Сургалтын төлбөрөө нэмсэн захирлыг албан тушаалаас нь огцруулна

Хичээлийн шинэ жил ойртож байгаа энэ үед цэцэрлэг болон их, дээд сургуулиудын төлбөрийн асуудал хариулт нэхдэг. Энэ жил гэхэд л их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 20-60 хувиар нэмнэ гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад эхэлчихсэн. Энэ асуудал бодит эсэхийг БШУЯ-ны сайд Л.Гантөмөрөөс лавлалаа.

-Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг 20-60 хувиар нэмнэ гэх юм. Энэ үнэн үү?
-Энэ хичээлийн жилд их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг аль болох нэмэхгүй байхаар бид ажиллаж байгаа. Нэмсэн ч 10 хувиас илүү нэмэгдэхгүй. Мэдээж их, дээд сургуулиуд хөрөнгө оруулалтын чиглэлээр дээр нь урсгал зардалтай холбоотой санхүүгийн эх үүсвэр шаардагдаж байгаа нь зайлшгүй. Тиймээс энэ төрлийн эх үүсвэртэй холбоотой асуудлыг ирэх ням гаригт бид бүхэн уулзаж ярилцана. Үнэхээр шаардлагатай зардал байвал Засгийн газарт танилцуулна.

-Хувийн сургуулиудын сургалтын төлбөрийг яамнаас хянадаг уу?
-Төрийн өмчит их, дээд сургуулиудын хувьд бид хяналт тавих боломжтой. Бид төрийн өмчит байгууллагатай төлбөр өсгөхгүй байх тухайд тодорхой хэлцлүүд хийнэ. Дахин хэлье. Арван хувиас дээшээ сургалтын төлбөр нэмэх асуудал байхгүй.

-Үүнээс илүү нэмсэн тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?
-Яг тодорхой хариуцлагын заалтуудыг хэлэхэд эрт байна. Гэхдээ энэ заалт төрийн өмчит сургуулиудад хамаарна. Жишээлбэл, 10 хувиас илүү нэмсэн тохиолдолд сургуулиудын удирдах зөвлөл болон захирлыг нь огцруулах боломжтой.

-Оюутны 70 мянган төгрөгийг өнгөрсөн жил зарим хувийн их, дээд сургуулиуд 2-3 сараар өгөхгүй байсан асуудал яригдсан. Энэ байдлыг гаргуулахгүйн тулд салбарын яам хэрхэн хяналт тавих вэ?

-Энэ төрлийн асуудал зарим их дээд сургуулиудад гарсан. Энэ жилийн хувьд ийм алдаа завхарлыг дахин гаргахгүйгээр ажиллана гэж бодож байна.

Д.Одончимэг

”Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих