Н.Энхбаярыг улс төрөөс нэг мөр арчих сурагтай

УИХ-ын ээлжит сонгууль болж өнгөрөөд багагүй хугацааг ардаа үджээ. Сонгуулийн өмнө МАН-ын нэр бүхий гишүүд Н.Энхбаярын уугуул нэрээ тэмцэн байж авч үлдсэн МАХН руу буурь сэлгэсэн. Тэдний аз болоход ард түмэн МАХН гэдэг нэрэнд хайртайдаа юу, Н.Энхбаярыг өрөвдсөндөө юу, багагүй хэдэн суудал хайрласан. Одоо МАХН-МҮАН-ын хамтарч байгуулсан “Шударга ёс эвсэл” УИХ-д 10 гаруй суудал авчихсан байгаа. Тэгээд ч зогсохгүй ялалт байгуулсан АН-тай хамтарч, Засгийн газар байгуулаад байгаа. Таван яамны сайдыг ч авсан. МАН-аас “нүүдэллэж” ирсэн нөхдүүд сайдын суудалд суугаад авчихлаа.

Энэ бүхний цаана ганцхан хүн хаягдсан нь Н.Энхбаяр. Тэр УИХ-д, Засгийн газарт ч орж ирж чадсангүй. Тэр ч битгий хэл шоронд орох ялаас ч мултарч чадаагүй. Хийсэн хэргийнхээ төлөө шийтгүүлсэнийг нь өмгөөлөх гэж байгаа юм биш. Зүгээр л өөрийнх нь өөд нь татсан, намаас нь тойрог өгөхгүй болохоор МАХН руу зүтгэсэн хүмүүс өнөөдөр өөрсдөө сандал суудал зулгааж, сайд болчихоод, намын даргаа зүгээр л хаячихсан болохоор хүн чанаргүй үйлдэл болчихлоо. Тэд эхнээсээ л Н.Энхбаярыг арчих төлөвлөгөөтэй байж. Уг нь Н.Энхбаяр улс төрөөс жаахан зайтай байвал улс оронд ч, өөрт нь ч хэрэгтэй байгаа юм. Харин хэн нэгэн хүн, хэсэг бүлэг нөхөд түүнийг улс төрөөс “арчвал” байдал өөрөөр харагдана. Яаж ч бодсон түүнийг “арчиж” эхэлсэн тодорхой болоод байна. Ямар сайндаа л Э.Батшугар зарим залуустай нэгдэж “Улаан сарнай” жигүүр байгуулж, тэмцэж байх вэ дээ. Намын бага хурлаа ч хийхээр болоод байсан.

Гэтэл сүүлийн үед  МАХН-ын дарга  Н.Энхбаярыг  цаашид намаа удирдаж чадахгүй  гэж үзэж байгаа хэсэг нөхдүүд    “Шударга ёс” эвсэлийн дунд шинэ фракц үүсгээд байгаа сурагтай.  Фракцийг толгойлж МАХН-ын бага чуулганы гишүүн эдийн засагч Н.Дашзэвэг, гишүүдээр нь мөн бага чуулганы гишүүд болох Сүхбаатар дүүргийн мянгатын дарга Б.Батболд болон Бизья, Ганбаатар нар ажиллаж байгаа аж. Тэд намын дарга Н.Энхбаярыг солихоор ээлжит бус их хурлаа хуралдуулахаар болсон сурагтай.

Бага хурал энэ сарын 25-нд болох тов ч гарчихаж. Тэгэхээр Н.Энхбаярын “арчих” төлөвлөгөө бүрмөсөн ил болж, сүүлчийнхээ шатанд ороод байгаа бололтой.  Зарим учир мэдэх хүмүүсийн ярьж байгаагаар эдгээр хүмүүс   УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагвын удирдлагаар бүлэг байгуулж байгаа ч гэх. Зарим нь МАН-ынхны хийж байгаа ажил ч гэж л байна.

Ямар нь ч байлаа гэсэн Н.Энхбаяр улс төрөөс нэгмөсөн “арчигдах” дээрээ тулаад байгаа бололтой. Магадгүй шинэ намын даргаар Ч.Улаан, Д.Тэрбишдагва гишүүдийн аль нэг нь болох магадлал байгааг ч хүмүүс хэлж байна. Үнэн худлыг бүү мэд. Өөр хүн болж ч магадгүй юм. Эсвэл бүр огт солигдохгүй ч байж мэднэ.  Байдал чухам хаашаа эргэхийг харж л суух үлдлээ. Н.Энхбаяр ялах уу, унах уу. Сонирхолтой л асуулт.

Short URL: http://sharmedee.mn/?p=14346


URL:

Сэтгэгдэл бичих