Одоогоос дөрвөн жилийн өмнө “Анод” банк дампуурлаа зарлаж, нийтийг сандралд оруулж байв. Үүнээс нэг жилийн дараа “Зоос” банк дампуурлаа зарлаж, “Төрийн банк” хэмээх нэр зүүн, улсын харьяанд багтах болсон билээ. Ийнхүү манай улсын томоохонд тооцогдох хоёр ч банк үүдээ барьж, олон мянган хадгаламж, эзэмшигч харилцагчдаа хохироосон Чанаргүй зээл гаргасан гэх үндэслэлээр дээрх банкны удирдлагуудад холбогдох эрүүгийн хэрэг хууль шүүхийн байгууллагаар шалгуулсаар өдгөө дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Хоёр банкны харилцагч гомдол хүсэлтээ гаргаад зогсохгүй удаа дараа жагсаал, цуглаан хүртэл зохион байгуулсан ч тусыг эс олсон. Банкны зүгээс харилцагчдынхаа мөнгийг шат дараатайгаар олгож байгаа гэсэн мэдээллийг өгдөг ч өдий хүртэл гар дээрээ ганц ч төгрөг аваагүй үлдсэн харилцагч байдаг юм билээ.
Банк дампуурсны хоморгонд “Зоос” банкаас л гэхэд 628 хадгаламж эзэмшигч хохирсон гэх баримт бий. Компанийн удирдлагын гэм бурууг шүүхээр шийдсэний дараа эдгээр хүмүүсийн мөнгийг буцаан олгоно гэсээр өдий хүрсэн “Зоос” банкны удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч баасан гаригт Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, хэрэгсэхгүй болголоо. Хэрэгт шүүгдэгчээр татагдаад байсан удирдлагууд болох 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг гэмт хэрэг хийсэн нь нотлогдохгүй байна гэх үндэслэлээр анхан шатны шүүх ийнхүү цагаатгалаа.
Тэднийг гурван жилийн өмнө банк дампуурсантай холбогдуулан УМБГ-аас банкны хууль тогтоомж зөрчиж, хуурамч бичиг баримт үйлдэн, их хэмжээний чанаргүй зээл олгосноос болж төлбөр гүйцэтгэж чадахгүйд хүргэсэн, банкны мөнгөн хөрөнгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн, холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр, шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн нь ийнхүү шүүхэд ирээд байсан билээ. Гэвч ялих шалихгүй шалтгаанаар өнгөрсөн гурван жилийн хугацаанд 7-8 удаа хойшилсон шүүх хурал ийнхүү цагаадаж буйг гайхах хүн олон байна. Учир нь, хэргийн мөрдөн байцаалтын явцад хоёр тусгаарласан юм.
Ингэхдээ тус банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийн банкны мөнгө үрэгдүүлсэн хэргийг ,салган, өнгөрсөн сард хэлэлцээд, зургаан жилийн хорих ял оноосон ч 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан, түүнд оноосон зургаан жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, харин харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн билээ. Гэвч тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Мөн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, “Зоос” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан шалгасан. Гэвч мөрдөн байцаалтын явцад Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарын гэм буруутай нь нотлогдоогүй учир Нийслэлийн прокурорын газраас мөн л хэрэгсэхгүй болгон хаасан юм.
Ийнхүү гурван жилийн турш, гурван ч хэсэгтэйгээр шалгагдсан “Зоос”-ын удирдлагууд уснаас хуурай гарч байна. Хамгийн сонирхолтой нь, бусдад учруулсан хор хохирол хэрхэн төлөгдөх нь эргэлзээтэй үлдэж байгаа юм. Ямартай ч, банкны дампуурлаар мөнгөн хуримтлалаа “залгиулсан” хохирогчид хэрхэх нь тодорхойгүй хоцорлоо. Үүнээс гадна нэгэн цагт ямар ч алдагдалгүй ажиллаж байсан “Зоос” банкны дампууралд буух эзэн, хариуцлага хүлээх хүн үлдсэнгүй. Өөрөөр хэлбэл, хууль хяналтынхан банкны дампууралд буруутай гэж үзсэн хүмүүсээ өнгөрсөн хугацаанд шат дараатайгаар шалгасан ч ийнхүү шүүхийн шатанд замхарлаа.
М.Өнөрөө
Short URL: http://sharmedee.mn/?p=14318