”Нууц задлагч” гишүүн Г.Уянга
Шинэ Парламентад шинэхэн улстөрчид их байгаа. Тийм ч учраас нэгдсэн Чуулганы үед аливаа зүйлийн учрыг мэдэхгүй гэнэн зан гаргах явдал ихээр гарч байна. Бүлгийн хуралдаан дээр яригдсан асуудал бүлэг дотроо л үлддэг жамтай. Хуралдаан өндөрлөсний дараа бүлгийн дарга мэдээлэл хийнэ гэвэл хийгээд хийхгүй гэвэл нууцаараа үлддэг.
Мэдээлэл хийсэн ч олон нийтэд хүргэж болно гэсэн асуудлаа л мэдээлдэг. Тэгвэл шинэхэн гишүүн Г.Уянга бүлэг дээр яригдсан асуудлуудыг үе, үехэн задалчихаад байх болжээ. Чуулганд үг хэлэх болгондоо шахуу “Та бүлгийн хурал дээр хэлж байсан, … гэж” гэх юм уу “Бүлгийн хурал дээр бид энэ асуудлыг ярьсан, тэгэхэд тэгж ярьцгаасан шүү дээ” хэмээх оршил хэлж үүгээрээ танигдах хэмжээнд хүрчээ.
Яг СЕХ-ны дарга асан Б.Баттулга “Та надаас тэгж асуулаа, за би энэ асуултад хариулья” гэдэг оршлоороо танигдсан шиг. Харин түүний энэ “нууц задруулдаг занд” асуулт асуулгасан гишүүд нь ихэд дургүйцэж, “Бүлгийн хурал дээр яригдсан асуудлыг чуулган дээр дэлгэлээ” хэмээн унтууцах болсон гэнэ. Бас “Бүлэг дээр нууцын зэрэглэлд хамаарах асуудал яригдвал цаад Уянга чинь Чуулган дээр дэлгээд хаячихаж мэднэ шүү” хэмээн шивэр авир гэх болжээ.
Х.Сайхан
”Монголын мэдээ”
URL: