Хуучин барилгуудыг нураах болжээ

Нийслэлийн хэмжээнд эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, газар хөдлөлтийн эсрэг хамгаалалтгүй 283 барилга байдаг. Тиймээс эхний ээлжинд газар хөдлөлтийн хамгийн бага чичиргээнд ч нураад уначихаж мэдэхээр 10 орон сууцыг нурааж, 30 барилгыг сэргээн засварлахаар болжээ. НМХГ уг барилгуудад хяналт шалгалт хийсний дүнд хүн амьдрах боломжгүй гэж тодорхойлсон байна. Өнгөрсөн жил хуучин барилгыг нураах асуудал яригдаж эхэлсэн ч хөрөнгө мөнгөний асуудлаас болж удааширсан гэнэ. Энэ жилийн хувьд мэргэжилтнүүд нарийн тандалт судалгаа хийсний дүнд барилгын ажил эхлэхэд бэлэн болоод байгаа аж. Харин хамгийн том бэрхшээл болох оршин суугчидтай хэл амаа ололцох хэцүү ажил үлдчихээд байгаа тухай НМХГ-ын дэд бүтцийн хэлтсийн дарга Ч.Мөнхжаргал хэлсэн. Түүнчлэн оршин суугчдын эрх ашгийн төлөө уг ажлыг хийж байгаа тул хүлээцтэй тайван хандахыг иргэдэд уриалсан. Ингэхдээ хуучин байртай дүйцэхүйц хэмжээний шинэ байр өгөх аж. Эдгээр байр нь ус зайлуулах хоолой, газар хөдлөлтийн эсрэг хамгаалалттай баригдах юм.

Эхний ээлжинд нураахаар төлөвлөж буй барилгад Баянгол дүүргийн IV хороо 25 дугаар эмийн санд байрлах гурван давхар шар орон сууцууд, Хан-уул дүүрэг дэх /хуучнаар/ арьс ширний үйлдвэрийн барилгууд багтаж байгаа аж. Хуучин орон сууцыг нь нураахаар болсон талаар Баянгол дүүргийн IV хорооны оршин суугчид ийн ярьж байна.

Б.Нансал IV хорооны оршин суугч:
-Хэдэн жилийн өмнөөс манай байрыг нураана гэсэн яриа гарсан. Одоо болтол байж л байна. Эгч нь бол таашаахгүй л байна. Над шиг өндөр настнууд шинэ байранд ортол амьд яваа ч уу. Хуучин байрандаа санаа амар хэвтэж байсан нь дээр биз. Бие муутай хүмүүс нүүдэл суудлын ая даахгүй хэцүү. Залуус ойлгох биш.

н Чулуунбаяр IV хорооны оршин суугч:
-Энэ байр хэзээ баригдсаныг нь мэдэхгүй. Миний хувьд уг байранд 30 гаруй жил амьдарч байна. Дотроосоо нуралт явагдаад эхэлчихсэн байгаа. Тиймээс нураах хэрэгтэй гэж боддог. Хурдан байх тусмаа сайн. Барилгын ажил нь шуурхай явагдах юм бол манай байрныхан бүгд зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна. Оршин суугчид удах вий гэж эмээгээд байх шиг санагддаг. Хэн ч хог новшинд дарагдсан хуучин байшинд амьдрахыг хүсэхгүй. Хэрэв нураахаар болбол оршин суугчид хаана амьдрах вэ гэдгээс эхлээд асуудал их. Тиймээс зарим иргэд дургүйцэж магадгүй юм.

Ц.Оюунтунгалаг


URL:

Сэтгэгдэл бичих