С.Ням-Очир гавьяат тамирчин цол хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчиын зарлигаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотноо зохион байгуулагдсан хүн төрөлхтөний эв нэгдэл, спортын их баяр зуны ХХХ олимпийн наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, жудо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Жудо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Сайнжаргалын Ням-Очирт Монгол Улсын гавъяат тамирчин цол хүртээв.
Шагнал гардуулсныхаа дараа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Юуны өмнө өнөөдөр энэ танхимд Монгол түмний төрт ёсны уламжлалт их шүтээн Есөн хөлт Цагаан тугийн өмнө шагнал гардан авч, гавьяа зүтгэлээ үнэлүүлсэн Та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе.
Шавийн эрдэм багшаас гэдэг. Лондонгийн зуны 30 дугаар Олимпоос медаль хүртсэн Найдангийн Түвшинбаяр, Нямбаярын Төгсцогт, Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ, Соронзонболдын Батцэцэг нарын дасгалжуулагч багш нар өнөөдөр төр ард түмнээрээ гавьяа шагналаа үнэлүүллээ. Та бүхний сайн шавь нар өмнө нь Олимп, дэлхийд өөрийн үзүүлсэн амжилтаа бататгаж, ард түмнээ баярлуулж, улс орныхоо нэр хүндийг Олимпийн тэнгэрт өргөж чадсанд ард түмэн, төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Лондонд олимпийн салхийг хагалж, тус олимпоос анхны хүрэл медалийг авч, Монголын баг тамирчдын уг олимпийн наадмаас хамгийн олон медаль авах буухиаг эхлүүлж, Монгол Улсын гавьяат тамирчин гэсэн эрхэм алдрыг бусад медальтнуудаа отголон өнөөдөр хүртсэн Сайнжаргалын Ням-Очирт дахин гүн талархал илэрхийлье.
Энэ зун Лондонгийн олимпоос медаль хүртсэн манай таван тамирчны амжилт нь өмнө нь олимпод оролцож медаль хүртсэн, мөн олимпийн жин төрлөөр дэлхийн аваргаас медаль авсан манай ахмад, өнөөгийн, ирээдүй үеийн тамирчдад насан туршийн төр ард түмний хүндэтгэл болон 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн сар бүр очих төрийн урамшуулалд шийдвэрлэх нөлөө үзүүлсэнийг энд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
Мөн өнөөдөр Монголын төрийн далбааг олимп дэлхийн тавцанд дахин дахин мандуулахад олон жил уйгагүй хүч хөдөлмөр, авьяас чадвараа зориулж байгаа олимп, биеийн тамирын нийт зүтгэлтнүүд төр ард түмнээрээ гавьяа зүтгэлээ үнэлүүллээ. Энд мөн олимпийн төрөлд тамирчдаа байнга амжилттай оролцуулахад их хувь нэмэр оруулж байгаа спортын холбоод, биеийн тамир спортын байгууллагууд, Монголын Олимпийн хороо, нийт спортын зүтгэлтнүүд болон их спортод элэгтэй нийт хүмүүст гүн талархал илэрхийлье.
Бас тамирчиддаа ялалт амжилтын урам өгч тэднийг байнга дэмжиж байгаа хөгжөөн дэмжигчиддээ болон олимпийн наадмыг газар дээрээс нь мэргэжлийн өндөр түвшинд сурвалжилсан хэвлэл мэдээллийн нийт ажилтнуудад гүн талархал илэрхийлье.
Олимпд амжилт гаргах нь сайн, хамгийн гол нь олимпд оролцогч байж чадах нь аливаа ард түмэн улс орны хувьд хамгийн чухал гэсэн үг байдаг. Монголын ард түмэн тамирчид, төр засгаасаа авахуулаад бүгдээрээ Лондоны олимпийн хамгийн идэвхитэй бас онцгой оролцогч нь байж чадсан нь хамгийн чухал. Дараагийн дэлхийн болон олимпийн тэмцээнүүдийн буухиа удахгүй эхэлнэ. Эдгээрт мөн Монгол Улс идэвхитэй, амжилттай оролцогч, нэр төртэй өрсөлдөгч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Дахин та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье” гэв.
URL: