Стандартад нийцсэн оюутны дотуур байр ганц ч алга

Энэ жил 40 гаруй мянган хүүхэд ЕБС-аа төгсөж их, дээд сургуулийн босго алхаж байна. Тэдний 36 мянга нь хөдөө орон нутгаас хотод суралцахаар ирээд байгаа. Гадуур хөлсний байр эрэлт ихтэй байгаа энэ үед тэд аль болох сургуулийнхаа дотуур байранд орохыг хүснэ. Тэгвэл оюутны дотуур байр одоогоор 250-360 мянган төгрөгийн төлбөртэй байна. Зарим сургууль сургалтын төлбөрөө нэмнэ гэж мэдэгдсэн ч яг хэдэн хувиар, яаж нэмэх нь тодорхойгүй байгаа. Оюутны байр нь хөлсний байрыг бодвол ханш багатай, сургуульд ойрхон зэрэг олон давуу талтай ч стандартад нийцсэн дотуур байр, одоо­гоор ганц ч байхгүй.

Энэ талаар, мөн дотуур байрны төлбөр, бүртгэлтэй холбоотойгоор оюутнуудаас авах эрүүл мэндийн даатгал, шинжилгээний талаар сурвалжилсан юм. Манайх улс оюутны 43 дотуур байртай. Гэсэн ч эдгээр байранд дээд тал нь 13 мянган оюутан байх боломжтой аж. Хотын хэмжээнд 20 гаруй байр байдгаас МУИС-д долоо, ШУТИС-д дөрөв, МУБИС-д тав, ЭМШИУС-д гурав, СУИС-д нэг, ХУИС-д хоёр зэргээр харьяалагддаг байна. Эдгээр байр бүгд энэ долоо хоногоос бүртгэлээ эхэлж байна. Сургуулиуд юун түрүүнд хөдөө орон нутгаас ирсэн нэгдүгээр дамжааны оюутнуудаа хамруулж, үлдсэн тоонд ахлах курсынхныг тааруулж авдаг гэнэ. Хамгийн гол нь БСШУ-ы сайдын тушаалаар батлагдсан нэг өрөөнд дөрвөн оюутан суулгах, давхар бүр нь нийтийн гал тогоо, уншлагын танхим, халуун устай байх зэрэг дотуур байрны наад захын стандартыг биелүүлсэн байр ганц ч байхгүй аж. Олон улсын стандарттай харьцуулах юм бол бараадах ч үгүй биз. Тухайлбал, одоохондоо манайд хоёр өрөө дундаа нэг хоолны өрөө, душ, угаалтууртай болно гэдэг мөрөөдөл хэвээр байна. Энэ талаар дотуур байрны удирдлагууд «Бид стандартад нийцүүлэхийн тулд бага, багаар чадах ядахаараа өөрчилж байгаа. Гэхдээ нэгэнт өөр зориулалтаар баригдчихсан хуучны барилгуудыг өөрчилнө гэдэг хэцүү. Дээр нь давхар бүрт нэг, нэг гал тогоотой болгоход байранд орох оюутны тоо 50-иар хумигдана. Тэгэхээр үүнийг дагаад байранд орох оюутны тоо цөөрнө» гэж байлаа. МУИС-ийн дотуур байрны төлбөр нэмэгдэхгүй МУИС-ийн хувьд зургаан дотуур байртай. Нэг дотуур байр нь 300 хүний багтаамжтай бөгөөд жилд хоёр салбар сургуулиас тус бүр 150, 150-н хүүхэд авдаг байна. МУИС-ийн нэгдүгээр дотуур байрны зохион байгуулагч Мөнхжаргал «Нэгдүгээр ангийн оюутнуудыг бүгдийг нь шинжилгээнд хамруулдаг. Манай байрны хувьд дөрөвдүгээр давхарт нь багш, ажилчид суудаг. Энэ жилээс нийтийн гал тогоотой болж байгаа» гэсэн юм. Харин тус сургуулийн төлбөр энэ жил нэмэгдэхгүй гэнэ. Тодруулбал, өнгөрсөн жил 250 мянга байсан аж. ЭМШИУС-ийн байрны төлбөр 340 мянга боллоо ЭМШИУС-ийн хувьд оюутны гурван байртай. Байранд орох сонирхолтой нэгдүгээр курсийн оюут­нуудыг бүгдийг авдаг. Харин хоёроос дээш курст квот тавьдаг бөгөөд тэд тухайн салбар сургуулиуддаа өргөдлөө өгдөг аж. Тус сургуулийн Хангамж үйлчилгээний ажилтан Ч.Батболд «Манай байрууд улсын хоёр, гурван удаагийн тэргүүний байр болж байсан. Шинэ стандартад нийцээгүй ч гэсэн хуучин байруудаа бодвол илүү сайн гэсэн үг. Энэ стандартад ойртуулахын тулд хичээж ажиллаж бай­гаа. Хичээл эхэлсний дараа өөрсдийн эмчээрээ дамжуулан оюутнуудад үзлэг хийдэг» гэлээ. Харин энэ жилийн хувьд тус сургуулийн сургалтын төлбөр 30 мянгаар нэмэгдэж, 340 мянган төгрөг болсон байна. Эрүүл мэндийн даатгалын хувьд оюутнуудын сургалтын төлбөрөөс суутгадаг аж. Ер нь ихэнх сургууль оюутнуудаа нийтээр нь эрүүл мэндийн даатгалд хамруулдаг байна. МУБИС-ийн хувьд оюутны дотуур байрны төлбөр бага хэмжээгээр нэмэгдэнэ. Гэхдээ одоогоор яг хэдэн хувиар өсөх нь тодорхойгүй байна. Дашрамд дурдахад өнгөрсөн жил 220 мянга байсан юм. ХУИС-ийн дотуур байр хүрэлцээ сайтай ХУИС 400 хүний багтаамжтай хоёр дотуур байртай. Тус сургуулийн хувьд зөвхөн нэгдүгээр курс гэлтгүй, байранд орох хүсэлтэй бүх оюутнаа хамруулдаг. Нэгдүгээр дотуур байрны хувьд өнгөрсөн жил сургуулийнхаа 300 оюутныг хамруулж, дээр нь өөр сургуулийн 100 оюутан авчээ. Энэ жил төлбөр нь 10 хувиар нэмэгдэж, 360 мянга болсон байна. Тус байрны хувьд бүртгэл эхэлсэн бөгөөд бүртгүүлэхийн тулд нэгдүгээр курсийнхэн сургалтын төлбөрөө 100 хувь, бусад нь 50-60 хувийг тушаасан байх ёстой гэнэ. Байрны зохион байгуулагч Ц.Оюунцэцэг «Би оюутнуудынхаа шинжилгээг есдүгээр сарын эхний 15 хоногт эмч авч ирээд хийлгэчихдэг. Мөн охидоо эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, хөвгүүдэд цагдаагийн албанаас мэдээлэл өгдөг.

Манай байр хатуу журамтай. Тухайлбал, 23:00 цагаас хойш орж, гардаггүй. Хэрэв өөр сургуулийн оюутан авах шаардлага гарвал хөдөөнөөс ирсэн нэгдүгээр курсийн оюутан л авдаг. Харин байранд зөрчил гаргах, архи, дарс уусан тохиолдолд шууд хөөдөг» гэж байв. Ийнхүү оюутнууд орох оронгүйн эрхэнд чанарын шаардлага хангаагүй дотуур байранд орохын төлөө зүтгэсээр байна. Г.Батзаяа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих