Хөрөнгөтнүүдээс татвар авах цаг болчихсон юм биш үү
Монгол Улсад баян хоосны ялгаа хэт ихэсч, дундаж давхаргынхан гэж байхаа болиод удаж байна. Нэг хэсэг нь хэт баян, нөгөө хэсэг нь хэт ядуу. Дунд нь байгаа иргэдийнх нь ихэнх нь ядуу. Цөөн хэдэн хувь нь дундаж амьдралтайд тооцогдож байгаа байх.
Өнөөдрийг болтол ямар ч байгууллага энэ байдлыг хувилж, тоон үзүүлэлтээр гаргаагүй байгаа. Тэр утгаараа баялгийн тэгш бус хуваарилалт газар авч, ядууст өмчлөх газар, хямд орон сууц олдохоо болиод удаж байна. Нийслэлийн хэмжээнд өмчлөх газаргүй болчихсон гэж байгаа юм.
Үнэндээ ихэнх газар нь шалтгаантай болохоор иргэдэд өмчлүүлдэггүй юм билээ. Харин өмчлөх жижигхэн газрыг нь аль хэдийнэ зарж үрээд, элдэв орон сууц барьчихсан. Эсвэл эрх мэдэлтнүүд худалдаж аваад, зуслангийн хаус барьж, том хашаагаар хашчихдаг. Ингээд жирийн иргэд өмчлөх ёстой газраа авч чадахгүй, үл хөдлөх хөрөнгөгүй үлдэж байгаа юм.
Орон сууц худалдаж авъя гэсэн ч өнөөгийн нөхцөлд ядуусын хувьд зүгээр л мөрөөдөл. Сард 1.5 сая төгрөгийн орлоготой залуу гэр бүл орон сууц авахыг зүгээр л мөрөөдөөд сууж байна. Гэтэл баячууд нь аль хэдийнэ 50 байртай болчихоод, түрээслээд байж байдаг. Магадгүй 50 гэдэг бага ч тоо байж мэднэ. Байр түрээслэх гэдэг тэр чигээрээ бизнес болчихсон. Орон сууцны компаниуд хүртэл 48 айлын сууц барьчихаад, 30 орчмыг зараад, үлдсэнийг түрээсэлж байна гэнэ, цаана чинь. Харин зарагдаж байгаа 30 байрыг нь бас л түрээсийн бизнес эрхэлдэг баячууд худалдан авч байгаа юм.
Ингээд л гэр хорооллын иргэдийн байранд орох хүсэл талаар болж, орон сууцны компаниуд орлогоо олчихож байна. Арай дэндсэн хэрэг биш үү. Тиймээс үл хөдлөх хөрөнгөтөнүүдээс өндөр татвар авах тухай хуулийг нэн даруй гаргамаар байна.
Монгол Улсын иргэнд өмчлөх ёстой газраас хамгийн ихдээ гурав дахин давж болно. Түүнээс илүү байвал ам метр тутамд өндөр төлбөр ногдуулж, татвар авах хэрэгтэй. Нэг иргэн нийслэлд хамгийн ихдээ гурван байртай байж болно. Түүнээс илүү гарвал байр авсандаа харамсах хэмжээний татварыг сар бүр авдаг байя л даа. Тэгвэл нийслэлд олдохгүй байгаа газар суларч, тэнгэрт тулж хөөсрөөд байгаа байрны үнэ буурах юм биш үү.
Үл хөдлөх хөрөнгө гэдэг газар, байраар хязгаарлагдахгүй. Гэхдээ эхний ээлжинд ийм хоёр үл хөдлөх хөрөнгөнд өндөр татвар ногдуулж, газрын наймаа, орон сууцны түрээсийн бизнесийг бага ч болов “хазаарлах” шаардлагатай байна. Өнөөдөр барилгын компаниуд газраа өндөр үнэтэй худалдаж авдаг болохоор орон сууцны дагаж өсч байгаа гэж тайлбарлаад байгаа. Нэг талаараа тийм байж болох.
Гэхдээ өндөр үнэтэй ч гэсэн баячууд худалдаж аваад байгаа болохоор жил бүр нэмэгдээд байгаа нь ч бас үнэн. Тийм болохоор баячуудыг хяхан хавчих бодлого баримталж, тэнгэрт байгаа “зүйл”-үүдийг буулгаж ирэх нь зүй ёсны хэрэг буй за. Баялгийн тэгш хуваарилалтыг дэлхий нийтээр хүсч, тэмцэж байгаа өнөө цагт монголчууд бид ч юунаас дутах билээ.
Н.Пунцаг
URL: