Н.Номтойбаяр гишүүний “но” дэлгэгдэв
2012 оны УИХ-ын сонгуулийн 7-р тойрогт МАН-аас нэр дэвшигч, НХХЯ-ны дэд сайд Н.Номтойбаяр өөрийн тойргийн 335 иргэнд хувьцааны төлбөр нэрээр тус бүр нэг сая, нийт 335 сая төгрөгийг 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр олгожээ.
Мөнгө олгох шийдвэрийг нь “Хувьцааны төлбөр олгох дараалал тогтоох тухай” А/75/146 тоот тушаал нэрээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайд хамтран мөн тэр өдөр буюу 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байна. Тушаалын хавсралт буюу “Иргэдэд хувьцааны төлбөр олгох жагсаалтын товчоо”-г мөн тэр өдөрт нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргаж ХААН, Хадгаламж банкинд мөнгө нь бөөнөөр оржээ. Энэ бол УИХ-ын 2012 оны сонгуулийн суртчилгаа дуусахын өмнөх өдөр, суртчилгааны оргил үе байв.
Хамгийн гол нь хувьцааны төлбөрийг олгож эхлэх талаар олон нийтэд ямар ч мэдээлэл өгөөгүй, харин мөнгө авах иргэдийг Номтойбаярын сонгуулийн суртчилгааны сүлжээгээр дамжуулан бүртгэж, зөвхөн өөрсдөд нь мэдэгдсэн байжээ. Мөнгө авсан иргэд сонгуулийн өмнө ч, хойно ч энэ талаар хэнд ч мэдэгдээгүй нь үүнийг нотолж байна. Энэ үйл ажиллагаанд НХХ-ийн сайд, Сангийн сайд болон Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга, зарим сум, багийн нийгмийн ажилтан зэрэг төрийн албан хаагчид, ХААН, Хадгаламж банкны салбарын захирлууд зэрэг арилжааны банкны ажилтнууд оролцжээ.
Хувьцааны төлбөрийг иргэдийн хүсэлтийг үндэслэн олгох хуулийн заалттай бөгөөд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоолын дагуу 1 сая төгрөгөө эхний ээлжинд бэлнээр авах хүсэлтээ 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өмнө гаргаж, маягтыг бөглөн ХХҮГ-т хүргүүлсэн, харин үлдсэн иргэд 2012 оны 5 дугаар сарын 20-30-нд хүсэлт гаргасан байв. Өөрөөр хэлбэл эхний ээлжинд хүсэлт гаргасан ахмад настан, ХБИргэд үлдэгдэл 340.0 мянгаа аваагүй, тэр ч бүү хэл ХХС-гаас иргэдэд сар бүр бэлнээр олгож байсан 21.0 мянган төгрөгийн үлдэгдэл 23.0 мянган төгрөгийг өгч дуусгаагүй /тус аймгийн зарим сум одоо болтол 23.0 төгрөгөө аваагүй байна/ байхад дараагийн ээлжинд авах хүмүүст буюу тус аймгийн 335, Дархан-Уул, Орхон, Төв зэрэг 4 аймаг, 9 дүүрэгт нийт 1452 иргэнийг сонгон авч, тус бүр 1 сая, нийт 1.5 тэрбум төгрөгийг хувьцааны төлбөр нэрээр бэлнээр нь, нэг өдөрт шийдэн олгожээ.
Тэгэхээр ахмад настан, ХБИ-дийнхээ 1 сая төгрөгийг өчнөөн хэл ам, дүрэм журам болж байж 3 хувааж сонгуулийн өмнө арай гэж өгч дуусгахаар болсон, сүүлийн 340.0 мянгаа өгч чадах нь уу, үгүй юү гэж иргэд бухимдаж байсан, ХХС-ийн санхүүгийн эх сурвалж хүрэлцэхгүй болсон тухай мэдээлэл гарч байсан нөхцөлд дараагийн мөнгийг олгох боломж, үндэслэл байхгүй. Тухайлбал, ахмад настан, ХБИ-дийн мөнгийг маш нарийн заалтаар буюу Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоолын 9.2-т зааснаар “Ахмад настан ХБИргэд өмнө нь бэлэн бусаар хишиг хувь хүртсэн бол /Үүнд: Хөгжлийн бэрхшээлтэй оюутны төлбөр орно, харин ахмад настан, ХБИ нь ЭМДШ төлдөггүй учир энд тооцогдохгүй/1.0 сая төгрөгнөөс суутган тооцож үлдэх хэсгийг 2012 оны 2-р улирлын сар бүрийн сүүлийн хагаст буюу
4 сарын 15-аас 330.0,
5 сарын 15-аас 330.0
6 сарын 15-аас 340.0 төгрөг тус тус олгоно” гэсэн заалтын дагуу олгож байжээ.
-Энэ бүхнээс үзэхэд Засгийн газрын 2012-06-13-ны өдрийн 201 тоот тогтоолын 4.3 буюу “Сангийн яам, НХХЯ нь аж ахуйн нэгжээс төвлөрүүлсэн хувьцааны орлогын дүн, иргэдийн төлбөр хүлээн авах хэлбэрийг харгалзан, хувьцааны төлбөрийг иргэдэд олгох зарчим дарааллыг тухай бүр нь хамтран шийдвэрлэнэ” гэсэн зарчим энд бүрмөсөн алдагдсан байна.
-“Хувьцааны төлбөр олгох дараалал тогтоох тухай” 2012 оны 6 дугаар сарын 25-ны А/75/146 тоот тушаалд: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өөрт ноогдох хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан иргэдийн 1.0 сая төгрөгийн хувьцааны төлбөрийг олгохдоо: 1-рт “Үндэсний статистикийн хорооны болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтран баталсан “Орлогыг орлуулан тооцох арга”-аар амьжиргааны түвшингээ үнэлүүлж өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшний үнэлгээ нь хүн амын хамгийн бага хэрэглээтэй 5 хувийн шугамаас доогуур байгаа өрхүүдээс сонгож, хувьцаагаа засгийн газарт худалдах хүсэлт гаргасан өрхийн тэргүүлэгчид олгоно. Хэрэв тухайн өрхийн тэргүүлэгч хувьцаагаа худалдах хүсэлт гаргаагүй бол хүнсний талон авахаар итгэмжлэгдсэн нэг гишүүнд олгоно, 2-рт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд борлуулсан орлогын бүрдэлтийг харгалзан эхний ээлжинд хүн ам ихээр төвлөрсөн Нийслэл хот, Дархан-Уул, Орхон, орнод, Төв аймагт оршин сууж буй энэ тушаалын 1/а-д заасан өрхийн гишүүний хувьцааны төлбөрийг олгоно гэж заажээ.
-Улс даяар “Орлогыг орлуулан тооцох арга”-аар амьжиргааны түвшинг үнэлэх судалгаа бүх газарт хийгдсэн, хамгийн бага хэрэглээтэй 5 хувийн шугамаас доогуур амьжиргаатай өрх, ялангуяа алслагдсан аймаг, сумдад олон байхад төлбөрийг жигд, хүртээмжтэй хуваарилахын оронд харьцангуй хөгжилтэй, зах зээл, амьжиргааны боломж сайтай эдгээр аймаг, дүүргийг сонгосон байна. Нэгэнт иргэдийг амьжиргааны түвшингээр нь ялган үзэж байгаа юм бол тухайн бүлгийн хүмүүст ахмад настан, ХБИ гэдэг шиг бүгдэд нь олгох учиртай. Гэтэл цөөн аймаг, дүүргээс 2-335 хүнийг сонгож авсан байна. Дорнод аймагт хамгийн бага хэрэглээтэй 5 хувийн шугамаас доогуур амьжиргаатай 1800 өрх байгаа бөгөөд энэ дотроос 335 өрхийг чухам ямар шалгуураар сонгож авсан нь ойлгомжгүй байна. Н.Номтойбаярын суртчилгааны сүлжээгээр дамжуулан мөнгө авах иргэдийн жагсаалтад орж 1 сая төгрөгөө бэлнээр авсан иргэд нь ихэхдээ хөдөлмөрийн чадвартай, хөдөлмөрийн насны, амьдрал боломжтой идэр залуу хүмүүс байна.
-Тушаалын өөр нэг заалт буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд борлуулсан орлогын бүрдэлтийг харгалзан эхний ээлжинд хүн ам ихээр төвлөрсөн Нийслэл хот, Дархан-Уул, Орхон, Дорнод, Төв аймагт оршин сууж буй энэ тушаалын 1/а-д заасан өрхийн гишүүний хувьцааны төлбөрийг олгоно” гэсэн заалт ч зөчигджээ. Дорнод аймаг сүүлийн тооллогоор 72 мянга орчим хүнтэй байсан. Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Сэлэнгэ гээд хүн ам олонтой том аймгууд ороогүйн дээр төвлөрөл ихтэй хотын дүүргүүдэд, тухайлбал, Багахангай дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 74, Сүхбаатар дүүрэгт 47 хүнд олгосон байтал Дорнодод хамгийн олон буюу 335 хүнд, бас Дархан-Уулд 102 хүнд олгосон байх жишээтэй. Тэгэхээр энэ дараалал, зарчим, гэгч нь ердөө халхавч төдий хэрэг, хүн ам хамгийн ихтэй аймгуудыг сонгох заалт нь хэрэгжээгүй байна.
-Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 201 дүгээр тогтоол, мөн тогтоолоор баталсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 2.7-д “Худалдан авах хувьцааны төлбөрөө 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлсөн аж ахуйн нэгжид уг хувьцааг худалдана” хэмээн заасан байна. Гэтэл 6 дугаар сараас эхлэн мөнгө олгож эхэлсэн нь аж ахуйн нэгжүүдийн худалдан авсан нийт хувьцааны тоо тогтоогдоогүй байхад эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй. Худалдан авсан нийт хувьцааны тоо “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувьд хүрээгүй бол нэмж худалдах, хувьцаа худалдах үйл ажиллагааг Засгийн газрын шийдвэрээр дахин нэг удаа сунгах нөхцөл байдал үүсэх бөгөөд орлогын нийт дүн, дээр нь иргэдийн төлбөр хүлээн авах хэлбэр тодорхой болж дуусаагүй байхад ямар үндэслэл, юуг баримтлан төлбөр олгох зарчим, дараалал, нэг хүнд олгох мөнгөний хэмжээг тогтоосон гэдэг нь анхаарал татаж байна.
-Ер нь хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан олон зуун мянган иргэн бий. Эднийг Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоол шиг тусгай журам гаргаагүй нөхцөлд ямар нэг байдлаар ялгаварлаж, дараалал тогтоох ёсгүй. Хэрэв ийм зайлшгүй шаардлага байгаа бол Засгийн газраас маш нарийн журам гаргаж, иргэдэд мэдээлэх, аймаг дүүргийн хөдөлмөр, халамжийн байгууллагууд, сум, багийн зүгээс хариуцах бэлтгэл ажил маш их байх ёстой. Арилжааны банкийг сонгон шалгаруулаагүй, олон нийтэд мэдэгдээгүй нөхцөлд иргэд аль нэг банкинд хүсэлт гаргахгүй бөгөөд иргэд хүсэлтээ гаргаагүй байхад мөнгө олгогдож эхэлсэн гэсэн үг.. Мөнгө авсан нэр бүхий иргэд ямар нэг хүсэлт гаргаагүй байхад банк журам зөрчиж шууд данс нээсэнтэй адил юм. Иргэний дансанд мөнгө шилжүүлэх ажиллагаа ч журмаар хийгдээгүй. Одоо мөнгөө аваагүй байгаа бусад иргэдэд данс нээсэн эсэхийг шалгах ёстой.
-Ахмад настан, ХБИ-ээс бусад иргэн хувьцаагаа худалдах хүсэлтээ гаргаж дуусаагүй байхад мөнгө олгож эхэлсэн. Учир нь энэ үед хувьцаагаа худалдах хүсэлтээ өөрчлөх иргэд 8 дугаар сарын нэгний дотор мэдэгдэж буцааж болно гэсэн зар мэдээллийн хэрэгслээр явж байсан. Засгийн газар иргэдийн хувьцааны төлбөрийг хувьцааг худалдаж борлуулсны дараа олгоно гэж мэдэгдэж байсан. Иргэний мөнгөнөөс суутгагдах ёстой шимтгэл, төлбөр болон иргэдэд төлөх ёстой мөнгөний бичилт хийгдээгүй, энэ тухай мэдээллийг арилжааны банкинд өгөөгүй, үүнийг хийх үүрэгтэй халамжийн байгууллага, мэргэжилтнээр дамжаагүй байна. Хувьцааны мөнгөө авахыг хүссэн иргэдийн гэрээ /хүсэлт/-нд тусгагдсан 2011 оны ЭМДШ-д бэлэн бусаар төлөгдсөн хүн тус бүрийн 8040 төгрөгийг огт суутгалгүй, шууд 1.0 сая төгрөгийг олгосон байна. Эдгээр хүмүүсийн ЭМДШимтгэлд бэлэн бусаар төлөгдсөн 11.6 сая төгрөгийн хохирлыг хэн хэрхэн барагдуулах вэ гэсэн асуулт тавигдаж байна. Ахмад настан, ХБИ-ийн 1.0 сая төгрөгний эхний хэсэг буюу 4 сард олгогдсон 330.0 мянган төгрөг, мөн 5 сард олгогдсон 330.0 төгрөг нь тус тус аймаг, дүүргийн ХХҮХ-ээр дамжин олгогдож, ХХСангийн дэвтэрт тэмдэглэгдсэн байтал дээрх мөнгийг аймаг, дүүргийн ХХҮХ-ийн дансаар дамжуулалгүй арилжааны банкаар олгосон байна. Ингэснээр нийт 1.5 тэрбум төгрөгөөс ЭМДШ суутгагдсангүй, халамж үйлчилгээний байгууллагын ямар ч тэмдэглэгээ, бичилт алга байна. Зөвхөн энэ хэсэгт л гэхэд “Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам”-д заагдсан хишиг, хувь хүртээх үйл ажиллагааг арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх, иргэн бүрийн хувийн дансанд зохих бичилт хийх, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дансанд төлбөр шилжүүлэх, нэрсийн жагсаалтыг халамж үйлчилгээний байгууллагаас арилжааны банкинд хүргүүлэх зэрэг үйл ажиллагааны дараалал, зарчим бүхэлдээ зөрчигдсөн байна.
-Уг мөнгийг олгох асуудлыг иргэдэд огт танилцуулаагүй атал аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн дарга, ХААН, Хадгаламж банкны салбарын захирал зэрэг удирдах ажилтнууд мэдсэн байв. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Сангийн сайд Хаянхярваа хамтарч сонгуулийн сурталчилгаа дуусахаас нэг өдрийн өмнө буюу бэлэн мөнгө тараахыг хуулиар хориглосон, сонгуулийн сурталчилгаа оргил үедээ хүрч төр засгийн бүх байгууллага, бүх хүн сонгуулийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулсан 2012 оны 6 дугаар сарын 25-нд “Хувьцааны төлбөр олгох дараалал тогтоох тухай” тушаал гаргасан, энэ дагуу иргэдэд хувьцааны төлбөр олгох жагсаалтын товчоог мөн 25-ны өдөрт нь багтаан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Баярсайхан мэргэжилтнүүдтэйгээ хамтран гаргасан, тэр өдрөө улсын хэмжээнд 1500 гаруй иргэний мөнгийг ХААН, Хадгаламж банканд бөөнөөр нь, бүх аймаг, дүүргийн иргэний нэр, код, регистрийн дугаарыг холилдуулан тухайн үйл ажиллагааг мэдэхгүй хүн бол учрыг нь олохгүй хэлбэрээр шилжүүлсэн, ингэхдээ Хан-уул дүүргийн 74 хүний 4 нь ХААН, 70 нь Хадгаламж банкинд, Дорнодын 335 хүний 29 нь ХААН, 306 нь Хадгаламж банкинд зэргээр хуваарилагдсан байсан нь хүнд суртал, луйвар, намын угшлаараа хэлхэлдэж холбогдсон дээрх чиглэл салбарын албан тушаалтнууд шат шатандаа, маш шуурхай, зохион байгуулалттай, санаатайгаар үйлдсэн ажиллагаа гэдэг нь харагдаж байна. Мөн ХААН, Хадгаламж зэрэг улс төрөөс ангид байх ёстой арилжааны банкууд эдэнд үйлчилсэн нь анхаарал татаж байна.
-Номтойбаяр албан тушаал, төрийн хөрөнгө мөнгө, мэдээллийг ашиглан, нэр дэвших тойрогтоо иргэдийн саналыг худалдаж авах ажиллагааг эртнээс зохион байгуулж ирсэний нэг жишээ бол хувьцааны төлбөр олгох тухай тушаалд мөнгө олгох нэг зарчим болгож хүнсний талоныг нэр зааж оруулсан явдал юм. Хувьцааны төлбөрөө авахаар өргөдөл гаргасан олон зуун мянган хүнийг ялгаж үзэхдээ зөвхөн амьжиргааны түвшинг, тэр дундаа хүнсний талоныг нэр зааж оруулсан нь Номтойбаярын санаа гэж үзэх үндэслэл бий. Хүнсний талонд хамруулах судалгаа гэгчийг анх Дорнодод олон улсын нэг байгууллага хийсэн бөгөөд ингэхдээ орон нутгийн ямар нэг байгууллагыг оролцуулалгүйгээр хөндлөнгийн байдлаар хийж, өөрсдийнхөө баримталдаг аргачлалаар өрхүүдийг сонгосон. Энд амьдрал сайтай, талон авах шаардлагагүй өрхүүд ч олон орсон байдаг. Энэ нь сард өрхийн гишүүдийн хүнсний хэрэглээнд зориулж мөнгө төсөв өгдөг тэтгэмжийн хэлбэртэй арга хэмжээ бөгөөд зүгээр өгч байгаа юмыг авахсан гэсэн иргэд олон болж аймгийн халамжийн хэлтсээс асууж сураглаж, санал хүсэлт ихээр гаргах болсон ч нэгэнт орон нутгийн оролцоогүй асуудал болохоор бид мэдэхгүй гэдэг тайлбар өгч ирсэн. Харин сонгуулийн өмнөхөн Номтойбаяр тус яамны дэд сайд болсон даруйдаа албан тушаалаа ашиглан өөр аймгуудад хийхээр төлөвлөөд байсан талоны судалгааны нэгийг Дорнод аймагт хийлгэхээр болгож, цэвэр сонгуулийн зорилгоор ашигласан байна. Судалгааны багийг өөрийн МАК компанийн ажилчдаар бүрдүүлжээ. Уг нь судалгааны ажилд тусгай бэлтгэгдсэн, ажилгүй иргэд оролцох ёстой. Хөндлөнгийн ямар нэг эрх ашигт үйлчлэхгүй байх учиртай. Энэ журмын дагуу аймгийн ХХҮХ-ээс зар гаргаж ажилгүй 30 гаруй хүнийг бүртгэн судалгааны ажилд бэлтгэж байжээ. Гэтэл аймгийн ХХҮХ-ийн дарга Н.Энхболд дэд сайддаа долигнож, холбогдох журмуудыг өөрөө ноцтой зөрчиж төрийн ажлын нэрээр суртчилгаа хийх боломжийг олгосон байна. МАК компанийн ажилчид судалгаа нэрээр айл өрхөөр явж, танайх талонд хамрагдах болзол хангасан байна, Номтойбаяр сайд та бүхнийг талонд хамруулж өгнө гэж амлаж явсан бөгөөд тэднийг сарын 500 мянган төгрөгөөр улсын мөнгөөр цалинжуулжээ. Гэтэл энэ талон нь одоо ч өгөгдөөгүй иргэд бухимдаж байна. Энэ нь албан тушаалаа ашиглан халамжийн чанартай амлалт өгч, иргэдийн саналын худалдаж авах бэлтгэлээ эртнээс хангах зорилготой үйлдлийн нэг нь байсныг нотолж байна. Энэхүү амлалт, судалгаагаагаа ашиглан, хүнсний талон гэсэн үзүүлэлтийг оруулсан нь ойлгомжтой.
-Сонгуулийн өмнө олон хүнд бэлэн мөнгө өгснийг мэдсэн иргэд сонгуулийн дараа Дорнод аймгийн ХХҮХ-ийн үүдэнд дугаарласан байна. Хэлтсийн дарга нь НХХЯ-ны нэрийн өмнөөс “Дараагийн ээлжийг орлогын байдлаас шалтгаалан 7-р сард олгоно. Иргэд та бүхэн банкин дээр ирж дугаарлах шаардлагагүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сум, хорооны нийгмийн ажилтнуудаас тухай бүр мэдээлэл авч байхыг хүсье. НХХЯ” гэсэн зарлал гаргаж байрлуулсан байна. Гэтэл хувьцааны мөнгө олгох талаар өмнө нь ямар ч хэвлэл мэдээллээр олон нийтэд мэдэгдээгүй, нийгмийн ажилтнууд нь ч иргэдэд хандаагүй. Сонгуулийн дараа энэ талын мэдээллийг ТВ5 телевизээр хальт гаргаад өнгөрсөн байна. 8-р сар дундаа орж байгаа боловч үлдсэн иргэдэд 7 дугаар сард олгоно гэсэн сая төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 340.0 мянга сураггүй байна. Энэ бүх амлалтыг санал авах зорилгоор аймгийн ХХҮХ-ийн дарга, төрийн албан хаагчидтай хамтран эртнээс бэлтгэж хуйвалдаж хийсэн нь тодорхой харагдаж байна.
-Энэхүү үйлдлийн хуваарилалт нь шударга бус, зорилго нь тодорхой байгаагийн нэг жишээ бол хоол тэжээлийн дэмжлэг авдаг өрхийг сонгосон явдал юм. Ийм өрх ам бүл олонтой, хөдөлмөрийн насны атлаа хөдөлмөр эрхэлдэггүй хүн хамгийн багаар бодоход нэг айлд 3-5 байдаг гэдгийг харгалзсан хэрэг. Дорнодын эдгээр 335 иргэний ар гэрт 2000 гаруй хүн, үүнээс сонгуулийн насны 1200 гаруй хүн, цаана нь төдий тооны хамаатан садан, ойр дотнын хүмүүс байгаа нь нэг тойргийн сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх хэмжээний тоо юм. Учир нь мөнгө авах улсууд энэ талаар мэдсэн байсан нь санал худалдаж авах зорилготой байсныг нотолж байна. Нөгөө талаар нэр дэвшигч Номтойбаяр нь П.Алтангэрэлээс 832 саналаар илүү байгаагаас үзэхэд сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн гэж үзэх бүрэн үндэстэй. Тухайн үед үүнийг зарим иргэнд хувьцааны төлбөр, төрийн мөнгө гэж ойлгуулаагүйгээс Номтойбаяр гэдэг баян хүн хувиасаа сая төгрөг өгч байна гэж ойлгосон бөгөөд бүтэн жилийн турш сар бүр 21.0 мянган төгрөгийн хувь, хишиг авч ирсэн, мөн ахмад настан, ХБИ-ний сая төгрөгөө бөөнд нь авч чадаагүй 3 хуваан авч байгаа, амьдрал хүнд иргэдэд энэ нь асар их мөнгө тул Номтойбаярт саналаа өгсөн, ингэж 7-р тойргийн сонголт зөвхөн мөнгөний төлөө сонголт болж, бусад нэр дэвшигчид хохирчээ.
-Энэхүү 1 сая төгрөгийг иргэдэд амлах, бичиг баримт жагсаалтыг үйлдэх, мэдээлэл дамжуулах зэрэг ажилд Хэрлэн сумын багуудын нийгмийн ажилтнууд, аймгийн ХХҮХ-ийн дарга, зарим мэргэжилтэн зэрэг төрийн албан хаагчдыг оролцуулсан бөгөөд иргэдэд ил тод, тэгш шударга үйлчлэх ёстой эдгээр албан хаагчдын оролцоотой гаргасан мөнгө олгох жагсаалт сонгуулийн дараа аймгийн ХХҮХ-ээс гарч иржээ.
-Нэр дэвшигч Номтойбаярын энэ үйлдэл нь Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн доорхи заалтууд болон Хүний хөгжил сан, түүнтэй холбоотой хууль, тогтоомжуудыг ноцтой зөрчсөн, иргэдийн саналыг бэлэн мөнгө тараах, амлалт өгөх хэлбэрээр худалдаж авч сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлсөн үйлдэл мөн гэж үзэж байна. Үүнд:
“Монгол улсын их хурлын сонгуулийн тухай” хуулийн:
35.15.5. ирээдүйд өөрийн болон бусад хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах:
35.18.2. нам, эвслээс нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах:
35.18.3. төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах:
35.18.10. сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгох:
35.18.16. сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох, түүнчлэн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч болон насанд хүрээгүй иргэнийг татан оролцуулах:
35.18.17. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах, амаар болон өөр хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэх гэсэн заалтуудыг зөрчигдсөн гэж үзэж байна.
Мөн НХХЯ-ны дэд сайд Номтойбаяр нь Сангийн сайд Хаянхярваа, НХХ-ийн сайд Ганди нартай хуйвалдаж, албан тушаалаа ноцтойгоор ашиглаж, өөрсдийн нэр дэвшсэн тойрогт мөнгө тараах боломж бий болгох зорилгоор хамтарсан тушаал гаргасан нь “Хүний хөгжил сангийн тухай” хууль, УИХ-ын 2010 оны 39, 2011 оны 53, 57 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 3, 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 116, 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181, 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 201 дүгээр тогтоол, мөн тогтоолоор баталсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам” зэрэг хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж байна. Жишээлбэл:
Энэ нь “Эрдэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 20123 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 116 дугаар тогтоолын 1.3 буюу “Энэ тогтоолын 1.1, 1.2 дугаар зүйлд заасны дагуу иргэдэд эзэмшүүлэх хувьцаанаас УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоолын дагуу Хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүлмэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцох”, 4 буюу “Энэ тогтоолын 3 дугаар зүйлд заасан аж ахуйн нэгжид худалдсан хувьцааны орлогоос бүрдэх хөрөнгийг иргэдээс худалдан авах хувьцааны төлбөрийг санхүүжүүлэх, эсвэл иргэдийн хүсэлтийг үндэслэн иргэдийн банкны зээл болон орон сууцны төлбөрт нь шилжүүлэх ажлыг зохион байгуулах”, 6 буюу “Хувьцаагаа худалдах иргэдийн хувьцааг багцалж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад худалдах нөхцөл, боломжийн талаар судалж, Засгийн газарт танилцуулах” гэсэн заалтууд, мөн Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үндэсний аж ахуйн нэжүүдэд худалдах, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам”-ын:
4.1 Засгийн газрын 2012 оны 116-р тогтоолын 2 дугаар зүйлд заасны дагуу хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан иргэний өргөдөл болон цахим мэдээллийн санг хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хадгална.
4.2 Төрийн өмчийн хороо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хувьцааг худалдах хүсэлт гаргасан иргэдэд хувьцааны төрбөр олгох санхүүгийн үйлчилгээг гэрээ байгуулсны үндсэн дээр арилжааны банкаар гүйцэтгүүлнэ. Гэрээнд талуудын үүрэг, хариуцлага, иргэний төлөх банкны үйлчилчилгээний шимтгэлийн хэмжээг тодорхой тусгана.
4.3 Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нь аж ахуйн нэгжээс төвлөрүүлсэн хувьцааны орлогын нийт дүн, иргэдийн хувьцааны төлбөр хүлээн авах хэлбэрийг харгалзан хувьцааны төлбөрийг иргэдэд олгох зарчим, дарааллыг тухай бүр нь хамтран шийднэ.
4.4 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь энэ журмын 4.3-т заасан зарчим, дарааллын дагуу арилжааны банкинд шилжүүлвэл зохих мөнгөний хэмжээг ажлын 5 хоногийн дотор Төрийн өмчийн хороонд мэдэгдэнэ.
4.5 Төрийн өмчийн хороо нь энэ журмын 4.4-т заасан мэдээллийг үндэслэн Сангийн сайдын зөвшөөрөл авсны үндсэн дээр энэ журмын 2.5-д заасан данснаас арилжааны банкинд төлбөр шилжүүлэх хүсэлтийг “ҮЦТТТХТ” ХХК-нд хүргүүлж, төлбөрийг хийлгэнэ.
4.6 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь энэ журмын 4.3-т заасан зарчим, дарааллын дагуу хувьцааны төлбөрт тухайн сард иргэдэд төлөх дүн, иргэний нэрсийн жагсаалтыг энэ журмын 4.4-т заасан хугацаанд холбогдох арилжааны банкинд хүргүүлнэ.
4.7 Арилжааны банк нь “ҮЦТТТХ” ХХК-иас шилжүүлсэн мөнгийг энэ журмын 4.6-д заасан нэрсийн жагсаалтад байгаа иргэдийн хувийн дансанд ажлын 2 хоногт багтаан шилжүүлэх буюу иргэдэд олгох ажлыг зохион байгуулна.
4.8 Засгийн газарт хувьцаагаа худалдсаны төлбөрийг арилжааны банкин дахь орон сууцны болон бусад зээлийн төлбөрт шилжүүлэх хүсэлтэй иргэн орон сууцны төлбөр, зээл төлүүлэх тухай хүсэлтээ мөнгө олгож байгаа харъяалах арилжааны банкинд гаргана гэсэн заалтууд бүхэлдээ зөрчигджээ.
Мөн “Хүний хөгжил сангийн тухай” хуулийн:
4.1 Энэ хуулийн 3.2.1, 3.2.2, 3.2.4-т заасны дагуу төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийг ажлын гурван өдөрт багтаан мөн хуулийн 3.3-т заасан сангийн дансанд шилжүүлнэ.
17.3 Иргэнд сангаас хишиг хувь хүртээхдээ хүртээмжтэй, тэгш, шударга, үр ашигтай, олон нийтэд ил тод байх зарчим баримтална.
17.4 Энэ хуулийн 17.1-д заасан хэлбэрийн дагуу хишиг, хувь хүртэх журмыг Засгийн газар батална.
18.1 Засгийн газар энэ хуулийн 3.2, 15.2-т заасныг үндэслэн сангийн төсвийн төслийг боловсруулж, тухайн жилийн улсын төсвийн хамт УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн заалтууд болон “Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам”-ын 2.2 буюу “Хүний хөгжил сангийн тухайн жилийн төсвийн тухай хуулийн дагуу уг сангаас иргэнд хишиг, хувь хүртээхээр батлагдсан хөрөнгийн сар, улирлын санхүүжилтийн хуваарийг нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 3.2 буюу “Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь батлагдсан хуваарийн дүнд багтаан тайлангийн өмнөх үеийн зарцуулалтын гүйцэтгэл, дансны үлдэгдэл, тухайн сар улиралд гарах зарлагын урьдчилсан тооцоололд үндэслэн аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад тухайн сар, улиралд иргэнд хишиг, хувь хүртээх зориулалтаар олгох санхүүжилтийн хуваарилалтыг хийж Сангийн яамны төрийн сангийн газарт ирүүлнэ”, 3.3 буюу “Сангийн яамны төрийн сангийн газар нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг хянан үзээд Монголбанк дахь Хүний хөгжил сангийн данснаас аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээх дансанд шилжүүлнэ”, 3.4 буюу “Аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь иргэний сонголтыг үндэслэн дараахь байдлаар иргэнд хишиг, хувь хүртээх үйл ажиллагааг арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэнэ”, үүнд 3.4.1/ иргэн бэлэн мөнгөөр хишиг, хувь хүртэхээр сонголт хийсэн бол иргэн бүрийн хувийн дансанд зохих бичилт хийж мөнгийг бэлнээр олгоно, 3.4.2/ иргэн бэлэн мөнгөөр хишиг, хувь хүртэхээр сонголт хийсэн бол иргэн бүрийн хувийн дансанд зохих бичилт хийж үйлчилгээ үзүүлэх байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлнэ, 3.4.3/ арилжааны банкнаас энэ журмын 3.4.1, 3.4.2-т заасны дагуу гүйлгээ хийх иргэний нэрсийн жагсаалтыг аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага арилжааны банкинд цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ” гэсэн заалт бүхэлдээ зөрчигдсөн гэж үзэх үндэстэй байна.
Дээрх хууль, тогтоомжуудын эдгээр заалтууд болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах журмын холбогдох заалтууд хэрхэн зөрчигдсөнийг Үндэсний аудитын газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Сангийн яам зэрэг холбогдох газраас хамтран шалгаж үзэх, тогтоох ёстой.
-Энэ бүхнээс үзэхэд хоёр сайдын 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хамтарсан журам нь Засгийн газраас илүү эрх мэдэл гаргасан, улс орны эдийн засгийн чадал боломжоос хэтэрсэн, хэт бүдүүвчилсэн, ямар нэг шалгуур үзүүлэлт, хариуцлага заагдаагүй, сонгуулийн санал худалдаж авахад илт зориулагдсан, журам болсон байна. Харьцуулсан жишээ татахад Засгийн газрын 96 дугаар тогтоолын 9.1.1-д “2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй иргэн” гэж, 9.2-т “Энэ журмын 9.1-д заасан иргэн өмнө нь бэлэн бусаар хишиг хувь хүртсэн бол ийнхүү бэлэн бусаар хүртсэн хишиг, хувийг 1.0 /нэг/ сая төгрөгөөс суутган тооцож, үлдэх хэсгийг 2012 оны 2 дугаар улирлын сар бүрийн сүүлийн хагаст хувааж олгоно” гэх зэргээр маш нарийн заасан байх жишээтэй.
-Энэ бүхэн нь хот, хөдөөгүй хууль зөрчигдөх, төсвийн хяналт алдагдах байдлыг бий болгож байна. Тухайлбал, Дорнод аймагт одоо болтол 23.0 мянгаа аваагүй, 2012 оны 6 дугаар сард тавигдаад дууссан байх ёстой 160 сая төгрөг хаачсан нь мэдэгдэхгүй, хаана, хэн хариуцлага хүлээх нь бүрхэг, энэ талаар одоо болтол Засгийн газраас ямар ч арга хэмжээ аваагүй байна. Уг нь Дорнод аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс гэж бүхэл бүтэн байгууллага энэ ажлыг хариуцаж байдаг бөгөөд төсвийн мэргэжилтэн нь ямар төсөв, төлөвлөгөө хийж, сар бүрийн мөнгийг олгож, хянаж, зарцуулж байдаг юм бэ гэж асуумаар байна. Энэ салбарын ажил үнэндээ дампуурсан байна. Тэгэхээр холбогдох газраас Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт, ХХС-ийн мөнгөний төсөв, хяналттай холбоотой асуудлаар нэн даруй шалгалт оруулах ёстой гэж үзэж байна.
-Иргэдийн хувьцааны төлбөрийг бэлнээр, бүтнээр нь олгож эхэлснийг ноён ерөнхий сайд С.Батболд, Засгийн газрын бусад гишүүд, УИХ-ын гишүүд, аймаг, дүүргийн удирдлагууд мэдсэн эсэхийг асуумаар байна. Мэдсэн бол ядаж УИХ-ын гишүүд тойрог, тойрогтоо хэдэн төгрөг өгүүлчих юмсан гэж барьцмаар . Аливаа төсөв, санхүүжилтийг баталдаг УИХ-ын зүгээс ямар эх үүсвэр, хуримтлалаас, ямар үе шаттайгаар энэ мөнгийг гаргаж, ямар шалгуураар эдгээр аймаг, дүүргийг сонгож өгч байгаа юм бэ гэж шалгаж нягталж асуумаар юм.
-Энэ мэтээр олон талаас нь шүүж үзвэл энэ нь төрийн хуулийг бүлэглэж зөрчсөн ноцтой үйлдэл мөн гэж дахин хэлмээр байна. Одоо шинэ УИХ, Засгийн газар, Сангийн болон НХХЯ энэ асуудлыг яаралтай шалгаж, шаардлагатай бол Номтойбаярын эрхийг түдгэлзүүлэх ёстой.
Г.ДОЛГОРСҮРЭН
Short URL: http://sharmedee.mn/?p=14224
URL: