Иргэнээ алагчлаагүй ая тухын төлөөх Э.Бат-Үүлийн санаашрал
Э.Бат-Үүл баатарын багийнхан нийслэлийн сонгуульд бүрэн дүүрэн ялалт байгуулсан нь өнгөрсөн сонгуулийн содон “шийдэл”-ийн нэг байв. Улаанбаатар хот түүхэндээ анх удаа Ардчиллынхныг урин авчирч буй нь энэ. Нийслэлийн нэгэн хэмийн өнгө төрхөд шинэ хөг, хөгжил үгүйлэгдэж байгаагийн нотолгоо нь энэ сонголт болов. Үе дамжин яригдаж, залхвал залхахаар болсон утаа, хог гээд олон асуудал, иргэдээ бөхөлзүүлсэн элдэв тээг, хүнд суртал гээд нийслэлийнхний сэтгэл санааг урвуулах олон хүчин зүйл байсан нь тодорхой.
Манай нийслэлийн нэг онцлог нь улсын нийт хүн амын тэн хагас шахам нь амьдран суудаг, дотоодынхоо “дүрвэгсэд”-ийн хөлд дарагдсан хот. Дөрвөн уулын дунд, хүн чулууны хонхорт чихэлдэж, нэг км квадрат талбайд 259 хүн ногддог нь хүн амынхаа нягтралын хувьд бас л өгсөж яваа газар. Юу байна Улаанбаатарт, асуудал л байгаа. Шийдэл гарц нь харагдаж байвч цаг хугацаа, хөрөнгө мөнгө гээд тээг бас бий. Юутай ч Баатарын багийнхан энэ бүхнийг шийдвэрлэхээр ханцуй шамлан орлоо. Хотын эрх мэдлийн шилжилт нь ямар ч байтугай шинэ өнгө төрхийг мэдрүүлж эхлээд байна. Гарч буй шийдвэр, хэрэгжүүлж, хэвшүүлж байгаа ажил нь илүү иргэнлэг болж, олон нийтийнхээ санаа бодолд түшиглэх аястай болж байна.
Э.Бат-Үүл даргын барьж авсан анхны ажил бол зам, замын түгжрэл. Улаанбаатарынхны уурыг барж, утааг нэмж байгаа нь энэ түгжрэл билээ.
Нийслэл иргэний танхимтай болж, иргэд тэнд дарга нарын нүдэн дээр зад шүүмжилж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Ямарч атугай утаанаас илүүтэй бухимдлаар бугшиж явсан олон цээж онгойж, хэлье гэснээ хэлээд авах шиг болно билээ. Иргэний танхимаар хэлэлцсэн эхний асуудал нь нийслэлийн авто замын чанар чансаа, түгжрэлийн тухай байсан. Залгуулаад Иргэдийн хурлын төлөөлөгчдөөрөө энэ асуудлын ар талд гарах арга замыг хэлэлцсэн. Ингэснээр хотын замын түгжрэлийг багасгах хэд хэдэн хувилбар гаргаж ирж байна. Тухайлбал, автомашиныг дугаарын цифрээр хөдөлгөөнд оруулах, төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах гэхчлэн ер нь даргаас бус иргэдээс шалтгаалах олон асуудал бий. Хотын хоёр дарга хүртэл ажилдаа ирж, очихдоо унаа машин хэрэглэхгүй, “хоёр зээрдээрээ” таваргах гэнэ. Амьдралын гүнд, ард түмнийхээ дунд, гудамж талбай, гэрэлтүүлэг, шороо тоос, энэ тэрийг харсан шиг явах нь ажил урагштай байх нэг боломж л доо.
Нийслэлийн Иргэдийн хурлаас шийдвэрлэсэн энэ мэт зорилтууд өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байна. Гэхдээ ингэснээр бүх юм “ОК” болчихгүй. Нэг хэсэг нь санаачилдаг, нөгөө хэсэг нь хэрэгжүүлдэг байх учиртай. “Нийтийн хүчээр нэгэн зэрэг зориглон хөдөлвөөс” нийслэлийн замын түжрэлийг тооцсон хэмжээнд хүртэл бууруулах боломж байж л таарна. Нийтийн эрх ашгийн төлөөх энэ мэт шийдвэрт манай иргэд хүндэтгэлтэй, хариуцлагатай хандаж байгаасай гэх бодлоор үүнийг онцолж байгаа минь энэ. Иргэдийн танхимын анхны хэлэлцүүлгээр санхүүжилт нь саатаад байсан хэд хэдэн замын асуудлыг ярьж шийдвэрлэсэн. Түрүүчээсээ Сүхбаатарын гудамжны засвар шинэчлэлт дуусч өнөөдрөөс нээгдэж байна. Өөр нэг асуудал бол тэрбумаар тоологдох хөрөнгөөр ганцхан зуны настай зам тавиад байгаа нь тендерийн будилаантай холбоотой хэмээн үзэж байна. Тиймээс хаанахын ямар компани энэ замыг тавив, тэр нь хэр чанартай байна вэ гэсэн хяналтыг олон нийтэд олгохоор шийдвэрлэж байгаа бололтой. Тиймээс ч хотын шинэ дарга замын чанарыг сайжруулах нэг боломж нь гүйцэтгэгч компанийг нийтэд ил тод болгох явдал гэж үзэж байна. Хэтрүүлж хэлбэл, хэнээр ямар зам тавиулахаа нийслэлийн иргэд өөрсдөө сонгодог болох юм шиг байна. Энэ жил чанаргүй зам тавьчихаад ирэх жил нь дахин тенедрээр эргүүлэн аваад засдаг юм биш биз гэсэн хар сэр иргэдэд байдаг. Энэ эргэлзээ нэг тийшээ болох янзтай.
Иргэний танхимаар хэлэлцсэн удаах асуудал нь нийслэлийн газрын тухай байв. Одоо иргэд нь газраа мэддэг, хаана юу барихыг олноороо хэлэлцэж шийдвэрлэдэг сайхан цаг ирэх гэж байна. Хотын хэвтээ, босоо хоёр тэнхлэгийн хооронд шинээр барилга барих ажлыг түдгэлзүүлчихээд байна. Мөн дахин төлөвлөлтийн тухай чих дэлсэж эхэллээ. Үүний тулд хууль хэрэгтэй болно. Хот гэдэг бол эмх цэгтэй байдал, иргэнээ алагчлаагүй ая тух, аюулгүй орчин гэсэн сонгодог гэмээр ойлголт байдаг. Ийм орчинг бий болгох нь нэгэн сонгуулийн хугацаанд хэрэгжүүлчих ажил биш ч гэлээ зөв эхлэлийг хэвшүүлээд өгчихвөл Бат-Үүл баатарын том өв болж үлдэнэ. Сонгуулиас хойшхи багахан хугацаанд хотын шинэ удирдлагуудын хийж хэрэгжүүлж эхэлсэн ажлын зүг чиг, гараа гарвал нь шинэлэг, иргэнлэг тал руугаа байгааг дээр онцолсон. Хотын зорилтыг шийдвэрлэхдээ иргэд дээрээ түшиглэх гэсэн, тэдний идэвхтэй оролцоог хангах гэсэн Бат-Үүл даргын хувилбар гарцаагүй зөв байж таарна. Энэ нь бас нийслэлийн иргэн гэдэг сэтгэлгээг төлөвшүүлж суулгах нэг арга болно. Миний тоонот-миний хот гэсэн өөриймсүү сэтгэл хотын хөгжлийн нэг гарц байх боломжтой.
Улаанбаатарчууд хотын шинэ даргаасаа олон зүйлийг хүсэн хүлээж байгаа. Хот гэдэг бол сая гаруй хүний ажил амьдрал, ая тух, хувь тавилан. Даргын сэтгэлгээний цар хүрээ, зангараг, хүлээн зөвшөөрөгдөж буй хэр хэмжээ, иргэдийн дэмжлэг зэргээс хотын өнгө илэрхийлэгдэнэ.
Хотын амьдралд улс төржиж хандах хэрэг огтхон ч байхгүй. Яагаад гэвэл хот гэдэг нэгэн цул цогц. Хотын амьдралын шинэчлэлт, иргэнлэг байдал, гарч буй шийдвэр нь энэ дарга тэр намынх, тэр дарга энэ намынх гэж алагчлахгүй байхаас шалтгаална. Нар гийвэл бүгдийг нь гэрэлтүүлнэ, сүүдэр хүүшилбэл бүгдийг нь дайрна. Ийм болохоор ажил хийе гэж байгаа, асуудлыг шийдье гэж байгаа хэнийг ч болов дэмжиж, бурууг нь сануулж, зөвийг нь дэмжээд өгвөл Улаанбаатарчуудын эрх ашиг л хожино. Базаж хэлвэл Баатар хотынхоо баатар даргыг дэмжээд өгье.
П.БУЛГАН
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
URL: