“Зоос” банкийг хэн дампууруулсан болж таарав аа
“Зоос” банкны хэрэг замхраад дуусах нь ээ, хөөрхий. Иргэдийн итгэж хадгалуулсан их хэмжээний мөнгийг зүгээр л гарын салаагаараа урсгаад дуусгасан энэхүү хэргийн гол эздийг манай хуулийнхан нотлох баримт байхгүй гэдэг шалтгаанаар сул орхиж чадлаа.
Өчигдар л гэхэд “Зоос” банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад байсан тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг Чингэлтэй дүүргийн шүүхэд хаалттай шүүгээд хэргийг хэрэгсэхгүй болгочихов.
Хуралд даргалагч шүүгчээр И.Ганбат оролцсон юм.
Шүүх хуралдааны шийдвэрийн талаар Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгийн өмгөөлөгч Б.Оюунбилэгээс тодруулахад “”Зоос” банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад байсан Ж.Алтанцаг, П.Сэлэнгэ нарыг гэм буруугүй гэж үзэж, цагаатгасан. Хэргийг хэрэгсэхгүй болгосон” хэмээж байв.
Тэднийг бусдын эд хөрөнгө завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаад байсан юм.
Тэгвэл уг хэрэгт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, “Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан шалгасан ч мөрдөн байцаалтын явцад Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарын гэм буруутай нь нотлогдоогүй гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хэрэгсэхгүй болгож байлаа.
Харин гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийн банкны мөнгө үрэгдүүлсэн хэргийг тусгаарлаж, хэргийг өнгөрсөн сард хэлэлцээд, зургаан жилийн хорих ял оноосон ч 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан, түүнд оноосон зургаан жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн билээ.
Иргэд болон улсад их хэмжээний хохирол учруулж, тансагласан Ш.Чуданжий шоронд ороогүйдээ талархахын оронд уг шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Нэг ёсондоо “боловсролтой” луйварчин бүсгүй олон тэрбумаар нь идсэн мөнгөө эргүүлж төлөх биш, огт өргүй үлдчих санаатай зүтгэж эхэлсэн гэсэн үг. Даварсаар даварсаар давгийн оронд гэгчээр л юм болж байгаа биз.
Манай хууль хяналтынхан 1000-хан төгрөг хулгайлсан ядарсан бүсгүйд арван жилийн ял өгч чаддаг хэрнээ бүхэл бүтэн банк дампууруулж, олон мянган хадгаламж эзэмшигчийн хөрөнгийг сүйдэлсэн луйварчдыг хүмүүжүүлэх арга хэмжээ авахгүй байгаа нь тун тоогүй. Мэдээж давж заалдсан хүн яаж ийгээд төлөх ёстой 1.6 тэрбум төгрөгийнхөө хугасыг ч болтугай замхруулах нь ойлгомжтой. Бүр огт төлөхгүй болгож ч чадна гээд бод доо. Тэгэхээр иргэд болон улсад их хэмжээний хохирол учруулсан “Зоос”-ынхны хэрэг ингээд салхинд хийсэх нь ойлгомжтой боллоо.
Аливаа хэрэг заавал эзэн, холбогдогчтой байх ёстой. “Зоос” банкны хэрэгт холбогдоод байсан хүмүүс буруугүй юм бол энэ хэргийг хэн үйлдсэн болж таарч байна вэ.
/mongolcomments
URL: