Алтай констракшн, эрх мэдэлтнүүд сургуулийн газрыг дээрэмдлээ
1976 онд Залуу техникчдийн ордон ашиглалтад орж олон хүүхэд, залуучуудын авьяасыг нээж, хөгжүүлж, ирээдүйн зохион бүтээгчдийг төрүүлж байлаа. Тэр үед Монголд анх удаа ийм ордонтой болж авто загвар, усан загвар, фото зураг, пуужин загвар, хими, физик, одон орон судлал, радио хийц, радио чимээ /морз/, онгоцны загвар зэрэг урьд өмнө нь сонсож дуулж ч байгаагүй тийм дугуйлан секцүүд ажиллаж байв. Онгоцны загвар, гэрэл зургийн ангид сурдаг хүү онгоцны авсаархан загвар хийж гайхуулж байсан үе ч бий. Залуу техникчдийн ордноос олон авьяастнууд төрж, одоо ч мэргэжлээрээ ажиллан, улс орондоо ихийг бүтээж явна.
Ийм л залуучуудад үнэлж баршгүй оюуны хөрөнгө оруулалт хийж ирсэн сургалтын төвийг зах зээлийн нийгэмд шилжээд татан буулгаж, өдгөө байранд нь Монгол-Энэтхэгийн хамтарсан бүрэн дунд сургууль хичээллэж байна. Энэ сургуульд шинээр байр барьж нүүлгэн, 36 жилийн өмнө анх үүдээ нээж байсан Залуу зохин бүтээгчдийн ордныг сэргээн байгуулна гэсэн чихэнд чимэгтэй мэдээ дуулдаад нэлээд удаж байна.
Уг нь ийм төвтэй болбол Монголын өсвөр үеийнхэн чөлөөт цагаа зөв боловсон, сонирхолтой өнгөрөөх, маш сонирхолтой мэргэжлүүдийг бага наснаасаа эзэмших, техникт дуртай хүмүүс болон төлөвших үүд хаалга дахин нээгдэх юм.
Гэтэл чоно борооноор гэгчээр өөр тийш нь нүүлгэн шилжүүлнэ гэсэн сургаар хотын төвд, ОХУ-ын элчингийн чанх урд хуучнаар Залуу техникчдийн ордон, одоогийн Монгол- Энэтхэгийн хамтарсан сургуулийн хашаан доторх багахан газрыг нь эрх мэдэлтнүүд, баян бизнесмэнүүд булааж авахаар шийджээ.
Энэ газарт хэний зөвшөөрөл, ямар зориулалтаар барьж байгаа нь мэдэгдэхгүй барилгын ажил одоо ид дундаа явж байна.
Тус сургуулийн сургалтын албаны менежер н.Ганчимэгээс тодруулахад “Хаа сайгүй замбараагүй баригдаж байгаа барилгын нэг нь болж байна. Эсвэл газрын албанаас зөвшөөрлийг нь өгсөн үү гэдгийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ сургуулийн эргэн тойрон дахь 50 м газар тухайн сургуулийн газарт ордог. Гэтэл багш нарыг амраад явсан хойгуур барилга бариад эхэлсэн” гэсэн хариу өгч байлаа.
Сургуулийн багш нар мэдээгүй байхад нэг л шөнө том техникүүд оруулж ирээд газрыг ухаад суурийг нь цутгаад эхэлсэн байна.
Хэдэн арван жил ургаж байгаа саглагар бүдүүн моднуудыг хайр найргүй тайрч унагахдаа ч харамсаагүй. Хүүхдийн тоглож наадах багахан талбайг “хумсалж” байгаадаа сэтгэл нь өвдсөнгүй. Багш нар, орчин тойрны хүмүүсээс ч саналыг нь сонсоогүй.
40 гаруй модтой зүлэг ногоон талбайг сүйтгэж хүүхдүүдээс булаахдаа санаа нь зовсонгүй.
Залуу техникчдийн ордонг сэргээгээд энэ үлдсэн жаахан зүлэг ногоон талбайг тохижуулаад ирээдүйд зохион бүтээгч болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүүхэд багачуудын чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхэд ашигласан бол ирээдүйгээ харсан зав алхам болох байлаа.
Сургууль тарж, багш нар амралтаа аваад явснаас хойш барилгын ажлаа шуурхайлжээ. Зургадугаар сарын 30-гэхэд энэ барилгын суурийг нь ч цутгаагүй байв. Хэрэв сургууль эхлэчихвэл багш нар зарга хийгээд, эсэргүүцэлээ илэрхийлээд “хумсалж” авсан газар дээрээ барилга сүндэрлүүлж чадахгүй гэж болгоомжилсон хэрэг биз. Тиймээс сиймхийг ашиглажээ. Есдүгээр сарын 1-нд хүүхэд, багачууд, багш нар цуглаад энэ юу болж байна аа, зогсоол ч байхгүй болж гээд шуугихаар “Аль хэдийнэ ээ ажлаа эхлээд дундаа орох гэж байна. Газрын албанаас зөвшөөрөл авсан. Одоо яахав дээ” гэж амыг нь таглах нь мэдээж.
Монгол-Энэтхэгийн сургуулийг залгаад тус барилгын эргэн тойронд цэнхэр хашаа барьж, үүдэнд нь манаач бололтой хоёр гурван монгол залуучууд манаж, хятадууд барилга дээр ажиллаж байна. Тэд бид юу мэдэхгүй хэмээн амаа үдүүлжээ.
Энэ талаар хөөн сурвалжилбал, эрх мэдэлтнүүдийн холбоо сүлбээгээр газрын зөвшөөрлийг нь авсан байна. Энэ газрын зөвшөөрлийг Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байсан, Одоо Нийслэлийн МАН-ын дарга болсон Ц.Сандуйг өгсөн гэх.
Боловсролын байгууллагын нөлөө бүхий хүмүүсийн оролцоотой төдийгүй тэд “Алтай констракшн” компанид өндөр үнээр худалдсан бололтой.
Алтай констракшныхан энэ барилгыг өөр туслан гүйцэтгэгч компаниар бариулж байгаа гэх мэдээллийг тэр хавийн оршин суугчид ч ярьж байна.
Сургуулийн хашаан доторх газрын зөвшөөрлийг авчихыг бодоход эрх мэдэлтэй хүмүүсийн л хийх ажил. Түүнээс өргөдөл бариад очсон иргэнд өгөхгүй нь мэдээж. Авлигаар шийдэгдсэн байж мэдэх энэ асуудлыг ч АТГ шалгаж, дур мэдэн хүүхэд багачуудын тоглодог багахан зүлэг ногоон талбайг “дээрэмдэж”, сургуулийн цонхыг хаагаад барилга барьж байгааг хотын шинэ мэр Э.Бат-Үүл анхааралдаа а авмаар байна.
Short URL: http://sharmedee.mn/?p=14269
URL: