Ц.ОЮУНБААТАР: ХҮН ЧАНАР ГАРГААД УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ТАНГАРГАА ӨРГӨЛГҮЙ ХҮЛЭЭЖ БАЙНА

Шинээр бүрдсэн парламент элэг бүтэн болж чадахгүй явсаар анхдугаар чуулганаа дуусгасан. Хоёр тойрог маргаантай, “Шударга ёс” эвслээс сонгогдсон нэг гишүүн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэрэг хэрхэн шийдэгдэхийг хүлээгээд тангараг өргөөгүй л явна. Энэ удаа бид УИХ-ын гишүүн болох эрх нь нээлттэй байгаа хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатартай ярилцлаа.

-Анхдугаар чуулганаар парламент халуун бүлээрээ цуглаж чадсангүй. Таныг Н.Энхбаярын хэрэг ший­дэгдтэл тангаргаа өргөхгүй гэсэн байсан. Гэвч МАХН бол ганц хүний нам биш. Та эрхээ эдлээд тангараг өргөж болохгүй гэж үү?
-Үүнийг тэгтлээ улс төржсөн өнцгөөс хармааргүй байна. Би албан тушаалын шуналаас ангид явахыг хүсдэг. Парламентад анх орж ирж буй бусдыг бодвол миний үзэл бодол арай өөр. Тэгээд ч УИХ-ын гишүүн бол албан тушаал биш. Яах вэ, Энхбаяр даргын хэргийг шийдэж дуустал УИХ-ын гишүүний тангаргаа өргөхгүй яваа нь үнэн. Гэхдээ үүнд огтхон ч санаа зовохгүй байна. Даган баясагчидтай адил би тэгж амбийцлахгүй. Намайг аалзны тор, газар, лицензийн наймаа гэх мэтээр ороох зүйл огтхон ч гарахгүй. Би харин ч нэр цэвэр хүн шүү.
-Н.Энхбаярыг ингэж хүлээснээр таны сонгох, сонгогдох иргэний эрх зөрчигдөж буй явдал болчихгүй юу?
-Ганц Энхбаяр ч биш дахиад өөр хэн нэгний эрхийг зөрчвөл хүний эрхийн хуульчид адилхан л оролцоно.
-Асуултаа тодруулъя л даа. Та бол олонхийн санал авч, УИХ-д суух эрх өвөртөлсөн хүн. Тэгэхээр сонгогчдоо хүндлээд тангараг өргөчихвөл яасан юм бэ?
-Тангараг яах вэ. Хүний эрх гэдэг бараг л миний хобби болчихож. Тиймээс илэрхий хүний эрх зөрчөөд байгаа зүйлүүдийг ярих хэрэгтэй байна. Бод доо, Энхбаярын шүүх хуралд гэрчүүдийг оролцуулаагүй. 2003 онд батлагдсан хуулиар 1999 онд болсон үйл явдлыг шийдлээ шүү дээ. Тэгээд ч бэлгэнд авсан зүйлийн тухай ярихдаа бусдын эд хөрөнгийг завшсан гэж хэлж болохгүй. Үүнийг Японы байгууллага ч, Чойжамц хамба ч нотолчихсон. Дээрээс нь Засгийн газрын ачуулсан номыг Энхбаяр МИАТ компанийн мөнгөөр хувийн номоо зөөсөн гэж буруутгах жишээтэй. Энэ бол том алдаа. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийг ганц Нямдорж баталсан юм биш. Би ч бас энэ хууль дээр ажилласан хүн. Энэ заалтаар Энхбаяр даргыг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Өмч хөрөнгө хариуцаж буй хүн энэ хэргийн сүбьект.

-Та бусдын эрх ашгийг өөрийнхөөсөө өндөрт тавьж буй хуульч хүн үү, эсвэл Н.Энхбаярын дуу хоолой юм уу?
-Би Энхбаярын хүн биш. Түүнийг намын дарга байхад нь жигүүр байгуулаад шүүмжлээд явж байсан. Энхбаярыг ийм хүнд үед нь хуульчийнхаа хувиар хүн чанар гаргаад тангараг өргөхөө хойшлуулан хүлээж сууна.
-Та УИХ-ын гишүүний тангараг өргөх талаараа Н.Энхбаяр даргатай ярилцсан уу?
-Тийм ээ. Бид өнөөдөр үүсээд буй нийгмийн сэтгэлзүйг дүгнээд тангараг өргөхийг түр хойшлуулъя гэж ярилцсан. Цэц, эсвэл шүүх нь шударга бус хандаж байна. Энэ хүнийг эрүүгийн хэрэгт хилсээр татаж, бас сонгуульд нэр дэвших жагсаалтаас улс төрийн захиалгаар хассан. Үүнийг ёстой хаана ч хэлнэ.
-Намын нөхөд тань танд юу гэж хэлж байх юм. Шинэ Засгийн газарт орох гэж “Шударга ёс” эвслийнхэн их л бужигнасан сураг дуулдах юм?
-Энхбаяр даргаас өөр хэн ч надтай уулзаагүй. Намын удирдлагууд, өөр намынхан гээд хэн ч надтай тохироо хийхээр ярилцаж, хэлэлцсэн зүйл алга. Тэгэхээр намайг хардах хэрэггүй. Дарга нь өвчтэй, өчнөөн асуудалтай байхад “Шударга ёс” эвслийнхэн албан тушаал булаацалдаад хөлөө жийлцэж буйд би их шүүмжлэлтэй хандаж байна. Эвслийн зарим удирдлагад үнэхээр сэтгэл дундуур явна.
-Ингэхэд та Нам бусчуудын холбооны хүн гэсэн. Яагаад УИХ-ын сонгуульд намын жагсаалтаас нэр дэвшсэн юм бэ?
-1986 онд МАХН-д элссэн. Батлахаа хэнд ч өгөөгүй, солиогүй. Нам дамждаг урвадаг, шарвадаг нь би биш. Би МАХН-ыг эрүүл, цэвэр байхад нь л элссэн. Одоогийн МАН бол миний элссэн нам биш. Хуучны МАХН одоо ч байгаа гэж үздэг хүн. Тэгээд ч Нам бусчуудын холбоо маань Оюу толгойн 51 хувийг авъя, хоёр шатны парламенттай болъё зэрэг олон асуудал дэвшүүлэн тавьсан нь “Шударга ёс” эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Одоо Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хэрхэн тусахыг хүлээж байна.
-Хариултаа жаахан тодруулахгүй юу?
-Би хэнээс ч хараат бус хүний эрхийн хуульч. Н.Энхбаярыг баривчлахдаа халдашгүй байх, өөрийгөө хамгаалах, өмгөөлүүлэх, мэтгэлцэх, өөрийгөө цагаатгах баримтуудыг гаргаж өгөх зэрэг эрхээр нь хангаагүй. Баривчлах, мөрдөн байцаах, хэрэг шийдэх явц бол хэтэрхий нэг талыг баримталсан. Хүний эрх гэдэг бол аль нэг намын дарга, эрх мэдэлтний хэрэг биш. Улс төр, нам харгалзахгүйгээр хүний эрхийг хамгаалдаг хуульч олон байх ёстой. Тэдний нэг нь л би.
-Тэгвэл тантай хүний эрхийн талаар ярихгүй өнгөрч болохгүй нь. Ардчилал, хүний эрх Монголд өдрөөс өдөрт орон зайгаа алдсаар буйг олон хүн хэлэх юм. Үүнтэй та санал нэгдэх үү?
-Монголд салбартай “Эмнести интернэйшнл” гэдэг бол хүний эрхийн төлөө ажилладаг дэлхийн толгой байгууллага. Тэд манай орныг Хүний эрх чөлөөнд халгаатай улс гээд зарлачихлаа. Гэвч бид Ардчилсан Монгол Улсын иргэд шүү дээ. Тэгэхээр Монголд хүний эрх гэдэг үнэхээр чухал сэдэв. Авлига хэтэрхий газар авчихсан учраас л манай оронд хүний эрх ингэтлээ дордож байгаа юм. Бод доо, Хүний эрхийн Үндэсний комисс нь хүртэл төр дээрээс нь дарамтлангуут хүний эрхийн төлөө дуугарахаа болиод, нам дарагдаж байгаа биз дээ. Ингэж болохгүй л дээ уг нь.
-Бид амьд явах, амьдрах эрүүл саруул орчноор хангуулах гээд бүхий л эрхээ боогдуулж байна. Гэвч хэнээс, яаж хариуцлага нэхэх учраа олохоо байчихлаа. Шүүмжлээд ч дарга нар сонсохыг хүсдэггүй?
-Улаанбаатар хот сая гаруй хүн амтай. Гэвч иргэдийн хэдэн хувь нь 0.07 га газраа хувьчилж авсан бэ. Хүн өмчтэй байх, баялгаас хувь хүртэж түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах эрх нь зөрчигдөж буйн тод жишээ энэ. Улаанбаатарт харь орны бизнесмэнүүд л байшин барьж, ашигт малтмалыг нь ухаж байна. Гэвч Үндсэн хуульд газар доорхи баялаг бол ард түмний өмч гээд заачихсан биз дээ. Улс төрийн зүтгэлтнүүд энэ газар шорооны өчүүхэн хэсгийг ч бий болгоогүй хэрнээ лиценз худалдаад л бүх ард түмний эрх чөлөөнд халдаж байна. Бид эрүүл саруул амьдрах орчингүй, байгалийн баялагтаа эзэн болж чадахгүй байна. Хүний эрхийн суурь зарчмууд нь зөрчигдсөөр сүүлдээ хэвийн үзэгдэл болон хувирлаа.
-Одоо тэгээд яах вэ?
-Нийслэлчүүд Бат-Үү­лээр ахлуулсан хотын удирд­лагуудад их найдлага тавьж байгаа. Өнгөрсөн 20 жил хотыг удирдсан, өнөөдрийн ийм хүнд байдалд хүргэсэн хотын удирдлагууд эхний ээлжинд ёс суртахууны хариуцлагаа хүлээх ёстой. Цаашилбал, эрүүгийн хариуцлага ч хүлээх ёстой шүү дээ.
-Саяын сонгуулиар ард түмэн хотын хуучин удирдлагуудтай хариуцлага тооцож, Э.Бат-Үүл баатарт итгэл хүлээлгэлээ гэж та хэлэх гээд байна уу?
-Улаанбаатар хотын удирдлагууд 100 хувь солигдсонд МАН-ын гишүүд хүртэл сэтгэл хангалуун яваа. Нийгэм маань МАН-ынхантай аяндаа л улс төрийн хариуцлага тооцоод эхэллээ. Уг нь жирийн иргэн та ч амьсгалах агааргүй боллоо гээд хотын удирдлагуудтай зарга үүсгэж болно. Гэвч хүмүүс Үндсэн хуулиар олгосон эрхээ мэддэггүй. Тэгвэл хотын захиргааны дэргэд иргэдэд хуульзүйн зөвлөгөө өгдөг төв байгуулаад энэ эрхийг нь эдлүүлбэл яасан юм бэ. Гэхдээ Бат-Үүл ичсэн нүүрэндээ хотоо сайхан болгох байлгүй дээ.
-Шинэ Засгийн газар байгуулагдахтай зэрэгцээд төрийн албан хаагчид айдаст автлаа. Хэдэн зуугаараа ажилгүй болж байна ч гэх юм. Гэвч энэ нь эргээд хүний эрхэд халдаж буй үйлдэл болчихгүй байгаа. Та юу гэж бодож байна вэ?
-Төрийн албаны зөвлөлийг татан буулгана гэнэ. Магадгүй энэ зөв. Яагаад гэвэл төрийн албанд өнөөдөр хэн нэгэн олигархийн бүлэглэл багаараа ажилладаг. Нам бус жирийн иргэн хэчнээн өндөр боловсролтой байсан ч танил талгүй л бол төрийн албанд ажилд орж чаддаггүй. Төрийн бүх нэгжийг улс төр болон бизнесийн бүлэглэл хуваагаад эзэмшчихсэн шүү дээ. Энэ нь ердөө ч нууц биш.
-Тэгэхээр АН-ын энэ алхам зөв гэсэн үг үү?
-Үнэндээ аль ч намд авлига байгаа шүү дээ. Намдаа хандив өргөж улс төрд орж ирдэг, 50 сая төгрөгийн босго тогтоодог гээд бүгдэд нь энэ дутагдал бий. Газар, лицензийн наймаа бас л авлигын үүр уурхай. Сонгуулийн өмнө төрийн өмчит компанийн захирлуудыг дуудаад хандив босгож сонгуулийн зардал ол гэж даалгавар өгч байна шүү дээ. МАН-ынхан хахууль авдаг, АН-ынхан үгүй гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Энэ бүхний гарцыг амархан олж болно. Намуудыг гишүүнчлэлгүй болгох хэрэгтэй. Тэр тусмаа сум, хороо, дүүрэгт. Эцсийн бүлэгтээ улстөрч биш л бол нам болж хуваагдах хэрэггүй юм. Зүгээр л Монгол Улсын иргэн байхад хангалттай. Нам бусчуудын холбоо эхний ээлжинд үүнийг хийх ёстой гэж төлөвлөж байгаа. Төрийн алба бол бялуу хуваах баярын ширээ биш.
-Тэгэхээр одоо яах вэ. Гарц харагдаж байна уу?
-2000 онд намайг УИХ-ын гишүүн байхад орон сууцны нөхцөлөө сайжруул гээд тус бүрт нь 10 сая төгрөг өгсөн. Түүнээс цөөхөн хүн татгалзсаны нэг нь би. Гэтэл зарим нь яам, агентлагийн нэр барьсаар 3-4 байр авсан шүү дээ. Ингэж болохгүй ээ. Ард түмний татвараар би байр авах юм гэнээ. Түүнийхээ оронд татвар төлснийхөө урамшууллыг иргэдэд яаж хүртээх вэ гэдэг дээр бидний толгой ажиллах ёстой байхгүй юу. Тэр байтугай татварын мөнгөний зарцуулалтад иргэд хяналт тавимаар байна. Дэлхийн улс орнууд ихэвчлэн ийм л байдаг. Манай орон хоёр шатны парламенттай болох хэрэгтэй. Батзандан З.Энхболд даргыг “Та бол дарга биш ээ. Парламентын зохицуулагч шүү” гэж хэлсэн. Энэ үнэн байхгүй юу. Ер нь дарга биш маш сайн зохицуулагч нар л төрд хэрэгтэй. УИХ-ын гишүүд бол дарга биш, ердөө л хууль тогтоогчид гэж дахиад нэг хэлмээр байна.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих