Гадаад хэргийн сайд Лу.Болд Хан-Уулчуудын саналыг хонины махаар худалдаж авчээ
Монголын толгой баячуудын нэг Лу.Болд өнгөрсөн УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшин аз жаргалтайгаар амар сайхандаа жаргадаг “үлгэр” зохион, ард түмний тархийг “угааж” УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан. Тэгэхдээ зөвхөн хоосон амлалт, худал үгээр иргэдийн саналыг аваагүй сонгуулийн хуулийг зөрчиж, архи, мах зэрэг бэлэн бүтээгдэхүүн айлуудаар тарааж явсан тухай ч мэдээлэл бий. Хэдийгээр сонгуулийн дүн нэгэнтээ гарч, эрхэм Лу.Болд гишүүн төдийгүй сайдын суудалд сандайлсан ч түүний хууль бус үйлдлийн талаар зарим эх сурвалжууд дэлгэж эхлэв.
Тэрбээр өнгөрсөн сонгуулийн үеэр айлуудад газар олгоно гэж амлахаас гадна 3-5 кг-аар савалсан хонины мах, хиам тараасан гэнэ. Мөн сархад зооглох дуртай зарим нэгэн иргэдэд архи өгч, өрсөлдөгчдийнхөө уулзалтууд дээр согтуу хөлчүү хүмүүсийг машинаар хүргэж өгдөг байсан тухай ч яриа гарах болов. Хэдийгээр энэ нь батлагдсан үнэн биш ч сонгуулийн өмнөх өдрүүдэд Яармаг, Нисэхэд хавтгайрсан архидалт болсон бөгөөд Лу.Болд их хэмжээний архи тарааж иргэдийн саналыг худалдаж авсан гэнэ. Энэ тухай өчигдөр нэгэн иргэн Твиттер хуудсандаа Лу.Болдод хандан “Сонгуулийн үеэр таны тараасан хонины мах Хан-Уулчуудыг хэд хоног тэжээсэнд их талархаж байгаа шүү” хэмээн бичжээ. Харин эрхэм сайд маань үүний хариуд ямар нэгэн юм бичсэнгүй. Магадгүй түүнд хэлэх үг олдоогүй ч байж мэдэх юм.
Ямартаа ч Монголын төрд удаа дараалан суусан, Засгийн газрын гишүүнээр хоёр дахиа сонгогдож байгаа туршлагатай түүний хувьд иргэдийг мунхруулахдаа тун ч гаргуун нэгэн.
1990-ээд оны эхээр оюутны байгууллагад ажиллаж байсан энэ эрийг гадныхны сэжиг бүхий мөнгөөр “Голомт” гэх банк байгуулсан гэлцдэг.
Тэр банкныхаа дүрмийн санг Төрийн өмчийн арилжааны банкнаас бага хүүтэй зээл авч, мөн Германы хар мөнгөний эх үүсвэрийг ашиглаж бүрдүүлсэн гэх нь ч бий. Тэрбээр анх 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдонгуутаа Ард Даатгал банкыг дампууруулж, өөрийн банкаа хөл дээр нь босгох замаа амжилттай тавьсаныг олон хүн ярьдаг. Үүгээр ч зогсохгүй Ард, Даатгал банкыг дампууруулаад ч ханалгүй, түүний суурин дээр бий болсон төрийн өмчийн 100 хувийн оролцоотой “Сэргээн босголт” банкыг хүчээр дампууруулж өөрийн банктай таван сая төгрөгөөр үнэлүүлэн нэгтгэх гэж байгаад баригдаж улмаар Засгийн газраа золиосолсон түүхтэй. “Сэргээн босголт”, “Голомт” банкыг нэгтгэх ажиллагааны дундаас төсвийн хөрөнгөөс 6.000.000 ам.доллар “Голомт” банкны зузаатгал нэрээр гадагш нь зувчуулсан хэмээдэг.
Лу.Болд 2008 онд УИХ-ын гишүүн болохын тулд 2.000.000 ам.доллараар сонгогчдыг “худалдаж авсан” хэмээх яриа бас бий. Тэрбээр “Баян Монгол” корпораци байгуулж монголчуудыг баян болгоно” хэмээн амлаж байсан. Энэ амлалтынхаа хүчинд өөрөө УИХ-д гарсан. Гэвч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд түүний сайхан амлалтын биелэлтийг хүлээсэн иргэд өнөөдөр ядуу хэвээрээ, харин Лу.Болд өөрийн бизнесийг өргөжүүлж, хэтэвчээ зузаалсаар л байсан.
Амласан амлалтаа гишүүн болмогцоо “мартсан” тэрбээр өнгөрсөн хугацаанд ганцхан удаа “ам ангайсан нь” “Хүний хөгжил сан”-г өөрийн “Баян Монгол” корпорацийн үйл хэрэгтэй адилтгаж, “Би амлалтаа биелүүллээ.
Иргэн бүрт хувь, хишиг хүртээж, баялгийнхаа эзэн болох боломжийг нээж “Хүний хөгжил сан”-гийн тухай хууль бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл, “мөрөөдөл маань бодит зүйл боллоо” гэх тайлбар хийсэн байх юм.
Уг нь 2008 оны сонгуулийн үеэр 21 мянган төгрөг бус, харин бүхэл бүтэн 40 гаруй сая төгрөг амлаж байсан санагдана. Тэрбээр дөрвөн жилийн өмнө ярихдаа “Монгол айлыг эх орон шигээ хүчирхэгжүүлэхийн тулд “Баян Монгол” төслийг боловсрууллаа. Монгол хүний амьдралын чансаа улсынхаа тэнхээг дагаж, дэлхийд эхний гурваа байг гэхэд аравт багтах үүд хаалгыг “Баян Монгол” корпораци төсөл нээж байгаа юм. Ашигт малтмалаас олох цэвэр ашиг ойрын зургаан жилд 25 дахин өснө. Нэг хүнд ноогдох ДНБ ирэх найман жилд зургаа дахин нэмэгдэх бодит тооцоо гарсан байна. “Баян Монгол” корпораци бол Ардчилсан намын Эрдэнийн хувь хүртээх зорилтын үндсэн арга билээ.
Энэ хөтөлбөр бол Монголд байгаа баялгийг монгол хүн бүрт хүртээх хөтөлбөр мөн. Энэ хөтөлбөр бол эзэнтэй юмыг эзэнд нь өгөх хөтөлбөр. Манай орны 50 гаруй ордод байгаа байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, өнөөдрийн ханшаар үзэхэд 186 тэрбум ам. доллар болж байна. Нэг хувьцааг нь 100 ам.доллараар үнэлээд 2.7 сая хүндээ хуваагаад үзэхэд нэг хүнд 361 хувьцаа буюу 36.122 ам.доллар, хөрвүүлээд үзэхэд 40 орчим сая төгрөгийн хөрөнгө ноогдож байгаа юм” хэмээн ярьж байсан. Түүний энэ үг 2008 оны сонгуулийн сурталчилгааны үеэр хүн бүрийн анхаарлыг татаж байлаа. Харин сонгогдмогцоо сонгогчдоо амлалттайгаа хамт таг мартсан түүнийг сонгогчид нь 2012 оны сонгуульд эргэж ирэхээсээ ичих байлгүй дээ хэмээн найдаж байв.
Гэвч ичих булчирхай нь аль эрт ажиллахаа больсон эрхэм гишүүн эргээд л нөгөө “үлгэрээ” ярьсаар Хан-Уулчууд дээр “Би амлалтаа биелүүлсэн шүү. Намайг дэмжээрэй” хэмээн хээв нэгхэн ярьсаар ирэв. Сонгуулийн хуульд зааснаар сурталчилгааны эхний өдрүүдэд Хан-Уулчууд бараг л Лу.Болдын өөдөөс чулуу шидэх шахад дургүй байсан. Харин дараа, дараагийнхаа уулзалтыг хийхээс өмнө эрхэм сайд маань айл бүрт “бэлэг” тараажээ. Энэ нь нөгөө “үнэгүй юманд нугасгүй” Монголчуудын занг зөөллөж, хоёр гурав дахиа уулзалт хийхэд нь түүнийг арай л өөрөөр хүлээж авах болсон аж. Ийнхүү дөрвөн жил хулхидсан ч дөрөв, тавхан хил махаар дахиад л олонхийн саналыг авч чадлаа.
Хоёр удаа Хан-Уулчуудын саналыг хийсэн бүтээснээрээ биш, тараасан амласнаараа авсан тэрбээр энэ удаад бүр Гадаад хэргийн сайд болоод авлаа. Түүнээс өөр энэ албанд тохирчихмоор олдохгүй байна гэж баймааргүй юм. Ядахдаа англиар аятайхан ярьчихдаг хүн байх хэрэгтэй баймаар. Лу.Болд Батлан хамгаалахын сайд байхдаа Хонг Конгийн Pheonix TV – д нэгэн ярилцлага өгөхдөө ёстой л нөгөө дөнгөж хэлд орох гэж байгаа хүүхэд шиг таг түг гэсээр олны өмнө шившиг болж байсан. Гэтэл тийм хүнийг энэ албанд томилдог нь их хачирхалтай. Гадны олон айлчин, гийчин ирэхэд Лу.Болд англиар яриад л лав ойлголцохгүй байх.
Чадахгүй зүйлдээ зууралдаж, чаддаг нэгнийхээ замыг хаах хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Өнгөрсөн дөрвөн жил олигтой хийсэн зүйлгүй саарал толгойлж суусан түүнийг сайд болгодог ёстой л дэмий хэрэг баймаар. Гэхдээ одоо нэгэнт сонгогдчихсон хойно түүнийг бага ч гэсэн юм хийгээсэй л гэж найдахаас.
Н.Хувьзаяа www.secret.mn
URL: