Сургуулийн автобусыг хэн жийв

Улаанбаатарын тулгамдсан асуудал өдрөөс өдөрт нэмэгдсээр л байгаа. Албаныхан, дарга нар, асуудлыг шийдэх гэж хэрэндээ хичээж байгаа ч гүйцэтгэх шатанд сэтгэлгүй, чадваргүй, авлигад идэгдсэн, хүнд сурталтай “бүдүүнүүд” дүүрсэн учир санасанаар болохгүй байна.

Өнөөдөр нийслэлд зайлшгүй хэрэг болох зүйлийн нэг нь сургуулийн автобус. Уг нь сургууль бүхэн автобустай байвал олон талын ашигтай байхсан.

Зөвхөн хувийн гэлтгүй улсын сургуулиуд ч гэсэн сургуулийн автобустай байх хэрэгтэй байна. Ядаж л бага ангийн хүүхдүүд гэрээс сургууль орох замд зам тээврийн осолд орчихоод байхгүй аятай юу. Гэх мэтээр сайн талыг нь тоочоод байвал барагдах юм биш.

Гэхдээ улсын сургуулиудыг сургуулийн автобустай болгох “үлгэр”-ийг яриад ч яах вэ. Амар сайхан жаргахгүй байх. Түүний оронд хувийн сургуулиудыг автобустай болгох асуудлыг даруй шийдмээр байна. Тэр дундаа “Орчлон”, “Америк сургууль”, “Олонлог” энэ тэр гээд өндөр төлбөртэй, баячуудын хүүхэд сурдаг сургуулиудыг автобустай байх шаардлагыг тавих цаг болж.

Уг нь зарим нэг сургуулиуд автобустай байсан цаг саяхан. Харин ойрноос автобусаа “жийгээд”, эцэг, эх нь данхайсан жийпээр хүүхдээ хүргэж өгөх моод дэлгэрээд байгаа бололтой юм. Ингэж сургуулийн автобусыг “жийж” байгаа нь эд хөрөнгө, машин тэргээрээ өрсөлдөх сонирхолтой баячуудын хийрхүү зангийн илэрхийлэл бололтой.

Хөрөнгө, мөнгөтэй хүмүүс ингэж машинаараа уралдаж, зиндаархах нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэхээс өөр сайн үр дүнд хүрэхгүй байна. Хамгийн тод жишээ, “Америк сургууль” байна. Зайсан тийш өглөө бүр том том жийптэй хүмүүс явж, хүүхдээ хүргэж өгчихөөд буцдаг. Тэр тоолонд замын хөдөлгөөний ачааллыг маш ихээр нэмж байгаа юм. Энэ мэтээр хотын төвийн замын ачааллыг нэмж байгаа сургуулийн хүүхэд хүргэгчид маш их байна.

Уг нь нэг хувийн сургууль руу 100-гаар тоологдох машин цувж байснаас автобустай бол тэр тоог хэдэн арав дахин багасгана шүү дээ. Тэгээд ч өндөр төлбөртэй хувийн сургуулиуд автобус авч чадахгүй гэх биш. Хүүхдээ сургуулийн автобусанд суулгахгүй гэж зөрүүдлэх эцэг, эх ч цөөхөн байх болов уу. Ямар нийтийн тээврийн автобусанд сууж, кондукторт нүд үзүүрлэгдэх гэж байгаа биш.

Сургуулийнхаа найзуудтай хамт тохилог автобусанд суугаад, сургуульдаа очно шүү дээ. Тэр хооронд хүүхдүүд найзалж нөхөрлөнө, ойр дотно болно. Хичээл номоо ярина. Ер нь олон талын ач холбогдолтой. Хамгийн гол нь замын хөдөлгөөний ачаалал буурна.

Тиймээс эрхэм хотын дарга минь, ийм шийдвэр гаргаад, туршаад үзэхгүй юу. Замын хөдөлгөөний ачаалал эрс буурах вий. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн сургуулийн тоо худал хэлсэн хүнд бараг 100 хүрч байгаа. Америк, Хятад, Солонгосын хөрөнгө оруулалттай гээд хөврөөд байна. Ингээд тооцоод үзэхээр замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэгчид хэт олон байгаа биз дээ.

Ер нь аливаа арга хэмжээг цогцоор нь авч байх хэрэгтэй. Цаг ямагт нэг хүний эрх ашгаас нийтийн эрх ашиг илүү байсаар ирсэн. Тэр нэг хүн нь ерөнхийлөгч байсан ч хамаагүй. Нийт Улаанбаатарчууд цөөн хэдэн баячуудын эрх ашгийн төлөө зам дээр түгжирч зогсох ёсгүй биз дээ.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих