэн хайрлаж, ядарсандаа тусалж, зовсоныхоо зовлонг нимгэлж, бие биенээ хүндлэн явбал олон зовлон, олон асуудалаасаа ангижирч чадна гэж Далай лам сургадаг.
Өнөөдөр дэлхий ертөнц маань урьд өмнө хэзээ ч байгаагүй хүчирхийлэл, дайн байлдаан, гэмт хэрэг, хүмүүсийн оюун санааны болон аж амьдралын ядуурал, ялангуяа оюун санааны хувьд мухардалд ороод байгаа бөгөөд түүнээс гарах нэг арга зам нь Далай ламын сургаал юм. Далай ламын сургаал нь Буддын шашинт улс орнуудаар зогсохгүй барууны хөгжингүй орнуудад улам бүр дэлгэрч, улам олон хүмүүс ойлгож амьдралдаа мөрдлөг болгон хэрэгжүүлж байна. Дээрхи шалтгаануудын улмаас өнөөдөр Монгол оронд маань, монгол хүмүүст маань унших хэрэгтэй зүйл байна гэж бодон энэхүү ярилцлагыг чадан ядан орчууллаа. Далай лам энэ сэтгүүлийг онцолж ярилцлага өгсөн нь учиртай бөгөөд тус гудамжны сэтгүүлийг зарж, олсон орлогооро амьдардаг орон гэргүй хүмүүст бага ч гэсэн тус нэмэр болох зорилгоор өгчээ.
Орчуулсан П. Батжаргал. Австрали улс, Брисбане хот.
www.pbatjargal.wordpress.com
URL: