Сургалтын төлбөрийг 10 хувиас илүү нэмэхгүй байх шийдвэр гаргажээ
БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр сургалтын төлбөрийн нэмэгдлийн асуудлаар улсын зургаан сургуулийн санхүүгийн асуудал хариуцсан захирлуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд төлбөрийг нэмэх болсон шалтгаанаа тайлан балансаар баримт, нотолгоо үндэслэлтэй тайлагнах мөн сургалтын төлбөрийг хавар биш намар нэмэх тухай сургуулийн удирдлагуудад ярьж байсан юм.
Энэ талаар ШУТИС-ийн проректор Г.Дамдиннямаас тодрууллаа.
-Сая болсон уулзалтаар энэ жилийн сургалтын төлбөрийг хэдэн хувиар нэмэх шийдвэр гарсан бэ?
-БСШУЯ-ны сайдын өгсөн чиглэлээр 10 хувиас илүү нэмэхгүй байх шийдвэр гарсан. Өнөөдрийн хувьд санхүү, эдийн засаг хариуцсан захирлууд уулзаж бодит байдал, асуудлуудаа ярилцлаа. Удирдах зөвлөлийн хурлаар өгсөн чиглэлийнх нь дагуу шийдвэр гаргана. Зарчмын хувьд хоёр гурван зүйлийг ярилаа. Нэгдүгээрт арван хувиар нэмье. Хоёрдугаарт сургалтын төлбөрийг нэмснээр бий болох мөнгөн хөрөнгөө багш нарын цалингийн өсөлтөд бүрэн зарцуул гэсэн. Хөрөнгө оруулалт, хөгжилтэй холбоотой зардлаа улсын төсөв дээр суулгах асуудлыг БСШУЯ-ны зүгээс тавьсан.
-Танай су ргуулийн хувьд сургалтын төлбөрийг хэдэн хувиар нэмэх хүсэлт гаргасан бэ?
-ШУТИС нийт зардлаа цалин, бусад гэсэн хоёр зардалд хуваасан. Цалингаа өнгөрсөн оны Засгийн Газрын 78 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх буюу багш ажилчидынхаа цалинг 26 хувиар өсгөх. Бусад зардлаа инфляцийн түвшингээр сургалтын төлбөрөө дунджаар 21,9 хувиар нэмэх гэсэн хүсэлт гаргасан. Одоо бол 10 хувиар л нэмнэ.
-Сургалтын төлбөрийн асуудлыг хавар биш яагаад намар тавиад байдаг юм бэ?
-Хавраас эхлэн ярьсан гэдгээ сайдад хэлсэн. Бид өнгөрсөн оноос Засгийн Газрын цалин нэмэх дээрх тогтоол гарснаас хойш ярьсаар өдий хүртэл энэ асуудлыг ярьж байна.
-Бүх курсын оюутнуудын сургалтын төлбөр 10 хувиар нэмэгдэх үү?
-Бүгд жигд 10 хувиар нэмэгдэнэ. Манай сургуулийн талаар их зөрүүтэй мэдээлэл хэвлэл мэдээллээр гарч байгаа. 20-60 хувь хүртэл сургалтый төлбөрөө нэмэх гэнэ. Манай сургуулийн хувьд дунджаар жилийн төлбөр нэг сая 20 мянган төгрөг байгаа.
-Бусад сургуулиудын хувьд хэдэн хувиар нэмэх санал тавьж байх юм?
-Ямар ч байсан манайх хамгийн бага санал тавьсан нь юм билээ. Бусад сургуулиудын хувьд нэлээн өндөр хувиар нэмэх хүсэлтэй байсан.
-Яамны шийдвэрийг хэрхэн хүлээж авч байгаа бэ?
-Нэгэнт бид төрийн өмчийн сургуулиуд юм чинь яамны шийдвэрийг дагана. Боловсролын яамнаас хөрөнгө оруулалттай холбоотой багш нарын цалингийн асуудлыг шийдээд өгөх юм бол асуудал алга.
-Цалингийи сүлжээний тухай асуудлыг сайд мөн хөндөх шиг болсон?
-Цалингийн сүлжээний асуудал буюу улсын төсвөөс цалинжаад явах юм уу, эсвэл өөрсдийн орлогоороо цалинжаад явах эсэх асуудлыг хөндсөн. Улсын төсвөөр цалинжиж явсан түүх манайд бий. Энэ бол буруу менежмент юм гэдгийг ойлгосон. Улсын их, дээд сургуулиудын тогтмол зардал ШУТИС-ийн хувьд нийт зардлын 5.5 хувийг улсын төсвөөс санхүүжүүлдэг. 78.2 хувийг хүүхдийн сургалтын төлбөрөөс 1,4 хувийг оюутны дотуур байрнаас олдог.
-Хувийн сургуулиудын төлбөрийн асуудал яригдсан уу?
-Энэ удаа зөвхөн улсын сургуулиудын төлбөрийн асуудлыг ярилаа.
Л.МИНЖМАА
URL: