Ц.Хулан: Бобби Тейлор хамтран ажиллах санал тавьсан
Жааз дуучин Ц.Хулан гэхээр “Хар санаа ба хайр сэтгэл”, “Надад өгөөгүй хайр”, “Зүүдний үргэлжлэл” зэрэг кино, жүжгийн дуу санаанд орно. Дуу шүүмжлэгчдээр дуулах чадвар, уран бүтээлээ хүнд хүргэх авьяастай хэмээн үнэлүүлдэг түүнийг фэнүүд нь даруухан гэж тодорхойлдог. Нэг хэсэг дуунаасаа хөндийрсөн ч дэлгэцийн бүтээлд хүч сорьсон уран бүтээлч маань одоо цомог гаргахаар шаргуу ажиллаж байгаа аж. Түүнтэй амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргэе.
-Таныг шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа гэсэн. Цомогт Таны ямар уран бүтээл багтсан бэ?
-Хоёр дахь жааз хөгжмийн цомгоо гаргахаар ажиллаж байна. Цомгоо “My world-2” гэж нэрлэсэн. Мөн кино, жүжгийн дуунуудаараа цомог гаргахаар болсон. Ингээд л хоёр цомог гаргах санаатай ажиллаж байна. “Болор” хамтлагийн Оргил ахын студид бичүүлж байгаа. Төгөлдөр хуурч, бас гитарчидтай хамтран уран бүтээлээ хийж байна даа. Харин бөмбөрийг нь компьютерийн аргаар орлуулсан. Ирэх арваннэгдүгээр сарын 1-нд цомгийн баяраа хийхээр төлөвлөсөн.
-Арваннэгдүгээр сарын 1 Таны төрсөн өдөр гэл үү?
-Тийм ээ. Төрсөн өдрөөрөө шинэ цомог гаргавал гоё биз дээ.
-Хүүхдийн ордны дууны дугуйлангаас дуучин болох гараа тань эхэлсэн. Тэр үед охидын хамтлаг байгуулж байснаа дурсвал?
-Багаасаа л “цэцэг цэцэг” гээд дуулдаг хүүхэд байсан гэж гэр бүлийнхэн маань ярьдаг. Тэгээд л Хүүхдийн ордны дугуйланд орж Ганчимэг багштайгаа танилцаж байлаа. Тэр үед хамтлаг байгуулж “Хатан” гэдэг нэр өгсөн. Хамтлагаараа ‘‘Мөнгөн хонх”, “Одод болохын хүслэн” гээд олон тэмцээнд оролцдог байсан шүү. Ерөнхийдөө Ганчимэг багш маань намайг тайзтай танилцуулж сайн зааж чиглүүлж өгсний ачаар зөв явж байгаа гэж боддог.
-Мэргэжил эзэмшихдээ ч дуучин болох замыг сонгосон уу?
-Анх Дүрслэх урлагийн сургуульд орсон. 15 настайдаа оюутан болж байлаа. Манай аавыг хүмүүс Дандар баатрын хөшөөг бүтээсэн гэдгээр нь сайн таньдаг. Гавьяат барималчин Цэгмид гэж хүн бий. Аав маань л намайг дүрслэх урлагт уруу татаж өөрийнхөө мэргэжлийг эзэмшүүлсэн юм. Би ээжээсээ хоёулаа. Манай дүүг ээж эмч болгоно гэдэг болохоор би яах ч аргагүй Дүрслэхийн урлагийн сургуульд орсон. Өөрөө ч дүрслэх урлагийн бүтээл сонирхдог учраас дургүйцээгүй. Тэгээд л Нарангэрэл багшийнхаа шавь болж монументаль чиглэлээр сурсан даа. Гэхдээ сүүлд СУИС-д сурч, Насантогтох багшаар гурван жил хичээл заалгасан. Багш маань оюутнуудаа их дэмждэг. Шавь нараас нь уралдаан тэмцээнд оролцвол заавар зөвлөгөө өгч тусалдаг байсан шүү.
-Одоо зургаа зурж байгаа юу?
-Сүүлийн үед зураг зураагүй. Ер нь зурсан бүтээлүүдээс минь гэр бүлийнхэн, найз нөхдүүд маань авдаг. Манай гэр бүлд надаас өөр олонд танигдаагүй нэг зураач бий. Охиныг минь хүмүүс сайн зурдаг гэдгийг мэддэггүй байх. Одооноос охиныхоо үзэсгэлэнг гаргах талаар төлөвлөж байгаа. Тиймээс ирэх жил аавынхаа баримал, өөрийн уран бүтээл, охиныхоо зургаас бүрдсэн үзэсгэлэн гаргах бодолтой байна. Сайн бүтээл, сонирхолтой үзэсгэлэн гаргахын тулд одооноос судалгаа хийж байгаа.
-Та охиноо урлагийн хүн болгох уу?
-“Чи заавал дуучин, зураач бол” гэж охиноо шаардахгүй. Өөрөө мэргэжлээ сонготол нь авьяастай дуртай чиглэл рүү нь хөтөлнө. Манай охин сайн дуулдаг. Хөгжмийн зохиолч, продюсерууд дуулахыг нь сонсоод мундаг хоолойтой юм байна гэж магтсан. 12 настай гэхэд Хьюстоны дуунуудыг эвлэгхэн дуулчихдаг. Манай охин “Эрэл” сургуульд сурдаг. Сургуулийнхаа урлагийн үзлэг, урлагийн тоглолтод оролцдог авьяаслаг охин бий.
-Та бусад дуучдаас өөрийгөө юугаараа ялгаатай гэж боддог вэ?
-Дуучин болгоны хоолой давтагдашгүй цорын ганц байдаг. Тиймээс миний хоолойн өнгө бусдаас өөр. Мөн сонирхдог хөгжмийн урсгалаараа ч бусдаас өөр.
-Сүүлд “Нэг биеийн хоёр зүрх” кинонд тоглосон. Цаашдаа дэлгэцийн урлагт хүч үзэх бодол байна уу?
-“Sitsa” продакшны уран бүтээлчдийн хийсэн кинонд тоглосон. Тэр кинонд тоглоод дуртай болгон нь жүжигчин болдоггүй юм байна гэдгийг ойлгосон. Миний хувьд кинонд тоглоод их зүйл сурсан. Зураг авахуулж байхад хөгжилтэй зүйл ч их тохиолдсон доо. Мэдээж мэргэжлийн жүжигчин биш болохоор найруулагчаасаа зэмлэл хүртэх үе ч байсан. Нэг зургаа дахин дахин авахуулах амаргүй. Киногоо хийсний дараа үзээд уран бүтээлчдээрээ бахархах сэтгэл төрдөг юм билээ. Олны хүний хүчээр бүтсэн уран бүтээлийг маань үзэгчид үзэж үнэлэлт дүгнэлт өгөхийг харах сайхан санагдсан. Дээрээс нь “Нэг биеийн хоёр зүрх” киногоор “Academy awards” наадмаас шилдэг компьютер графикийн шагнал хүртсэнд сэтгэл өндөр байгаа. Саяхан надад бас олон ангит кинонд тоглох санал ирсэн. Хувийн зохицуулах ажил их байгаа болохоор татгалзчихлаа. Тэгээд ч киноны зураг авалт хөдөө болох юм билээ.
-Хүндэлдэг дуучдаа нэрлэвэл?
-С.Наран, Б.Сарантуяа, Б.Дашдондог ах, эгч нараа хүндэлдэг. Ер нь манай урлагийнхан чинь их мундаг.
-Та магтуулахыг илүүд үздэг үү, шүүмжлүүлэх хэрэгтэй гэж боддог уу?
-Магтуулахад дургүй хүн гэж байхгүй. Гэхдээ би шүүмжлэлийг илүү сонсдог. Магтаалаас илүү шүүмжлэлээс би их зүйл сурч мэддэг юм. Тухайлбал, сүүлийн үед намайг уран бүтээлээсээ хөндийрсөн гэж шүүмжлэх болсон. Тиймээс энэ жил цомог гаргаад ирэх онд тоглолт хийхээр төлөвлөж байна.
-Та өмнө нь гаргасан цомгоо Канад, Японд борлуулсан. “My world-2” цомгоо гадаадын зах зээлд худалдах бодол бий юу?
-Хэрвээ боломж гарвал өөрийгөө таниулж цомгоо борлуулах санаа бий. Ер нь гадаадад цомог борлуулсан ч дотоодын худалдан авалтыг гүйцдэггүй. Харин сонирхсон хүмүүс бөөнөөр нь аваад явдаг гэсэн.
-Гадаадын нэр хүндтэй продюсероос хамтран ажиллах санал авч байв уу?
-Саяхан Бобби Тейлор Монголд ирсэн. Тэр үеэрээ Наран эгч бид хоёрт хамтран ажиллах санал тавьсан юм. Бобби Тейлор Азиас шинэ залуу дуучдыг төрүүлэх бодолтой байгаа гэсэн. Мөн Солонгосын продюсерээс ажлын санал ирсэн. Япон, Хонконг хамтлагтай гар нийлж ажилладаг туршлагатай продюсер надад гурван дуу өгөөд байна.
-Таны хувийн бизнес амжилттай юу?
-Одоо дөнгөж эхэлж байна. Ирэх жилээс салоноо өргөжүүлж шинэ салбар нээнэ. Ер нь залуу насанд хийж бүтээх зүйл их байдаг юм байна.
Б.Сэлэнгэ
URL: