Тарваган тахал өвчинд бүх мэрэгч амьтад өртдөг
Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнийг судалдаг “Зоонозын өвчин судлалын үндэсний төв”-ийн захирал Д.Отгонбаатараас тарваган тахал, боом өвчний халдварын талаар дараах асуултад хариулт авлаа.
-Малын гаралтай өвчний сүүлийн үеийн тандалт ямар байна вэ?
-Манай улсын нутаг дэвсгэрийн 28 хувийг байгалийн халдварт өвчний голомт эзэлж байна. Сүүлийн үед малын гаралтай хачигны гурван төрөлт өвчин гарах магадлалтай байгаа. Ийм учраас бүх аймаг, орон нутагт зоонозын өвчин судлалын төвийг байгуулахаар ажиллаж байна.
-Саяхан Увс аймагт боом өвчний тохиолдол илэрсэн гэсэн. Лабораторийн шинжилгээний хариу гарсан уу ?
-Боомын сэжигтэй тохиол дол болгоныг боом өвчин гэж хэлж болохгүй. Одоогоор лабораторийн нарийн шинжилгээг хийж байгаа. Хариу нь гараагүй байна.
-Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг хийж дууссан уу?
-Хөдөө орон нутагт байгалийн голомтод ойр айл өрхийн мал, малчдад 42 мянган тун вакцин хийсэн. Энэ ажил удахгүй дуусах гэж байна. Харин ард иргэдийн сонор сэрэмж ихээхэн хэрэгтэй байна. Хаврын улиралд халдвар авах эрсдэл өндөр 147 сум, 17 аймагт одоо хүртэл голомтын халдвар идэвхтэй байгаа.
-Хуучин голомтод малын гаралтай өвчний эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ?
-Одоохондоо өөр тохиолдол, өвчлөл илрээгүй байгаа ч сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Ард иргэдийн хувьд өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мал амьтантай болгоомжтой харьцах хэрэгтэй. Нэн тэргүүн аймаг, сумынхаа малын эмчид яаралтай хандах шаардлагатай.
-Малаас хүнд халдварладаг өвчний дэгдэлт хэдэн сард эхэлдэг вэ?
-Мал амьтнаас хүнд халдварлах аюултай өвчний хамгийн их идэвхждэг үе бол найм, есдүгээр сар байдаг. Манай улсад мал амьтнаас халдварлах өвчин төв, хангайн бүсэд их байна. Үүнд малын хамгийн түгээмэл өвчлөл нь тарваган тахал, боом, хачгаар халдварлах өвчин, бруцеллёз зэрэг орно.
-Тарвага агнахтай холбоотой шийдвэрийг Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас өөрчилсөн үү?
-Өнгөрсөн дөрвөн жилийн турш тарвага агнахыг хориглосон БОАЖЯ-ны сайдын тушаал байсан. Харин энэ жил дахин хоёр жилийн турш тарвага агнахыг хориглосон шийдвэр гарсан юм. Ер нь сүүлийн зургаан жил тарваган тахал өвчин гараагүй ч бусад малын гаралтай өвчлөлийн тохиолдол илэрч байна. Манайхан тарваган тахал гэхээр л ганц тарвага өвчилдөг гэж ойлгодог. Гэвч олон улсад сүүлийн үед тэмээнд хүртэл тарваган тахал өвчин илэрч байгаа. Энэ өвчин бүх мэрэгч амьтанд халдварлах аюултай.
-Иргэд сайн дураараа очоод байгалийн голомтот өвч ний вакцин хийлгэж болох уу?
-Тарваган тахал өвчний эсрэг вакциныг хийхэд нэг дор 182 хүнийг байлган, тариа хийдэг ёстой. Харин хүн бүрт хүссэн үед хийх боломжгүй. Учир нь манайд тийм хангалттай вакцин байхгүй, хомс долтой байгаа. Гэхдээ хуучин голомтод өвчлөл гарсан тохиол долд нөөц вакцин гаргах боломжтой. Тийм болохоор малчид, жуулчид аль болох голомтод байгаа тарваганаас хол байх шаардлагатай.
Ч.Буянжаргал
unen.mn
URL: