Ц.Элбэгдорж Г.Батхүүд өрөө төлж, АПУ-гийнханаар Монгол төр өтөв

Манайхнаар бол Хөдөө аж ахуйн их сургуулийн дэргэд Мал аж ахуйн бригадын дарга бэлтгэдэг байсан 45 хоногийн сургалт шиг Харвардын их сургуулийн хажуугийн курст суралцаад, АНУ-д боловсорсон гэх “том малгайтай” Ц.Элбэгдоржийг 2004 онд нохой явган, гахай нүцгэн Монголд ирэхэд газар даахгүй их мөнгөтэй Г.Батхүү өндийлгөн босгосон юмсан.
Унах жийпнээс эхлээд байр сууц ч өгсөн байх. Авдгаа авсан, авдар дүүрэн мөнгөөр нь ивээж тэтгүүлэн Ерөнхийлөгчийн сонгуульд ч Ц.Элбэгдорж ялсан. Бас хариугаа төлсөн. Г.Батхүүгийн ах, дүү, амраг садан, найз нөхдөөр л өнөөдөр Монголын төр өтөх шахаад, АПУ-гийнхан гэр бүлээрээ дарга боллоо. Энэ бол Ц.Элбэгдоржийн Г.Батхүүд өр төлсөн үр дүн. Гэтэл энэ АПУ бүлэглэлийн толгойлогч өөрөө УИХ-ын сонгуульд унаж шараа болдог байна шүү. Шараа ч юу байхав дээ, ард түмэн бол хувь тавилантай, буян заяатай, харах тэнгэртэй, мэдрэх ухаантай. Архиар олсон мөнгөөрөө Г.Батхүү монголчуудыг хордуулж болох ч төрөлх нутаг Өвөрхангайнхаа удмын санд нөлөөлөх хэмжээнд улстөрийн зорилгоо хангахгүй байж бас болно оо доо. Г.Батхүү Өвөрхангайгаар овоглон УИХ-д сууж, улстөр хийсэн цагаасаа хойш уулзалт цуглаан, аливаа арга хэмжээгээ архин далайд живүүлсэн. Тийм л учраас Г.Батхүүд санал өгсөнгүй, итгэсэнгүй. Ингэж болох ёстой бодит зүй тогтлын дагуу Г.Батхүү сонгуульд унасан нь Ц.Элбэгдоржийг мэдээж гонсойлгосон.

Орох оронгүй оочих аягагүй цагт нь гар сунгасан Г.Батхүүгийн ХанУулын шүүхээр гаргуулсан шийдвэрийг ч Ц.Элбэгдорж тэвчив. Шударга байх, шүүхийг шинэчлэх амлалтдаа хүрэх гэж, бас сонгуулийн өрсөлдөгчөө намнах гэж Н.Энхбаярыг ч шоронд явуулсан хэр нь Г.Батхүүгийн маанаг үйлдэлд үйлчилсэн шүүхийн шийдвэрт ч дуугүй л байв. Өвөрхангайчуудын төлөөллийн үг, захиас Ерөнхийлөгчид хаяглагдан сонин хэвлэлийн хуудсыг дүүргэсээр байхад шүү дээ. Өөр рүүгээ нийтийн анхаарлыг татахаар хичээн, ойрын хугацаанд хүсэн хүлээсэн зүйлсээ ч Стэнфордын их сургуулийн профессоруудад тайлагнан байж сатаарлаа. Монголчууд бултад нь Өвөрхангайн асуудал хамаагүй байж болох ч шударгаар сонголтоо хийчихсэн Өвөрхангайчуудын төрд төлөөллөө оруулах хүсэлтийг одоо үл хэрэгсэн явах боломжгүй боллоо. Үнэндээ Өвөрхангайчуудад яаж ч далдаганаад Монгол Ардын Намын хоёр нэр дэвшигчийн хөрөнгө чинээ Г.Батхүүгийн мөнгө, архины хаана ч хүрэхгүйг уугуул нутгийнхан нь төдийгүй монголчууд даяараа мэднэ. Ядахад, Г.Батхүүгийн ялагдсандаа итгэхгүй мэлзсэн гаргалгаа хэтэрхий худал, болхи. Тийм болохоор Ц.Элбэгдорж өрөө үргэлжлүүлэн төлнө хэмээн муйхарлан зүтгэж, шүүх засаглалд тушаал өгч чадсангүй.

Монгол Ардын Намын хоёр яах аргагүй Г.Батхүүгийн хүч хэрэглэн тэмцэж байгааг илчиллээ. Хамгийн гол нь, Ц.Элбэгдорж шударга сайндаа ч биш Ерөнхийлөгчийн сонгуулиар “Би үнэхээр шударга байсан биз дээ? Миний монголчууд аа…” хэмээн хошгируулахад нь дөхөмтэй баримт цуглуулах түүхэн шаардлагатай цаг үетэйгээ гарцаагүй тулчихсан учир арга буюу Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын ялалтыг луйвардахаар шүүхийн үйл ажиллагаанд технологийн алдаа оруулсан Г.Батхүүгийн бурууг илчлэв. Нийслэлийн шүүхэд баярлалаа. Бодит байдал ийм л болохоор Ц.Элбэгдорж одоо Г.Батхүүгээс залхаж байна. Г.Батхүү үнэхээр ядаргаатай байна. Өр төлж болох ч илэрхий буруугийн талд зогсч Г.Батхүүг гишүүн болгохоор тэмцэнэ гэдэг Ц.Элбэгдоржид хэтэрхий эрсдэлтэй алхам. Мөнгөнийхөө хүчээр Ц.Элбэгдоржийг олон он дамжин аргамжсан ч одоо Ерөнхийлөгч түүнээс ч илүү мөнгөтэй олон хамсаатантай болжээ.

Тиймээс одоо Ц.Элбэгдоржид Г.Батхүүгийн бүх мөнгө ТҮЦ-ийн бутархай цаас шиг харагдах болсон биз. Шүүхтэй, хуультай нь “худалдаж авсан” Хан-Уул дүүрэгтэйгээ нийлээд ч тэр шүү. Эрх мэдэлд хүрэх хүслээ ямар ч их мөнгөнд даатгаж болдоггүйг шараа болж, шившгээ тарьж яваа Г.Батхүүгээс харж болно. Уг нь Г.Батхүү мөнгөө зөв зарсан цагтаа бас сайд ч хийж л явсан. Харамсалтай нь, цаг цагаараа удахгүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй юм байна. Цахиагийн Элбэгдорж бүр ч гэрлийн хурдаар хувирна. Тиймээс ч Ц.Элбэгдорж “Энэ удаа биш, бас ийм асуудлаар биш. Очиж, очиж шүүхийг шинэчлэх амлалтынхаа биелэлтээр тайлан тавих Ерөнхийлөгчийн сонгуулийн босгонд шүү. Ялагдсанаа хүлээ дээ Г.Батхүү минь. Яаж найдсан ч харъяаллыг нь сольж, Хан-Уулд хүчиндэж шийдсэн Өвөрхангайн хэрэгт чинь би тусалж чадахгүй нь…” хэмээн Г.Батхүүгийн залхаалтыг зарлалаа. Өвөрхангайчууд Г.Батхүүгээс бүр ч их залхчихсанаа сонголтоороо илэрхийлсэн. Энэхүү гайтай шүүх заргын явцад ч улам бүр залхаж байгаа нь улстөрөөс гарах аргагүй болтлоо хордчихсон, хойшид Ерөнхийлөгчид ч өрсөлдөхөөр санаархаж байсан АПУ-гийн босст хамгийн их аюултай. Аюулыг даръя гээд Г.Батхүүгийн мөнгөний хүчин зүйлээс хамаарахааргүй болчихсон. Г.Батхүүгийн хувьд харамсалтай. Харин сонгогчдын хувьд, өвөрхангайчуудын хувьд бүх юм жамаараа өрнөж байна.
Эх сурвалж www.unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих