ИНЭЭ, ИНЭЭ БАС ДАХИН ИНЭЭ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХААН

Хамгийн муу үйлчилгээ үзүүлдэг байгууллагаар эрүүл мэндийн салбарынхан тодорсон байна. Энэ мэдээ нь салбарын шинэ сайдад тун ч хүнд туссан бололтой. Уг нь ч, нэг их гайхаад, цочирдоод байх шинэ содон мэдээ биш л дээ. Эмнэлгээр үйлчлүүлэх болохоор том жижиг, их бага нь хамаагүй ямар нэгэн бэлэг сэлтийг асрагч ч юм уу эмч, сувилагчид өгч байж сая нэг үзүүлэх эрхээ, авах ёстой үйлчилгээгээ авдаг гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Гэхдээ сэтгэл ханамжийн баталгаа 100 хувь биш шүү. Хэдхэн хоногийн өмнө танилын маань хүүхэд манайдаа тэргүүн зэрэгт ордог эмнэлэгт цөсний хагалгаанд орсон юм. Эмч, сувилагч, асрагч нартаа баярласан сэтгэлээ илэрхийлэхээр 20 мянган төгрөг, жаахан цагаан идээний хамт өгөхөөр асрагчийг нь дуудтал “Халтар 20 мянгат барьчихаад юугаа хийгээд энүүгээр тэнээд байгаа юм бэ” хэмээн загнуулж байхыг нь хараад хэлэх үг олдоогүй юмдаг.
Иймэрхүү дүр зураг ганцхан энэ эмнэлэгт ч бус өнөөдөр улсын гэх тодотголтой бүхий л эмнэлэгт бий. Баярлууштай нь шинэ сайд энэ бүхэнтэй хатуу тэмцэхээр шийдсэнээ салбарынхандаа болон ард түмэндээ дуулгасан. Тэгэхээр талархан хүлээж авахаас ч өөр яах билээ. Тэгээд ч зогсохгүй салбарынхандаа “Инээ, инээ бас дахин инээ” гэсэн уриаг хүртэл дэвшүүлжээ. Ажил болгож чадвал үүн шиг хэрэгтэй зүйл гэж хаана байхав. Ингээд саяхан ажлаа хүлээж авсан Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай ярилцсанаа хүргэе.
-Эмнэлэгт үзүүлнэ гэдэг их бэрхшээлтэй болсон. Та ч үүнийг тун гярхай олж харсан нь анзаарагдлаа?
-Монгол Улсын Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын мэргэжлийн салбар зөвлөлийнхөн болоод эмнэлгийн дарга нарын саналыг тусгаж, хамт олноороо хэлэлцүүлэх юм. Миний хувьд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хүний нөөцийн шинэтгэлээс эхлэе гэж шийдсэн.

Ялангуяа эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс эелдэг харилцаатай, ажилдаа хариуцлагатай ханддаг, ёс суртахуунтай, хөнгөн шуурхай, гүйцэтгэж байгаа ажилдаа эзэн болж, чанартай хийхийн тулд мэргэжлийн хүмүүсийн гаргаж байгаа бодлого, саналыг зайлшгүй тусгах хэрэгтэй байна. Энэ хүмүүсийн саналыг авч буй гол утга учир нь салбараа мэддэг, шийдэх арга зам, гарцаа олж чаддагт байгаа юм. Иймээс л төрийн бодлогод мэргэжлийн хүмүүс, эрдэмтдийн дуу хоолой хамгийн чухал. Мөн монгол хүний эрүүл мэндийн аюулгүй байдлыг бүрэн хамгаалахад энэ шинэтгэлийн бодлого чиглэх ёстой. Эрүүл мэндийн үйлчилгээг шаардлагатай үедээ авдаг, тэр нь үр дүнгээ өгдөг байвал хүмүүс сэтгэл хангалуун байж чадна. Ийм үйлчилгээг бий болгохын төлөө энэ Засгийн газар ажиллах учиртай гэж би хувьдаа бодож, дүгнэж байна.
-Ингэхэд ажлаа яг юунаас эхлэх гэж байгааг тань сонирхож болох уу?
-Хамгийн түрүүнд тийм ажил хийнэ гэж төлөвлөж, ярьж болохгүй. Ямар ч байсан эхний ээлжинд салбартаа тулгамдаж байгаа асуудлуудыг жагсаагаад эрэмбэлнэ. Эрүүл мэндийн санхүүжилт, мэргэжилтэн, ажилтнуудын сургалт, материаллаг хангамж, эмнэлгүүдийн орчин нөхцөл, эм хангамж гээд олон асуудал бий. Гэхдээ эмнэлэг бүр адилгүй болохоор тулгамдаж буй асуудлуудыг нь гаргаж ирээд шинэтгэлийн бодлогоо хэрэгжүүлэх учиртай. Миний бодож буйгаар бол эрүүл мэндийн удирдлагын шинэчлэл нэгдүгээрт тавигдах ёстой. Бүх эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад нийтлэг тавигдах асуудал бол энэ.
-Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг жагсаавал төрөх эмнэлэг нэлээд дээгүүрт бичигдэх байх шүү. Энэ тал дээр та ямар ажил хийхээр төлөвлөв?
-Төрөх эмнэлгүүд үнэхээр асуудалтай байгаа гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Энэ талаар бид холбогдох хүмүүстэйгээ уулзаж ярилцсаны дараа шийдэх гарцыг нь олно.
-Нярайн халдвар төрх эмнэл­гүүдэд хэд хэдэн удаа гарч олон ч нярай эндсэн. Дахин давтагдахгүй гэх баталгаа алга?
-Тийм ээ, энэ чиглэлээр хийх ажил олон бий. Мөн оруулсан хөрөнгө оруулалт үр ашгаа өгдөг байх ёстой. Төрөх эмнэлгийн асуудал манай улсад дээгүүр тавигдаж байгаа л даа. Хүйн халдвар гарч байгаа нь эмнэлгүүдийн ариун цэвэр, барилга байшингийн чанартай л холбоотой.
-Хойш тавилгүй хөндөгдөх асуудалын нэг нь өрхийн эмнэлгийн үйлчилгээ гэдэгтэй олон хүн санал нийлэх болов уу?
-Өрхийн эмнэлэг бол улсын санхүүжилтээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг байгууллага. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх өрхийн эмнэлгийг нэг хүнд ногдох санхүүжилтээр санхүүжүүлж ирсэн. Тэр хэмжээгээр төсвөө авч төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг нөхөрлөлийн байгууллага юм. Нөхөрлөлд нэгдсэн өрхийн эмч нар улсын үзүүлэх үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ тал дээр олон асуудал гарч ирдэг юм. Бодит зардлаар тооцоог нь хийж гаргаагүй болохоор өрхийн эмнэлгүүд байнга санхүүгийн асуудалтай тулгардаг. Өрхийн эмнэлгийг бэхжүүлэх талаар төрөөс олон ажил хийдэг.
Гэхдээ өрхийн эмнэлгийн чанар үйлчилгээ сайнгүй байгаатай санал нэг байна. Уг нь, хүн бүрт хүрч ажилладаг байх ёстой газар бол өрхийн эмнэлэг шүү дээ. Үйлчилгээг нь сайжруулахын тулд санхүүжилтийг нь нэмэх шаардлагатай. Ингэж нэмээд зогсохгүй, гүйцэтгэлийн удирдлага буюу бодит тооцоог нь гаргаж санхүүжүүлэх учиртай. Нөгөө талаар тухайн санхүүжилтэд тохирсон гүйцэтгэл хийдэг байх ёстой. Хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Ингэснээр санхүүжилт хүрэхгүй байна уу, аль эсвэл ажлаа хийж чадахгүй байна уу гэдэг нь тодорхой болж ирнэ.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, тэр дундаа хиймэл эрхтний асуудал орхигдож буй талаар сүүлийн үед нэлээд хурцаар яригдах боллоо. Үүнийг та хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хиймэл эрхтний асуудал НХХЯ-нд харьяалагддаг. Энэ асуудлыг заавал манай яам хариуцна гэж зүтгэхгүй. Тэгэхдээ эрүүл мэндийнхээ асуудлын хувьд л манай яаманд харьяалагдана.
-Эрүүл мэндийн салбарын боловсон хүчин тэр дундаа сэтгэцийн эрүүл мэндийн мэр­гэ­жилтэн олдохгүй байна, мэр­гэшүүлэх талаар юу ч хийдэггүй гэдэг?
-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед хүний нөөцийг их сайн бэлтгэдэг байлаа. Жишээлбэл, намайг сургуульд сурдаг байхад аймаг, аймгаас есөн хүүхдийг сонгож аваад ЭМШУИС-д авч сургаж төгсөхөөр нь аймаг, сум руу явуулдаг байсан. Хүний нөөцийн төлөвлөгөөг хийхгүй байна. Гэхдээ хүний нөөцийн бодлого, төлөвлөлт бол бий л дээ.
Хамгийн гол нь энэ төлөвлөлт бодитой байна уу, үгүй юү гэдэгтээ л байгаа юм. Аль эмнэлэгт мэргэжилтэн дутуу байгааг яам мэдэж, түүнийгээ хуваарилдаг байсан бол одоо тухайн эмнэлгийн удирдлагууд өөрсдөө мэдэж хүнээ авдаг болсноор янз бүрийн асуудал үүсч байна. Намайг эмч байхад ийм л байсан, сайд болоход мөн л хэвээрээ байсан, одоо ч бас л ийм байгаа учраас энэ бүхнийг нэг тийш болгох цаг нь иржээ.
-Нэг тийш нь болгоно гэхээр ямар журмаар асуудлыг цэгцэлнэ гэсэн үг вэ?
-ЭМШУИС төгссөний дараа төгсөлтийн дараахь сургалтыг нарийн мэргэжлийн эмнэлгүүд хийх ёстой. Угаасаа ЭМШУИС нарийн мэргэжлийн эмнэлэгт мэргэжилтнээ бэлтгэдэг учраас энэ чиглэлийн эмч бэлтгэх бүрэн хүчин чадал эмнэлгүүдэд бий гэж бодож байна

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих