Парк хүүхдүүдийг луйвардаж байна

Үндэсний соёл, амралтын хүрээлэнд бяцхан үрсийн чөлөөтэй тоглох нөхцөл хязгаарлагдаж байна. Өөрөөр хэлбэл тэднийг луйвардаж байгаа юм. Улаанбаатар хүүхдийн тоглоомын ганцхан томоохон газартай. Тэр нь бидний хэлж заншсан Хүүхдийн парк. Одоогийн нэршлээр бол Үндэсний соёл, амралтын хүрээлэн гэдэг гоё нэртэй. Үндэсний гэж нэрлэсэн хэрнээ алсыг харагч, агаарын дугуй, эргэдэг дельфин, сэлүүрт завь зэргээр хязгаарлагдана. Түүнд нь хүүхэд ганцаараа тоглох боломжгүй, аав, ээжийнхээ нэгэнтэй цуг суух нь учир дутагдалтай. Нөгөөтэйгүүр, хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр “F” үнэлгээ тавимаар.

Паркийг байгуулснаасаа хойш 40 гаруй жилийн дараа анх удаа шинэчилж, орчин үеийн техник хэрэгслээр бүрдүүлэв. Засварын ажлыг нь гурван жил гаруй хугацаанд хийж, арай гэж үүдээ нээсэн. Гэхдээ хагас дутуу тоглоомон дээр хүүхдүүдийг тоглуулснаар энэ жилээс л бүрэн шинэчлэгдэж буй. Харин гурван жилийн хугацаанд хүүхдүүдэд очоод тоглочих газар байхгүй байсан юм. Гэр хорооллынх нь хашаандаа, арай боломжтой нэг нь орон сууцны жижигхэн тоглоомын газарт зугаацаж өнгөрүүлдэг байв.

Засвар хийх гэж удтал хүлээлгэсний эцэст 2010 оны есдүгээр сарын 1-нд Парк үүдээ нээсэн ч ихэнх эцэг, эхэд таатай үйлчилгээгээр бэлэг бариагүй нь харамсалтай.
Нэг ёсондоо эцэг, эхчүүд хүүхдээ дагуулан тус газраа үйлчлүүлэх гэхэд тэнгэрт хадсан тоглоомын үнийг нь дийлэхгүй цөхөрсөн явдал гарсан нь хэн хүний нүдэнд ил байлаа.

Одоо ч гэсэн эцэг, эхчүүд хүүхдээ тэр бүр Паркаар оруулж чадахгүй байна. Энэ нь тоглоомын нэг бүрийн үнэ хэрээс хэтэрсэн үнэтэй байгаад гол нь байгаа билээ. Эцэг, эхчүүдэд хүүхдээ зугаацуулахаар зорьдог ганц л газар нь Парк. Харамсалтай нь тоглоомын үнэ нь тэнгэрт хандсан учир ядруухан нэг нь 1-2 тоглоомон дээр тоглуулаад гарах нь олонтоо. Паркийн үүдээр ороход хүртэл 1000 төгрөгийн хураамж төлнө. Мөн хүүхдүүд Үндэсний соёл амралтын хүрээлэндээ орох гэж төлбөр төлнө, дээр нь тухайн нэг тоглоомоор үйлчлүүлэхээр тасалбараа өндөр үнээр явдаг. Нэг ёсондоо Парк хүүхдүүдэд тоглох нөхцөлөөр хангачихаад тасалбарынхаа үнийг өндөр тогтоосон нь учир дутагдалтай байгаа хэрэг. Ийм аргаар хүүхдүүдийг луйвардаж байгаа нь зөв үү.

Хүүхдээ тоглуулах гэж дагуулж явж байгаа эцэг, эхчүүд тасалбар худалдаж авч, Үндэсний соёл амралтын хүрээлэнгээр орох эрхтэй болж байгаад хамгийн том асуудал. Нэг ёсондоо хүүхдүүдийг ил цагаанаар луйвардах үйл ажиллагааг тус газрынхан бүрэн хэрэгжүүлж байгаа юм. Энэ байдал хэдий хүртэл үргэлжлэх юм бол доо.

Үндэсний соёл, амралтын хүрээлэнгээр ороод хүүхдээ нэг тоглоомоор тоглуулахад дор хаяж 4000-6000 төгрөгийн билет худалдаж авна. Хүүхдүүд болсон хойно бүх л тоглоомон дээр суугаад үзэхийг боддог. Ингээд 3-5 удаа тоглууллаа гэхэд хэтэвчинд байсан хэдэн Төгрөг дорхноо дуусах нь хэвийн үзэгдэл. Ер нь Үндэсний соёл, амралтын хүрээлэнд нэг удаа хүүхдүүдээ тоглуулахад дор хаяж 50 мянган төгрөг хэрэгтэй болдог. Дөрвөн мянган төгрөгийн үнэтэй тоглоомон дээр таван удаа суулгаж, аав, ээж нь 1000 төгрөгийн хураамж, дээр нь хамтдаа тоглохоор ийм хэмжээний тоо гарах нь энгийн үзэгдэл.

Харин тэнгэрт хадсан тоглоомын үнэ нь өнгөрч гэж бодъё. Зөвхөн нэг тоглоомынх нь үргэлжлэх хугацаа таван минут ч хүрэхгүй нь эмгэнэлтэй. Морин тойруулга нь хэдхэн тойроод зогсож, дараагийнхаа үйлчлүүлэгчдийг хүлээж авна. Ийм байдлаар хүүхдүүдийг луйвардах аргаа болгосон нь ичгэвэртэй хэрэг. Ингээд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн тоглоомын үнийг сонирхуулъя.

Хүн бүрийн сууж болох тоглоом
Алсыг харагч-4000 төгрөг
Агаарын дугуй-4000 төгрөг
Эргэдэг дельфин-4000 төгрөг
Сэлүүрт завь-6000 төгрөг
Далайн дээрэмчний завь-5000 төгрөг

Хүүхдийн тоглох тоглоом
Динозавр-4000 төгрөг
Мэлхий үсрэлт-4000 төгрөг
Морин тойруулга-4900 төгрөг

Залуучуудын тоглох тоглоом
Саран савлуур-4000 төгрөг
Галзуу хулгана-4000 төгрөг
Гинжит-4000 төгрөг
Сансрын хөлөг-5000 төгрөг

С.Баясгалан

”Улаанбаатар таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих