“Нийслэлээс өдөрт 1100 тонн хог гардаг”

Нийслэлийн тулгамдсан сэдэв болчихоод байгаа хог хаягдлын талаар “News” агентлаг цуврал нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээг нийтэлж, “Цэмцгэр Улаанбаатарын төлөө” аян өрнүүлж  байгаа билээ. Аяныхаа хүрээнд хог хаягдлыг нэгдсэн байдлаар хэрхэн цэвэрлэдгийг тодруулахаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн мэргэжилтэн О.Оджаргалтай ярилцлаа. Одоогийн байдлаар Улаанбаатар хот хоёр төвлөрсөн хогийн цэгтэй. Зөвхөн тухайн дүүргийн хогийг хүлээн авдаг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт л гэхэд өдөрт 60-80  тонн хог хүлээж авдаг. Хоёр дахь буюу Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрладаг Нарангийн энгэр дэх төвлөрсөн хогийн цэгт үлдсэн таван дүүргийг хогийг хүлээлгэж өгдөг. Энд өдөрт дунджаар нэг мянган тонн хог хүлээж авч, хэмжиж, дарж булдаг. Нийслэлчүүд өдөрт дунджаар 1100 тонн хог “үйлдвэрлэж” байдаг юм байна. Тиймээс хотын бас нэгэн тулгамдсан асуудал болох хогийн цэгийн талаар яриагаа эхэллээ.

-Нийслэлд байгаа хоёрхон хогийн цэг хангалттгүй байгаа. Тиймээс дахиад хогийн цэг байгуулах хэрэгтэй гэж нэлээд яригдсан. Ингэхэд нийслэлчүүдийн хүлээж байгаа гурав дахь хогийн цэгийг хэзээ ажиллуулж эхлэх юм бол?

-Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 24 дүгээр хорооны Цагаан давааны хогийн цэгийг байгуулах ажил өрнөж, хогийн цэгийг нээх, хог хүлээж авах талбайг бэлтгэх ажлыг хийж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар тендерүүд зарласан. Хашаа, хороо, гэрэлтүүлэг , байшин, авто гүүр, зам, харуулын байр, цахилгааны байр, хог хүлээж авах талбайг барих ажлыг есдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөн Нийслэлийн хот тохижилтын газар хариуцаж ажиллаж байна.

-Гурван хогийн цэгтэй болсноор орчны хог хаягдлыг илт бууруулах боломжтой юу?

-Тийм ээ. Хогийн цэгүүдийн ачаалал 50 хувиар буурах боломжтой. Гурав дахь хогийн цэгт Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хогийг хүлээж авах юм. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүрэг Нарангийн энгэр, Баянзүрх дүүргийн алинд нь ч хогоо хүлээлгэж өгч болно гэсэн үг. Тиймээс ачаалал нэлээд буурах ач холбогдолтой.

-Ер нь нийслэлийн хэмжээнд хог хаягдал цэвэрлэх, тээвэрлэх хүн хүч хэр хүрэлцээтэй байдаг вэ?

-Тохижилт үйлчилгээний компанийг оруулахгүйгээр Хот тохижилтын газарт 36 хүн хоёр ээлжээр ажилладаг. Захиргаан дээр мөн төдий тооны хүн ажилладаг гэхээр үндсэндээ 100 гаруй хүн ажилладаг. Үүнээс гадна төвийн зургаан дүүргийн “ТҮК”-ийнхан ээлжээр ажилладаг, нэг ээлжиндээ 30-50 хүнтэй. Машин техникийн хувьд одоогийн байдлаар 152 хог тээврийн машин ажиллаж байна. Үүн дээр нэмэгдээд,улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 163 ширхэг машин авах эрхийг дүүргүүдэд өгсөн. Дүүргүүд өөрсдөө тендерээ зарлаад байгаа. Ингэхээр үндсэндээ 300 гаруй хог ачих машинтай болно. Нийслэлийн хэмжээнд 250 жолооч,  250 ачигч, 300 гаруй шар хантаазтан буюу цэвэрлэгч ажиллаж байна гэхээр хог тээвэрлэх ажилд 800 гаруй ажилтан ажиллаж байна гэж хэлж болно.



-Цэвэрлэгээ хийдэг цагийн хуваарийн тухайд. Хүмүүс хөл хөдөлгөөн эхлээгүй үед хогоо цэвэрлэчихгүй, яг ажлын цаг эхлэхтэй зэрэгцээд тоос манаргаад байдаг гэж шүүмжилдэг?

-Зун 08.00-22.00 цагийн хооронд, өвөл 09.00-20.00 цагийн хооронд ажилладаг хуваарьтай. Ерөнхийдөө өдөр нь түр завсарлаж, үдээс хойш түүвэр цэвэрлэгээгээ хийдэг. “ТҮК”-ийнхнийг олон цагаар ажиллуулж хөдөлмөрийн хуулийг зөрчдөг гэсэн ташаа ойлголт байдаг юм. Нэг хүн өдөрт ажлын найман цагаар ажиллана. Үндсэндээ хот тохижилтын газраас гадна “ТҮК”-ийнхан тусдаа найман цаг ажиллаж байна гэсэн үг. Баяр наадам, онцгой арга хэмжээний үеэр 24 цагаар ажилладаг. Энэ горимыг цаашид барьж ажиллах байр суурьтай байгаа. Дээр дурдсан гурав дахь хогийн цэгийг ажиллагаанд оруулснаар цаашдаа уртасгасан цагийн хуваариар ажиллах шаардлага гарч байна. Сар бүр их цэвэрлэгээ хийдэг. Их цэвэрлэгээтэй өдөр ачаалал нэмэгддэг учраас хог хүлээж авах цэгийг 24 цагаар ажиллуулдаг юм.

-Аж ахуй нэгжүүд орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх үүрэгтэй. Байгууллага болгон ойр орчмынхоо хогийг цэвэрлэчихээд байвал нийслэл хоггүй болохоод нэлээд их тус нэмэр болмоор байлтай?

-Иргэдийн хурлын тогтоолоор аж ахуй нэгж эзэмшлийн 50 метрийг цэвэрлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэхдээ энэ нь алдагдчихаад байна. Та бүхэн харахад ч ойлгомжтой байгаа байх. Барилга, байшингууд хоорондоо ямар шигүү баригдсан байгаа билээ. Барилгаасаа гараад л таван метрт зам  байх жишээтэй. Тиймээс одоо бол 50 метр гэдгээсээ бид татгалзаад дүүргүүдэд тухайн орчинд буй хог хаягдлыг цэвэрлэх үүргийг оногдуулж байгаа. Дүүргүүд цаашлаад нутаг дэвсгэртээ байрлаж буй аж ахуй нэгжүүддээ хариуцлага тооцох юм. Ер нь бүх байгууллагууд наад зах нь өмнөх шат довжоо, авто зам хүртэл талбайгаа цэвэрлэх үүргээ биелүүлэх хэрэгтэй л дээ.

-Хог хаягдлаа цэвэрлэхгүй байгаа бол ямар хариуцлага тооцдог юм вэ?

-Дүүргүүд ойр орчмынхоо хог хаях тал дээр хяналт тавина. Дээр нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар давхар шалгаад хариуцлага тооцдог. Жишээ нь, торгууль оногдуулах, бүр тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хариуцлага тооцдог юм. Ер нь аж ахуй нэгжүүд нэг үеээ бодвол ухамсартай болсон байна. Ингэх ч ёстой шүү дээ.

-Хог хаягдлыг ялгаж ангилах талаар их л ярилаа. Энэ ажил ямар ахицтай байна вэ?

- БНСУ-ын Койка олон улсын байгууллагатай Нийслэлд хог хаягдлыг ялгах, боловсруулах, хог хаягдлын хатуу түлш үйлдвэрлэх тухай санамж бичигт 2010 онд гарын үсэг зурсан.  Өнгөрсөн 2011 оны зургадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд хог ангилан ялгах үйлдвэрийг барихаар Өмнөд Солонгос улсаас тоног төхөрөөмжийг авчирч, барьж дуусгаад, аравдугаар сард нийслэлийн ойн баяраар хүлээлгэж өгсөн. Одоогоор энэ үйлдвэрийн барилгыг улсын комисс хүлээж авахаар ажиллаж байна. Ангилан ялгах үйлдвэрт  өдөрт 80 тонн хог хаягдал боловсруулж, үүнээсээ 1.6 тонн хатуу түлш гаргаж авах боломжтой. Энэхүү үйлдвэрт 34 хүн, хоёр ээлжээр ажиллана. Үйлдвэрийг дагаад ажлын байр бий болж, хог хаягдлыг дахин ашиглах боломжтой болно.

-Үйлдвэрүүдээс гарч байгаа хатуу хог хаягдлыг дахин ашиглах ямар боломж байгаа вэ?

- Улаанбаатар хотоос гарч буй хаягдлуудыг ерөнхийд нь хатуу хог хаягдал гэдэг. Үүнд үйлдвэрийн болон ахуйн хог хаягдал багтана. Хатуу түлшийг өндөр даралтын зуух, болон цахилгаан станцуудад нүүрстэй хольж, дулаан гаргаж авах байдлаар ашиглана. Өөр энгийн зууханд ашиглах боломжгүй.

-Хог хаягдлыг дахин ашиглаж байгаа гэдэг утгаараа илүү хорт  утаа ялгаруулах болов уу?

-Цахилгаан станцуудад ашиглах учир бусад том станцуудаас гардаг шиг утаа гарах эсэх талаар судалгаа хийсэн. Судалгаагаар хатуу түлшийг нүүрсний 2-4 хувьтай хольж шатаахад агаарт ямар нэгэн хий, утаа гарахгүй болох нь тогтоогдсон. Тиймээс л хог хаягдлыг хөрсөнд булж байснаас, ангилан ялгаж, боловсруулж шатаах нь хамгийн оновчтой гээд байдаг юм. Хатуу түлшийг нүүрстэй хольж шатаахгүй бол утаа гарна л даа.

-Хур хог гэж бид ярьдаг. Түүнээс гадна хог жалга болгонд хог хурж байдаг. Үүнийг хэн цэвэрлэх ёстой юм бэ? 

-Нийслэлд эзэнгүй хог хаягдал маш их байдаг. Далан дагаад амьдардаг иргэд хог хаягдлаа шууд асгадаг. Үүнийг заавал нийслэл, дүүргүүдийнхэн цэвэрлэх ёстой юм шиг бодолтой байх юм. Бид цэвэрлэх ажлаа хийлгүй л яахав. Гэхдээ 21 дүгээр зууны иргэд хотжих хэрэгтэй байна. Соёлтой байж, хог хаягдлаа энд тэнд хаяж, асгахгүй байх нь иргэний ухамсрын асуудал шүү дээ.

-Гэр хорооллын айлуудын хогийг хэд хоноод ачдаг вэ. Хогны машин ирдэггүй учраас л овоолоод орхихоос өөр аргагүй болдог гэж бас хүмүүс ярьдаг?

-Гэр хорооллын айлуудын хогийг сардаа 2-3 удаа ачдаг. Тэгэхээр 10 хоног тутам ачдаг гэсэн үг. Хог хаягдлыг тээвэрлэх асуудлыг тухайн дүүргийн Засаг дарга бүрэн шийддэг. Байрны айлуудын тухайд өдөр болгон цагийн хуваарийн дагуу, дуудлагаар юм уу хогийн бункер дүүрэхээр ачдаг.

У.БОЛОР


URL:

Сэтгэгдэл бичих