Гавьяат тамирчин, Т.Үйтүмэн тэргүүтэй боксчид “Монголын боксын холбооны удирдлагууд мафийн үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээллийг олон улсад цацжээ
Лондон 2012 Олимп сүр дуулиантай өндөрлөж, тамирчид амарч, бусад орны Олимпийн хорооныхон дараагийн тэмцээн уралдаандаа бэлтгэж байгаа тухай мэдээллээр бөмөгдөж байна. Харин Монголын олимпийн хороотой холбоотой таагүй мэдээлэл хаа сайгүй цацагдаж, тэдний хэрүүл Авлигатай тэмцэх газар хүртэл сонсогдож эхэллээ. Монголын Олимпийн хороо хэмээх нүсэр том бүтэцтэй, бас чамлахааргүй хөрөнгө мөнгөтэй том байгууллага бий. Энэ байгууллагыг Д.Загджав хэмээх эрхэм толгойлох болсоор удаж байна. Монголын тамирчид Олимп, дэлхийн хэмжээнээс медаль хүртвэл гавьяа шагнал нь тус байгууллагад ирдэг.
Харин ямар нэг шагнал урамшуулалгүй ирвэл шийтгэл нь Олимпийн хорооны удирдлагуудаас байнга холуур өнгөрдөг эзэндээ ээлтэй байгууллага. Тийм ч ноён Загджав олон жил Олимпийн хорооны дарга гэдэг албыг хашиж байгаа нь мэдээж. Өнгөрсөн Бээжингийн Олимпийн дараа Монголын тамирчид гомдол гаргаж, “Олимпийн хорооны дарга нар, албан тушаалтнууд төрийн мөнгөөр эхнэр хүүхдээ дагуулан тансаглаж, Олимп үзсэн, тамирчдаа харж хандаагүй” гэсэн гомдол гарч байлаа. Тэгвэл энэ жил ч бас ийм гомдол гараад байна. Манай олимпийн хороо Олон улсын олимпийн хороо болон Азийн олимпийн хорооноос хэдий хэмжээний хандив, тусламж, мөнгө авсан. Олимпод оролцох тамирчдынэ тоогоор Монголын Олимпийн хороонд мөнгө өгсөн. Мөн дотоодын хандивлагчид ч их хэмжээний мөнгө төгрөг олгосон. Зөвхөн Мон-Ураны Наранхүү гэхэд л Монголын Олимпийн хороонд 400 сая төгрөг гардуулсан. Энэ мөнгийг хэрхэн зарцуулсан гэдэг нь тодорхой бус байгаа аж. Тиймээс МУГТ, боксчин Н.Баярсайхан тэргүүтэй тамирчид Монголын Олимпийн хорооны удирдлагуудыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргаад байна. Хамгийн гол нь Олимпийн хорооныхон тамирчид дасгалжуулагчдаа Олимпод авч явахаасаа илүүлтэйгээр эхнэр хүүхэд, дарга цэргээ л авч явж, тамирчдын хөлс хүчээр олдсон дур зоргоороо тансагладаг гэсэн мэдээлэл олны анхаарлыг татаж байгаа юм.
Олимпийн эрх авсан баг тамирчдыг спортын холбоо нь бэлддэг. Биеийн тамир спортын газар бол Засгийн газраас өгсөн хөрөнгө мөнгийг захиран зарцуулахад нь дэмжлэг туслалцаа үзүүлж, байр савны асуудлыг нь шийддэг. Харин Олимпийн хороо бусад спортын холбоодод ямар нэг дэмжлэг үзүүлдэггүй.
Тэдний нэрээр мөнгө авч хөлждөг гэсэн хардлага ор үндэслэлгүй зүйл биш бололтой. Саяхан болж өнгөрсөн Лондонгийн Олимпод гэхэд л Олимпийн хорооны удирдлагууд эхнэр хүүхдээ дагуулан Олимп үзжээ. Тэгсэн хэрнээ дасгалжуулагч, Олимпийн медальтангууд, Спортын хорооныхонд Олимп үзэх эрх олгосонгүй. Боксын олон улсын шүүгч С.Баясгалан, чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Л.Чинбат, дэд ерөнхийлөгч Б.Болд, Гавьяат тамирчин Боксын холбооны 0рөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхан нарт дотогш нэвтрэх эрх ч олгоогүй аж.
Тамирчдаа илгээсэн дасгалжуулагчид тэмцээний заал руу нэьтэрч чадахгүй баривчлагдаж, саатуулагдаж, байхад Олимпийн хорооныхон “ Олон улсын олимпийн хороо, Зохион байгуулагчтай хийсэн гэрээнд заасан тооноос хэтэрчих гээд байна” гэдэг хөгийн шалтгаанаар тэдэнд нэвтрэх эрх олгоогүй байх юм. Үүнээс гадна Олимпийн хорооны дарга нарын асуудал тамирчдын дунд ч хагарал үүсгээд байна. Энэ хэрүүл Монголын боксчдын дунд өрнөж, хоёр хэсэг хуваагдаад байна. Ц.Нандигжав, Т.Үйтүмэн, Д.Цогбаатар тэргүүтэй боксчид “Монголын олимпийн боксын холбооны удирдлагууд нь мафи, хууль бус ажиллагаанд оролцдог” гэсэн мэдээллийг AIBA буюу Олон Улсын Боксын холбоо руу илгээжээ. Энэ мэдээллийг Олон Улсын Боксын холбооныхон их л ноцтой хүлээж авч, сануулга өгөөд байгаа аж.
URL: