Судлаач Д.Ганхуяг: Хятадууд юу гэдэг вэ?

ganhuyag_uls_tur_sudlaach-middleСаяхан америкууд ирж лекц уншаад явав. Бидэнд хорин жилийн өмнөх шигээ ардчилал чухал гэдгийг хэлэв. Удалгүй Хятадын хэвлэлд Монголын тухай нэг доромж өгүүлэл гарав. Энэ бол улс төр юм. Манайх НАТО-д орно гээд давхиад байхаар тэд ингэх нь аргагүй байх. Тэгвэл тэдний том эрдэмтэд юу гэж боддогийг бид мэдэх хэрэгтэй л дээ. Ер нь бол бид америкаас бусад нь юу гэж бодож, юу хэлдэгийг заавал мэдэж байх ёстой. Мэдээж Оросыг бол бид амархан мэдэж чадна. Харин Хятадыг бол тийм ч амархан мэдэж чадахгүй. Тэгээд энэ талаар хятадын онолч эрдэмтдийн зарим санааг манай уншигчдад хүргэхээр шийдвэрлэв.

Хятадын бахархал

Би нэг зүйл зориуд тэмдэглэх гэсэн юм. Хятадууд Чан Кай Ши-ийн тавьсан гадаад өрийг ядуу байхдаа нэгд нэгэнгүй төлж дуусгасан байдаг. Үндэслэл нь эх орны нэр төрийн хэрэг гэж үзсэн. Тэдний ойлголтоор Чан Кай Ши ч гэсэн “буруу зөв” нь хамаагүй эх орны төлөө тэмцсэн болж байгаа юм. Манайд бол яасан “сайхан” муу хэлж байх бол ?!
Дараа нь тэд Японоос дайны төлбөр гэж нэхээгүй, тэгээд аваагүй. Үндэслэл нь эх орноо өөрсдөө хөгжүүлж чадна гэж үзсэн. Айхтар байгаа биз. Тэд үүгээрээ аливаа улс гүрэнд нэр төр, бахархал гэж юу байдгийг дэлхий дахинд харуулж чадсан юм. Тэдний түүх, нийгэм, хувь хүн, нэр төрөө үнэлэх энэ занг хүндэтгэхээс өөр аргагүй гэж би бодож байна.
Одоо тэд Хятадын Хуурай замын хүчний стратегийн зорилтыг “Барууныг номхотгож, Умардад тулгуурлан, Дорно болон Өмнө зүг тэмцэх” гэж тодорхойлдог. Харин Тэнгисийн хүчний стратегаа ” “Өмнө зүг, Далайг дамжин Даяар ертөнц рүү” гэж томъёолдог.

Хятадын эрдэм шинжилгээний олон бүтээлд олон туйлт гэсэн нэр томъёо тааралдах боловч яг тусгайлсан ил судалгаа ховор. Гэхдээ байж л таараа. Энэ нь Хятадад ил гаргаад маргаад байх сэдэв биш бололтой.
Одоо Хятадын геополитикийн зарим томчуудын гол санааг товч авч үзье.

1. Е Зичэн (Ye Zicheng). Бээжингийн олон улсын харилцааны Их Сургуулийн Стратегийн Судалгааны Төвийн захирал.
Энэ хүн Хуурай газрын хүчний хөгжлийн гурван шатны онолыг анх дэвшүүлсэн. Чингэхдээ Барууныг хуулбарлаагүй, харин Хятадын өөрийн түүх, соёл, гүн ухаанд үндэслэсэн онол гаргасан юм. Түүний онолын үндэслэл нь газар, хүн, хөгжил, евроази, иж бүрэн байдал (ялангуяа мэдээлэл зүй) гэсэн суурь дээр тогтоно. Энэ болгонд харгалзсан хятад ханз байдаг юм билээ. Эдгээрийн дотроос Е Зичэн Евроазийн асуудалд хамгийн их анхаарал тавьсан. Тэрээр Хятад бол Евроазийн дорнод хэсгийн улс учраас Евроазийн хуурай газрын орон зайн улсуудтай стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой гэж үзсэн. Энэ үүднээс Хятад нь зөвхөн Европ, Орос, Энэтхэг зэрэг Евроазийн хүчний гурван төвтэй бүх талаар хамтран ажиллах ёстой. Тэдэнтэй хамтран ажиллах нь Хятадын хувьд ирээдүйтэй гэж үзсэн. Зөвхөн хүрээлэн буй энх тайван орчинд Хятадад зохистой ертөнц бүтээж болно. Е Зичэны энэ онол нь Оросын А.Г.Дугины олон туйлт хүчний онолтой нэлээд төстэй. Гэхдээ Хятад гүн ухаантайгаараа ихээхэн ялгаатай.

2. Юан Пэн (Yuan Peng) Орчин үеийн Олон улсын Харилцааны Хятадын Академийн АНУ-ын Институтын захирал.
Олон улсын харилцааны системийн өөрчлөлтийн шинэ эрин үед Хятад нь бусад орнуудтай хамт “бие даасан” хийгээд “хамтарсан” шилжилтийн үйл явцад оршиж байна. Энэ утгаараа Хятад нь дэлхийн системийн өөрчлөлтийн чухал хөдөлгөгч хүч, түүнчлэн түүний гол үр дүн болж байгаа аж.
Ийм учраас XXI зуунд Хятадын эзлэх байр суурийн тухай асуудал зүй ёсоор гарч ирнэ. Юан Пэний ойлголтоор Хятад нь мөн чанараараа адилгүй дөрвөн зүйлийг тусгасан улс болох ба үүнийг нөхцөлт байдлаар “нэгд буй дөрөв” гэж нэрлэж болох аж. Бас л хятад ханзаар нэрлэсэн байна. Хамгийн нэгдүгээрт Хятад нь хөгжиж буй орон (developing country) бөгөөд удаан хугацаанд ийм байна. Дараа нь Хятад өндийж буй орон (rising power) бөгөөд БРИКС-ийн орны нэг, шинээр босч буй орнуудын биелэл болно. Мөн Хятад нь даяар гүрэн (global power) бөгөөд зарим эрдэмтдийн хэлдгээр “тодорхой даяар нөлөөлөл бүхий бүс нутгийн гүрэн” юм.

Хятадыг аль ч талаас нь харлаа гэсэн тэр нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүний нэг, эсвэл эдийн засгийн цар хэмжээ, аль эсвэл валютын нөөц, хүн амын тоо, газар зүйн хэмжээ, олон улсын нөлөөлөл зэргээрээ Хятад даяар гүрний шалгуурт бүрэн нийцдэг юм. Хамгийн сүүлд Хятад бол квази-хэт их гүрэн (quasi-superpower) бөгөөд АНУ-ын дараа дэлхийд хоёрт ордог их гүрэн юм. Үлдэх бусад гүрнүүд түүнээс хамаагүй хол хоцордог. Энэ бол Хятадын өөртөө өгч буй үнэлгээ учраас их чухал юм. Эндээс Юан Пэн их чухал дүгнэлт хийж байгаа.
Нэг. Хэдийгээр сулрах үйл явц байгаа хэдий ч туйлын хүчин чадлаар АНУ урьдын адил эхэнд байна. Гэхдээ АНУ-ын нэг туйлт дарангуйлын эрин үе ахиж эргэж ирэхгүй. Обамагийн “шинэ бодлого” АНУ-ын “зөөлөн” хийгээд “хатуу” хүчинд зөвхөн түлхэц өгч чадна, харин XX зууны 90-ээд оны дунд болон сүүл үеийнх шиг хүчтэй байж хэзээ ч чадахгүй. АНУ бол урьдын адил “нэг хэт гүрэн” боловч харин “нэг дарангуйлагч” биш юм.
Хоёр. Богино хугацааны хэтийн төлөвт “хоёр туйлын эрин үе” болохгүй. Хэдийгээр АНУ “G2″-ын санааг дэвшүүлж өөрөө том ахын үүрэг гүйцэтгэх гэж байгаа боловч Хятад энэ талаар идэвхи гаргахгүй.
Гурав. Олон туйлын үйл явц хурдасч байна. G20 бол энэ үйл явцын илэрхийлэл мөн. Хэрэв “хүйтэн дайны” дараа “нэг хэт гүрэн ба олон хүчтэй орон” гэсэн нөхцөл байдал үүссэн бол сүүлийн 5-10 жилд үүний яг эсрэгээр “олон хүчтэй ба нэг дээгүүр” нөхцөл байдал бий болов. Хэрэв өмнө нь АНУ дэлхийг удирддаг цорын ганц хүч байсан бол одоо дэлхийг хамтын ажиллагаагаар удирддаг “олон хүчтэй гүрэн” бий болоод байна.
Юан Пэн “чөлөөт ардчилал + зах зээлийн эдийн засаг” гэсэн англи-америкийн хөгжлийн загвараас гадна Герман, Францын европын эх газрын, хятад, орос, далайн хойгийн орнууд, латин америк, АСЕАН-ы орнуудын гэсэн хөгжлийн олон загварууд бий. Эдгээр загварууд өрсөлдөж, харилцан нэвчиж байгаа нь манай эрин үеийн инноваци хийгээд шинэ хандлага юм.
Хөгжлийн ийм олон янзийн хэлбэр байгаа нь Хятадын загварыг хөгжиж буй орнуудад тулган хүлээлгэж байна гэсэн Барууны шүүмжлэлээс зайлсхийх боломжийг бидэнд (Хятадад-Д.Г) олгож байна.

3. Лю Липин (Liu Liping). Улсуудын орон зайн харилцааны судлаач, “Contemporary International Relations” сэтгүүлийн редактор, Орчин үеийн Олон улсын Харилцааны Хятадын Академийн ажилтан.
Орчин үеийн ертөнцөд хэт гүрэн, хүчтэй, дунд, сул гэсэн дөрвөн хэв шинжийн улсууд байдаг. Эхний хэт гүрэн гэдэгт цорын ганц орон АНУ ордог. АНУ “олон улсын харгис цагдаагийн” үүрэг гүйцэтгэхийн тулд цэргийн зардлаа өндөр түвшинд хадгалах ёстой. АНУ-ын бодлого бол реализмын онол, түүнчлэн геополитик, Мэхэний “далайн хүчин чадлын” онолд тулгуурлаж байдаг. Өөрийн даяар худалдаа-эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд АНУ олон улсын хууль боловсруулах ажлыг удирдах ёстой. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын бодлого даяар шинжтэй байдаг ба америкийн эрдэмтэд хүссэн хүсээгүй “тоглоомын дүрэм” боловсруулдаг, иймээс олон улсын харилцааны бараг бүхий л гол онолыг америкчууд санаачилдаг.

“Хүчтэй орнууд” гэсэн удаах бүлэгт Англи, Франц, Герман, Япон, Хятад, Орос, Энэтхэг, Бразил ордог. Эдгээр орон тус бүрийн хүчин чадал америкаас бага, гэхдээ дэлхийн эхний хорин оронд ордог. Эдгээр нь даяар үйл хэрэгт оролцдог ба гэхдээ гол хүчин чармайлтаа өөрийн бүс нутагт чиглүүлдэг. Энэ нөхцөлд байдалд реализмын байр суурь баримталж, түүний дотор хүчний балансын онолыг харгалзах шаардлага үүсдэг. “Хүчний баланс” барих зарчмыг холбоотон болох зорилгоор буюу бодит холбоо тогтоох, эсвэл холбоо тогтоохоор сүрдүүлэх зэргээр Хятад АНУ-ын эсрэг голдуу ашиглаж ирсэн.
АНУ хятад-оросын болон хятад-орос-энэтхэгийн харилцаанд нэг эмзэг ханддаг. Ийм учраас хүчтэй орнууд өөрийн стратегидаа хүчний баланс барих аргыг ашиглах хэрэгтэй.
Дээр дурдсаныг харгалзан Хятад Шанхайн хамтын ажиллагаа болон БРИКС-т орж байгаа нь АНУ-ын дарангуйллыг сөрөн зогсож буйн жишээ юм.

Гурав дахь “дунд түвшний орнууд” гэсэн бүлэгт маш олон орнууд ордог. Энд Хойт болон Дорнод Европ, Төв болон Зүүн-Өмнөд Ази, Африк болон Латин Америкийн ихэнхи орнууд орно. Эдгээр орнууд нь даяар болон бүс нутгийн асуудалд бие даасан нөлөөлөл үзүүлэх боломжгүй.
Тэдний дипломат хүчин чармайлтын гол нь хоёр талын болон хил орчмын асуудлууд, түүнчлэн хязгаарлагдмал цар хүрээнд цэргийн хүчээр хил орчмын асуудлыг шийдэхэд чиглэгддэг. Эдгээр холбоод нь хүчний баланс дээр тогтсон хүчтэй улсуудын холбооноос огт өөр байдаг. Дунд орнуудын холбоонд дор хаяж арваас дээш орон орж байж сая үр ашигтай болдог бөгөөд үүнийг “чонон сүргийн стратеги” гэж нэрлэж болно.
Сүүлчийн дөрөв дэх бүлэг сул орнуудад Европын Люксембург, Андорра, Азийн Бутан, Бруней, Африкийн Гамби, Свазилен, мөн арлын жижиг орнууд орно. Тэдний олонхи олон улсын бодлогыг “хөндлөнгөөс ажиглагчид” юм. Тэдгээр нь том гүрнүүдэд “наалдаж” амьдардаг, тэгээд голдуу төвийг сахидаг.

4. Ван Хунган (Wang Honggang). Орчин үеийн Олон улсын Харилцааны Хятадын Академийн аналитик.
Дэлхийн санхүүгийн хямралын дараа Хятад өөрийн байр суурийг дахин үнэлэх ёстой. Орос, Хятад, Энэтхэг, Бразил зэрэг орнууд даяар түвшинд улам их үүрэг гүйцэтгэж байна.
Дэлхийн бодлогод хүчний балансад мөн чанарын өөрчлөлт гарсан боловч олон улсын институтууд одоо болтол өөрчлөгдөөгүй байна. Энэ нь олон улсын байгууллагуудад барууны орнууд ноёрхож, сэргэж буй орнууд бага төлөөлөлтэй байгаатай холбоотой, ийм учраас даяар удирдлага баланслаагүй, үр ашиггүй байна. Энэ нөхцөл байдал нь “Хятад, АНУ гэсэн даяар гол зохицуулагч” шийдэл гаргахыг шаардаж байна. “Даяар гол зохицуулагч” гэсэн шинэ нэр томъёо энд гарч ирж байна. Энэ бол Хятад “шинэ үүргийг” онолын хувьд томъёолсон хэрэг юм.

Хятадын чадавхи

Сүүлийн хэдэн жил Хятад дэлхийн геополитикийн нэгэн төв болов. Хятадын ДНБ 2011 оны байдлаар АНУ-ын түвшингийн 47 хувьд хүрэв.
Мөн аж үйлдвэрлэлийн үйлдвэрлэл, эдийн засгийн бодит сектороор АНУ-ыг гүйцэв. Алт валютын нөөц 3,2 триллион доллар болов. Гадаад худалдаа 3,74 триллион доллар болов. Олгосон зээлээрээ ОУВС-аас даван гарав.
2011 оны 2-3 дугаар сард ХАЧА Ливээс агаарын болон ус замаар Хятадын 36.000 иргэнийг шилжүүлж цэргийн тээврийн хүчин чадлаа дэлхийд гайхуулав. Энэ нь гайхалтай хурд, бас асар их хүчин чадал юм гэнэ.
Хятад НҮБ, ОУВС, G20, БРИКС, мөн бүс нутгийн АПЕК, АСЕАН+1, Шанхайн гэрээний байгууллага зэрэгт гол үүрэг гүйцэтгэх болов. Ингээд тэд АНУ болон Европын Холбоотой энэ зэрэгцэх болжээ. Гэхдээ тэд манлайлж, зонхилж байна гэсэн ганц ч яриа гаргадаггүй байна.
Ухаандаа 2010 онд Хятадын эдийн засгийн чадавхи 5,9 триллион доллар байхад БРИКС-ийн орнууд нийлээд 5,4 триллион байх жишээний. Ингэхлээр бусад нь Хятад АНУ-ын өрсөлдөөнийг ажиглагчийн үүрэгтэй л байдаг аж.
Одоо Хятадууд 20 гаруй оронтой чөлөөт худалдааны гэрээ буюу бүс байгуулаад байна. Үүнийг нь АНУ Дэлхийн Худалдааны байгууллагатай зэрэгцээ бүтэц гэж шүүмжилдэг. Гэхдээ Хятадууд ОУВС-аас давсан их мөнгийг хоёр талын гэрээний үндсэн дээр зээлүүлж, оронд нь хятад бараа авах ганц л нөхцөл тавьдаг байна.
Манайд Хятадыг эсвэл хараадаг, эсвэл айдаг тэнэг зангаа татаж, сайн судлах л хэрэгтэй гэж бодож байна. Пивоны ширээний ард толгойдоо орсныг чалчихийг геополитик гэж монголчууд л боддог байх. Уусан пивоо “юүлээд” л мартчихдаг “геополитик” чинь баарны жорлонд л үлддэг юм.
Харин сайн судалбал арга нь олдож л таарна…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 8 дугаар сарын 25.
http://gankhuyag.wordpress.com


URL:

Сэтгэгдэл бичих